Яаж ч хориглосон уух л болно

115Энэ сарын 16-нд Баянгол дүүрэгт таван иргэн хордож амиа алдсан явдал гарсан. Тэдний амиа алдсан шалтгааныг архинаас болсон байж болзошгүй гэж үзэн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан юм.

     Гэвч энэ хориг үйлчлэхгүй байгаа бололтой. Тус хориг хэрхэн хэрэгжиж байгааг цагдаагийн байгууллага шалгасан байна. Шалгалтаар согтууруулах ундааг иргэд сошиалаар дамжуулан холбогдож, хаягаараа захиалан худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэд хэдэн тохиолдол илэрчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн харьяат Б нь “+21” фэйсбүүк группд “..архи зарна…” гэсэн зар тавьж, улмаар Баянгол дүүрэгт байрлах нэгэн буудалд 12 шил архи, нэг шил виски хүргэж байхад нь цагдаа нар илрүүлжээ.

        Мөн Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт иргэн С архи, пиво нууцаар зарж байгаад баригдсан байна. Зөрчил гаргасан газраас цагдаа нар “Улаанбаатар”, “Чингис”, “Сархад”, “Соёрхол”, “Голд Чингис” зэрэг 18 шил архи, 2.5 литр “Сэнгүр” пиво 22 ширхгийг хураан авсан аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIII хорооны нэгэн зочид буудлын захирал Б гэгч нь дөрвөн шил “Соёрхол” архи болон “Сэнгүр” пиво зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

       Хэргийг цагдаа нар харьяаллын дагуу Баянгол, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна. Одоогоор цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран архи, согтууруулах ундаа зарж, үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаад байгаа аж. Мөн 175 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөлгүй таван байгууллагын үйл ажиллагааг зогсоон, 3949 байгууллагад мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар аргийг битүүмжилж, ажиллажээ. Эдгээр зөрчлүүдээс үзэхэд архийг яаж ч хориглосон нэмэргүй гэлтэй.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжимндулам


URL:

Сэтгэгдэл бичих