Онцгой байдлын албан хаагчдад сэтгэлийн бэлэг илгээлээ
Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядын Улаанбаатар хотод байдаг ахмад хилчдын “Нар тоссон хил” төрийн бус байгууллагынхан Онцгой байдлын албаны албан хаагчдад сэтгэлийн бэлэг болгон дулаан бээлий бэлтгэснээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Энэ үеэр “Нар тоссон хил” төрийн бус байгууллагын тэргүүн, бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан, ахмадын зөвлөлийн дарга Ч.Элбэгсайхан нар “Бид онцгой байдлын албаныхаа ажил үүргийг сайн ойлгодог. Байнгын цагийн байдалд ажиллаж байдаг хүмүүс. Тиймээс бид өвлийн хүйтэн улиралд бага ч болов нэмэр болох үүднээс дулаан бээлий бэлтгэн албан хаагчдынхаа хэрэгцээнд хандивлаж байгаа юм” гэлээ.
Тус төрийн бус байгууллагынхан “Ахмад бүр гурван бээлий” гэсэн аяныг өрнүүлснээр 100 гаруй бээлий цуглуулсанаа ийнхүү Онцгой байдлын албанд хандивласан юм.
Дашрамд сонирхуулахад Онцгой байдлын албаны дарга, бригадын генерал Т.Бадрал тус отрядын Далай бумбатын заставт цэргийн алба хаасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: