Тархины бүтээлээс талхны уут хүртлэх оюуны өмчийн хулгайг цэгцлэх үү

download“Номын хулгайг хулгай гэдэггүй” гэх яриа бий. Түүнтэй адил хулгай гэж тооцогддоггүй шахам гэмт хэрэг бол оюуны өмчийн хулгай байсаар удаж байгаа. “Тэр дуучны дууг энэ дуучин аваад дуулчихаж, тэр зохиолчийн бүтээлийг энэ сайт зөвшөөрөлгүй тавьчихаж. Энэ компанийн бүтээгдэхүүний загвартай яг адилханыг нөгөө компани гаргачихаж. Тэр хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэсэн контентыг нөгөөх нь зөвшөөрөлгүй түгээчихэж”. Ийм яриа байдаг л нэг, байх ч ёстой мэт ойлголт байсаар байна. Манай оронд оюуны өмчийг хамгаалах байгууллага байдаг ч оюуны өмчийг хулгайлсан хэргээр хариуцлага хүлээсэн байгууллага, хувь хүн хуруу дарам цөөн юм. Тэгвэл хөгжилтэй орнуудад оюуны бүтээл хамгийн том хамгаалалтад байдаг. Оюуны өмчийн хулгайч өндөр ял авдаг. Оюуны өмчийн хулгай хийсэн компани салбартай хөл гишгэх газаргүй болдог.

Оюуны өмч бол тархины бүтээл. Тархиа гашилган бодож тунгааж, уншиж судлаж байж бүтээл гаргадаг. Ингэж тархиа ажиллуулж бүтээсэн бүтээлийнхээ үр шимийг хүртэх нь шударга ёс. Гэтэл өөр нэг этгээд бусдын тархины бүтээлийг дур зоргоороо өөрийн болгож, түүнээсээ ашиг хүртэж байгаа нь оюуны өмчийн хулгайн гэмт хэрэг.

Бид энэ удаад талхны уутны загвар дуурайлгасан байх тохиолдлыг сурвалжиллаа.

Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг хүнс бол “АТАР” талх. “Атар” талхыг мэддэггүй хүн байдаггүй. Тэгвэл ард түмний “Атар” талхыг үйлдвэрлэдэг “Талх чихэр”, “Атар Өргөө” нар өнөөх талхны уутнаас үүдэлтэй оюуны өмчийн маргаантай юм байна.

Судлаад үзэхэд “Талх чихэр” ХК нь “АТАР” хэмээх оноосон нэрийг 2008 онд барааны тэмдгээр эрхийн хамгаалалт хийлгэж Оюуны Өмчийн Газраас Монгол Улсын Барааны тэмдгийн 8031 тоот гэрчилгээгээр баталгаажуулжээ. Мөн АТАР талхны уутны өнгө дизайны шийдлийг Бүтээгдэхүүний загвараар бүртгүүлж 2322 тоот Патентийг 2013 онд тус тус авч Оюуны Өмч ашиглах онцгой эрхээ хуулийн дагуу баталгаажуулсан байна.

Гэвч АТАР Барааны тэмдгийг Атар Өргөө ХК өөрийн нэрийн бүтээгдэхүүний сав баглаанд хуулбарлан төсөөтэй байдлаар үйлдэж Атар талхыг хэрэглэгчдэд нийлүүлдэг юм байна. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Ийм төөрөгдөл үүсэх нь шударга бус өрсөлдөөн үүсгэж байгаа хэрэг аж. Өөрөөр хэлбэл, “Талх Чихэр ХК-ийн бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн болон АТАР нэршлийг “Атар Өргөө” ХК-ийн Атар талхны уутанд дуурайлган байрлуулсан нь хэрэглэгчдийг тухайн үед үл анзаарах байдлаар төөрөгдүүлж шударга бусаар өрсөлдөж байна. “Талх чихэр” компани Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа үндэслэлийг дараах байдлаар илэрхийлж Оюуны өмчийн газарт мэдүүлжээ. Тус мэдээлэлд:

Борлуулагдаж байгаа Атар талхнуудын уутан дээрх өнгө дүрс, Барааны тэмдгийг харьцуулж зэрэгцүүлэн үзүүлбэл:

  1. Атар талхнуудын уутны амсрын эмжээр нь: – тууш ногоон туузтай
  2. Уутны нүүр хэсэгт : – тариан түрүүний зурагтай
  3. Уутны ёроол, түүнээс дээш хэсэг нь: – адил хар ногоон өнгөтэй
  4. АТАР нэр нь : – Талх Чихэр ХК – 8031 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээтэй
  5. АТАР нэрийн байрлал: -Ижил түвшинд байрлалтай

АТАР ӨРГӨӨ ХК-ний Атар талхны өмнөх уутны загвар

Атар өргөө ХК-ий уг хууль бус үйлдэл нь Патентийн тухай хуулийн 17.1.; 17.2. дугаар зүйлүүд, Барааны тэмдэг, Газарзүйн заалтын тухай хуулийн 13.1.1. заалтуудыг зөрчиж байна. Дээрх зөрчил нь Оюуны Өмчийн хоёр ч хуулийн хэд хэдэн заалтад хамаарч байгааг анхааруулсан ч одоог хүртэл уг асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд хэрэглэгчдийн дунд худалдаа явуулсаар байгаа аж.

Мөн Оюуны өмчийн газрын 2015 оны 003/008 албан тоот 2015,12,22-ны өдрийн 191 тоотоор ирүүлсэн тайлбартай танилцаж дараах дүгнэлтийг гаргасан байна.

  1. АТАР ӨРГӨӨ ХК ирүүлсэн хариуныхаа эхний хэсэгтээ өөрсдийн үйлдвэрлэж байгаа Атар талхны савны суурь өнгө нь / ногоон / ижил байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна
  2. Уутны нүүр талд Атар нэрийг хэрэглэсэн нь барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13,1,1 дүгээр зүйлийг зөрчсөн. Тус компани энэ зөрчилтэй үйлдлээ ирүүлсэн тайлбарынхаа 2 дугаар хэсэгтээ мөн хүлээн зөвшөөрсөн.
  3. АТАР ӨРГӨӨ ХК нь ТАЛХ ЧИХЭР ХК-ийн 8031 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээтэй АТАР нэрийг ашигласанаа мөн тайлбарын 3 дугаарт мөн л хүлээн зөвшөөрсөн байна.

Дээр дурьдсан тайлбарыг Оюуны Өмчийн Эрхийн зөрчлийг зогсоолгох тухай Монголын зохион Бүтээгчдийн Холбоо 2015,11,30-ны өдрийн 81 тоот болог АТАР ӨРГӨӨ ХК-ийн 2015,12,22-ны 1991 тоотуудыг үндэслэн гаргасан байна.

2016 оны 8 дугаар дээрх дүгнэлтийг үндэслэн хуулийн холбогдох заалтуудаар АТАР ӨРГӨӨ ХК-д яаралтай барааны тэмдэгт болон адил төсөөтэй шинжүүдийг шийдвэрлэхийг шаардсан боловч одоог хүртэл хууль дүрмийг хэрэгжүүлэлгүй хэрэглэгч харилцагчдын дунд эргэлзээтэй байдал үүсгэсээр байна. Мөн Оюуны өмчийн газар буюу одоогоор Улсын бүртгэл оюуны өмчийн газар нь уг зөрчлийг арилгуулах тал дээр анхаарч ажиллахгүй байгаа нь асуудал дагуулж байгааг анхаарах биз ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 2017-01-20 дугаар


URL:

Сэтгэгдэл бичих