Үйлдвэрлэлийг дэмжвэл чинээлэг дундчууд олширно

Ес эхэлсэн энэ өдрүүдэд ноолуур, нэхий шиг дулаан хувцас үгүй.  Ирэх оны загварыг тодорхойлсон “Гоёл” наадамд “Алтай кашемир”-ын ноолуур, Дарханы нэхий технологийн шинэчлэлийг харуулж, “Монголд үйлдвэрлэв” шошго үнэд орох ирээдүйг мэдрүүлэв. Өнөөхөндөө бидний зиндаа харгалзахгүй гангардаг ганц хувцас ноолуур буй. Ноолуур лугаа адил дэлхийд танигдаж, брэнд нэр зүүх зүйлс байна уу гэвэл байна. Арьс ширэн эдлэл үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дунд “LV”-гээс дутахгүй эдэлгээ, загвартай цүнх байж л байдаг. Та гутал авахдаа анзаарвал өрнө, дорнын бараан дунд монгол үйлдвэрлэгчийн гутал байж л байдаг. Хийц, загвар гээд гадныхаас дутах юмгүй. Монголчууд хийж чаддаг болжээ. Хүнс үйлдвэрлэгчид ч дэвшилттэй байгаа. “Сүү” компанийн йогурт лав импортын ижил нэрийн бүтээгдэхүүнийг гүйлгээнээс шахаж эхэлсэн байна лээ. Хэрэглэгчид ч импортын титра пак савлагаатай сүү, шүүсээс үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг илүүд үзэх болж. Нэгэнтээ бидний хаях нь халаг тоож иддэггүй асан дайвар бүтээгдэхүүнээр ямар амттай хүнс хийж байна вэ. Монгол чацаргана, монгол төмс, монгол зөгийн бал, монгол мах, монгол гурил… Жинхэнэ органик хүнс. Монголчууд үйлдвэрлэж чаддаг болжээ.
Шаамарын зөгийчид хоршиж, Ховдын ногоочид нийлж урд, хойд хөрш рүү экспорт хөгжүүлж чадна. Ургамлын цай үйлдвэрлэгч, чацаргана тариалагч хамтран шинэ бүтээгдэхүүн хийж болно. Бизнес нь тэлбэл нэгэн өрхөөс эхлээд нэжгээд ам бүлийн амьдрал дээшилнэ. Чинээлэг дундчууд олширно. Монгол хүний амны бэлгээр ийн ерөөх цаг иржээ.
Улирч буй он “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” хэмээх тодотголтой өндөрлөж байна. Бичиг цаасны хүнд суртал 35 хувиар буурсан гэх сайн мэдээ ололт. Ололтыг үргэлжлүүлэхийг ч Засгийн газар, МҮХАҮТ-аас амлаж, үүрэг даалгавар өгөв. Хөлөө олсон том бизнес явдгаараа явна. Эдийн засаг өсөхийн хэрээр үндэсний том компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж, гадаадзахзээлийг хэр хэрээрээ хөгжүүлж байна. Тэд хаалтгүй. Харин масст хамаатай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого завсар зуур орхигдож болзошгүй буй нь санах сэдэв юм.
УИХ, Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтай тоног төхөөрөмж, сэлбэгхэрэгслийг 2009-2012 он дуустал гурван жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Үүний зэрэгцээ “Монгол Улсыг үйлдвэржүүлэх”, “Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Бодлогын төвшинд ажил явагдаж л байна. Бодит үр дүн хүлээстэй.
Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгардаг гол бэрхшээл нь зээл. Зээл хүссэн арван хүн тутмын нэг нь л зээлэнд хамрагдаж чаддаг аж. Өнгөрөгч хоёр онд банкууд, ББСБ, төсөл хөтөлбөрүүд 46.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 2009-2010 онд 11970 иргэн, аж ахуйн нэгж 913.8 тэрбум төгрөгийн зээлийг 6.6 хувийн хөнгөлөлтэйгөөр авч. Үүний дүнд 469 үйлдвэр шинээр байгуулагдаж, 950 аж ахуйн нэгж техник, тоног төхөөрөмжөө шинэчилж, 6379 ажлын байр нэмэгдсэн байна. 2009-2010 онд олгосон зээлийн дүнг харьцуулбал худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбарт өсч, ахуйн үйлчилгээ, барилгын салбарт буурсан ажээ. Харин зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа нь банкуудын үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Банкуудын хүнд суртал жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гол асуудал. Зоргоороо аашлах дуртай зарим банк орон нутагт хөнгөлөлттэй зээл олгох ажиллагааг гэнэт зогсоох, батлан даалт, барьцааны төрлийг зөвшөөрөхгүй чирэгдэл үүсгэх явдал хэвийн үзэгдэл. Түүн дээр зээлийн өндөр хүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөлийг тушдаг. Энэ мэт дарамт, дараанаас болж өрхийн бизнес хөгжихгүй, амьжиргаа сайжрахгүй байна. Үйлдвэрлэгчид бол нийгмийн бүтээгч хүчин. Татвар төлөгчдийн цөм. Тэд төрөөс халамж нэхээгүй, бор зүрхээрээ хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүмүүс. Ардаа олон арван ажлын байр гаргадаг ажил олгогчид. Мөнгөний урсгалыг гадагшаа бус дотооддоо шингэөж буй эх оронч иргэд. Төр үйлдвэржилтийг бодлогоороо дэмжээд өгвөл чинээлэг дунд давхаргынхан нэмэгдэх сайхан амьдрал төсөөлөгдөнө. Засгийн газрын тэргүүн ч чинээлэг дундчуудыг “бойжуулах” бодлого барьж ажиллахаа хэлсэн. Харин ирэх оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн санхүүжилт хангалттай тусгагдсангүй. Тэгэхээр эх орны хишгээ өрхийн амьжиргаанд наалдацтай хэлбэрээр олгох нэг арга байна. Сар бүр арав, хорин төгрөг өгч байхаар ах дүүсээрээ нийлээд нэг юм хийчих эх орны хишиг өгвөл болж л байна шүү дээ. Ногоо тарих нь тариад, хувцас оёх нь оёод… монголчууд үйлдвэрлэгч байж чадна. Сайхан амьдарч болно.

Л.Эрдэнэмаа

Мэдээллийн эх сурвалж “Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих