Модигийн гайхамшгийн эрэлд
Энэтхэгийн Ерөнхий сайд Гужарат мужид гаргасан амжилтаа нийт улсын хэмжээнд давтахыг эрмэлзэж байна. Тус мужийн төв Гандинагар хот руу тавьсан өргөн, толигор замын хоёр талыг таван метр шахам өндөр Нарендра Модигийн хөрөгтэй самбаруудаар чимжээ. Тэрбээр Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд ялснаас хойш гурван жилийн дараа энд ирж, 2003 онд өөрийн санаачилсан хөрөнгө оруулагчдын бага хуралд үг хэлэв. Түүний дэлхийд нэрээ гаргасан замнал мөн л энэ мужаас эхлэлтэй.
Энэ жил бага хуралд Моди ирсэн нь 12 жилийн турш тус мужийг удирдаж, Гужаратын гайхамшиг гэж нэрлэгдсэн бүтээн байгуулалтыг удирдсан ялалт амжилтыг нь тодруулах ёстой байв. Гэвч эдийн засгийн шинэчлэл олонх хөрөнгө оруулагчийн тооцсоноос удаан үргэлжилж, Моди анх амлаж байснаа гүйцэтгэж чадах уу гэсэн асуулт, хүлээлт үүсгэжээ. Энд ирсэн гадаадын нэг төлөөлөгч “Бид одоо маш хянамгай ажиглаж байгаа. Бид Энэтхэгт итгэсэн хэвээр. Гэвч одоохондоо эерэг хүлээлт гэхээс илүү өөдрөг санаа л байна” хэмээв.
Ноён Моди Гужаратад хүрсэн амжилтдаа түшиглэн сонгуульд ялсан билээ. Тэрбээр зам харгуй, ус, цахилгааны хангамжийг сайжруулсны дээр мужийн эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээсэн. Махатма Мандир хэмээх бага хурлын ордон руу хөтлөх, долоон жилийн өмнө тавьсан гурван эгнээтэй зам бол Модигийн амжилтын нэг бэлгэдэл юм. Гэтэл үндэсний хэмжээнд бараа, үйлчилгээний нэг татварын систем байгуулах гэх мэт шинэчлэл гацсан хэвээр байна. Үүгээр зогсохгүй хоёр сарын өмнө ноён Моди мөнгөн тэмдэгтийн 86 хувийг гүйлгээнээс хасах гэнэтийн шийдвэр гаргасан нь олныг цочирдуулсан. Үүний үр дагавар нь арванхоёрдугаар сард машины борлуулалт 19 хувь унасан зэргээр илэрсэн.
Ирэх хэдэн сард Энэтхэгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гарна гэж олонх хөрөнгө оруулагч найдаж буй. Ажиллах хүч залуу, дундаж давхарга өргөжиж байгаа зэрэг нь урт хугацаанд хөрөнгө оруулах гол шалтгаан юм. Гэхдээ бүтцийн шинжтэй бэрхшээл байсаар байна. Гадаадынхантай хамтардаг нутгийн компанийн нэг захирал “Моди эрх барьж байгаа боловч хүнд сурталтай түшмэд цөөнгүй бий. Ганц зөвшөөрөл авах гэж бөөн юм болдог. Доод түшмэл саатуулсны улмаас бүх үйл явц зогсоход хүрдэг” хэмээн шүүмжиллээ.
Гужаратын туршлагыг нийт үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээд бэрхшээл гарах нь мэдээж. Энэтхэгийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Наушад Форбс “Гужарат бизнес сэтгэлгээ сайн хөгжсөн газар. Усанд нь хүртэл шингэсэн, түшмэлүүд нь хүртэл ухамсарладаг. Гэвч Энэтхэгийн газар бүрт ийм биш” хэмээн өгүүлэв. Гужаратын захиргаанд алба хашдаг ЖН Сингх энэ дүгнэлтийг зөвшөөрөөд “Гужарат бол хэдийнээс бизнесийн мэдрэмжтэй муж улс. Бизнесмэнүүдийг хинди шашны санваартан мэтээр хүндэлдэг газар” гэсэн юм. Түүний хэлснээр энэхүү хүндэтгэл нь мужийн захиргаа хөдөлмөрийн маргаанд оролцох боломжийг олгодог аж.
Нөгөө талаар улстөрчид гадаадын компаниуд руу дайрдагаа зогсоох ёстой гэж зарим ажиглагч үзэж байна. Онлайнаар жижиглэн худалдаа хийдэг Amazon компани Энэтхэгт олон сайн хөрөнгө оруулалт хийсэн. Эднийх өнгөрсөн долоо хоногт Гужаратын хөдөө тосгодын иргэдэд бараагаа онлайнаар худалдах сургалт явуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Гэтэл хэдхэн цагийн дараа тус компанийн бүх гадаад ажилтныг эндээс хөөнө гэж сүрдүүлсэн байна. Учир нь Энэтхэгийн Гадаад хэргийн яам тус компанид Энэтхэгийн далбаатай үүдний шалавчийг Канадад худалдах эрх олгосон байжээ. Гадаадын нэг хөрөнгө оруулагч “Энэтхэгт юу ч тохиолдож болно. Дараа нь юу болох талаар бүрэн мэдэх боломжгүй” хэмээсэн юм.
Киран Стэйси
Засгийн газрын мэдээ
URL: