ОХУ-ын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөв
Украины Засгийн газар ОХУ-ыг террористуудад дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Олон улсын шүүхэд өгчээ. Зүүн Украинд 2014 оноос хойш Засгийн газрын арми болон Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчдын хооронд ширүүн дайн өрнөж эхэлсэн. Улмаар Украины тал ОХУ-аас салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлэн зэвсэг техникээр хангаж байгааг удаа дараа эсэргүүцсэн мэдэгдлийг хийж байлаа. Харин Оросын Засгийн газрын зүгээс тухай бүрт няцааж байв.
Тэгвэл энэ явдалтай холбогдуулан Орос улсыг терроризмыг дэмжсэн гэх шалтгаанаар Украин шүүхэд дуудаж, дотоодын дайны улмаас хохирсон иргэдэд нөхөн олговор олгохыг шаардан Олон улсын шүүхэд ханджээ. Олон улсын шүүхээс мэдээлснээр Украины Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “ОХУ-ын Засгийн газар Украины цэргийн үйл хэрэгт оролцож, терроризмыг санхүүжүүлж, хэдэн зуун мянган украинчуудын хүний эрхийг зөрчсөн” хэмээн дурьдсан байна. Түүнчлэн, шүүхээс “Терроризмын дэмжиж, Украины нутаг дэвсгэрт салан тусгаарлагчдаар дамжуулан халдлага үйлдсэн тул ОХУ-д олон улсын төвшинд хариуцлага хүлээлгэх”-ийг мөн шаардсан ажээ.
Өмнө нь Украины төрийн тэргүүний албан ёсны сайтад “ОХУ нь Украины эсрэг хүчирхийлэл үйлдэн Крымыг эзэмшиж, Хар тэнгис, Азовын тэнгисийн сав газарт манай улсын байгалийн нөөцийн эрхийг зөрчиж байна” хэмээн бичсэн байсан бөгөөд үүний дараа Крымын зүгээс хариу мэдэгдэл хийж, эсрэгээр Украиныг НҮБ-д өгөхдөө бэлтгэж буйгаа дуулгаж байсан юм.
Тодруулбал, “Украины бүрэлдэхүүнд тус хойг орсон үеэс л хүний эрх зөрчигдөж байсан талаар тогтоолын төсөл бэлэн болгоод НҮБ-д өгөхөөр бэлтгэж байна” гэж мэдэгдсэн удаатай. Крымын Олон улсын харилцаа болон нүүлгэн шилжигсдийн асуудал хариуцсан улсын хорооны тэргүүн Заур Смирнов “Энэ баримтад тус хойг Украины эзэмшилд байх үед Крымын татаруудыг эргүүлэн авчрах үеэр хүний эрхийг хэрхэн зөрчиж байсныг, 2014 онд Украинд төрийн эргэлт хэрхэн гарсан талаар тодорхой тусгасан” гэжээ.
ОХУ-ын Хүний эрх, ардчилал болон дээд эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов 2016 оны арванхоёрдугаар сард “Украин бол хүний эрхийг зөрчиж байгаа ганц улс” гээд тус улс “Үндсэрхэг үзэлтний хүчирхийлэл, үндэсний хэт даврах үзэл, цэрэгжсэн гүрэн” болж “хүний эрх, ардчиллын салбарт туршилт хийж байна” гэж мэдэгдсэн юм.
Харин энэ удаа Олон улсын шүүх Украины талын нэхэмжлэлтэй ОХУ-ын эсрэг гомдол ирснийг баталгаажуулан олон нийтэд мэдэгдсэн нь энэ. Украины зүүн этгээдэд 2014 оноос хойш салан тусгаарлах сонирхол бүхий ОХУ-ын талыг дэмжигч босогчид болон Украины Засгийн газрын армийн хооронд ширүүн дайн өрнөж эхэлсэн байдаг.
Сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрт хэдэнтээ тохиролцоонд хүрсэн ч, аль аль тал удаа дараа зөрчсөний улмаас хамгийн сүүлд авсан мэдээгээр 10 мянга орчим хүн нас баржээ. ОХУ-ын хувьд босогчдод зэвсэг, техникийн тусламж үзүүлсэн гэдгээ эртнээс үгүйсгэж ирсэн юм. Тиймдээ ч Украины талын Олон улсын шүүхэд гомдол гаргаж, нөхөн төлбөр шаардсан явдлыг “Улс төрийн ашиг хонжоо олох зорилготой ажиллагаа” гэх үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн, ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “ОХУ ямар нэгэн терроризмын үйл хэргийг үргэлж буруушааж, эрчимтэй тэмцэх болно” гэсэн байв.
mminfo.mn
URL: