Oйлгомжгvй зvйл олон байна

Улс оронд ойлгомжгүй зүйл үнэхээр олон боллоо. Улстөрчид , энгийн иргэн, төрийн байгууллага ялгаагүй. Хэн нэгэн улстөрчийн явуулгаар дуртай намаа бүртгэж, дургүйгээ түлхэж унагаадаг “улстөрийн утсан хүүхэлдэй” шүүхтэй болсон. Шүүх засаглалынхан “биеэ даасан” гэсэн зөвхөн цаасан дээр л үлдсэн статусаараа өөрсдийгөө хуурай өмгөөлж, УИХ-ын гишүүдтэй маргаж, захиа, шаардлага шидэлцсэн шиг сууна. Үндсэн хуулийн цэцээсээ томорч, тохуурсан эл байгууллага олны анхааралд ийнхүү оров.

Гэтэл нөгөө булангаас “Экс” Еренхийлөгч Н.Энхбаяр гэнэт гарч ирээд төрийн сайдыг “авлига”-тай холбоотой байж мэднэ хэмээн хийрхэж үр хүүхдүүдээр нь хүртэл оролдов. Тэгсэн атлаа “Миний эхнэр, хүүхдээр зарим хүн оролдоод байна” хэмээв. Ер нь яах гээд байгаа нь бас ойлгомжгүй. “Экс” буюу өөрийнх нь хэлдгээр гурав дахь Ерөнхийлөгч ийм байхад дөрөв дэх Ерөнхийлөгч нь бас л ойлгомжгүй аяглах болов. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлыг хэсэг гарсан. Ийм сураг сонсонгуут Ц.Элбэгдорж хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын урдуур хөндөлсөж, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад үзээрэй. Би заавал хориг тавина” хэмээн боловсон хэлбэрээр “заналхийлэв”.

Намын дарга нарыг дуудаж өрөөндөө авчирч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж загнах дөхсөн. АТГ-ын дарга нарын байдал ч ойлгомжгүй. УИХ-ын гишүүд “АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй ялласан нь хууль зөрчсөн, зөрчөөгүй” хэмээн ойлгож ядаж, ухаанаа барж байх зуур, анхан шатны шүүх АТГ-ын удирдлагуудыг гэм буруутай хэмээн хорих ялаар шийтгэв. Дээд шүүх дээр гэм буруутай нь нотлогдсон ч биеэр ял эдл үүлэх боломжгүй хэмээн суллав. Бүр ойлгомжгүй боллоо. Өнгөрөгч сарын 26-нд биечлэн ял эдлэх шаардлагагүй, гэхдээ буруутай Ч.Сангарагчаа ажиллаж байсан газартаа очиж “ажилдаа орно, машин өг” гэж нэхсэн тухай шуугив. Авлигатай тэмцэх тухай хуулийн 22.2-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон бол тухайн өдрөөс эхэлж албан тушаалаас нь огцорсонд тооцно” гээд заачихсан. Гэвч дараагийн дарга нарыг томилох дээр Еренхийлөгч Ц.Элбэгдорж алгуурлав.

Үнэхээр ойлгомжгүй байгаа биз. АТГ-ын удирдлагад очиж ажиллах саналыг хэд хэдэн хүнд тавьсан ч “хижиг гарсан айл” шиг болсон орон тооноос дайжиж цааргалаад бүгд толгой сэгсэрсэн гэх. Ер нь АТГ удирдлагадаа халгаатай байдгийн шалтгаан тийм ч тодорхой биш. Улстөржилттэй холбогдон ойлгомж муутайхан тайлбарлагддаг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхнаасаа Ч.Сангарагчаад таагүй хандаж байсан. АТГ-ыг сонгуулиас өмнө “эзэнтэй” болгож бужигнуулах далд сонирхол байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн ойлгомжгүй аяглал нэг удаагийнх биш. Итали, Хорват Улсад албан айлчлал хийнгүүтээ замаасаа “бултаж” Англид очсон. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц ажлаа хийж байгаа эсэх нь тодорхойгүй. Түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүнийг жинхлэх үү, Б.Хурцыг үлдээх үү гэдэг ойлгомжгүй болсон сурагтай. Магадгүй АТГ-ын дарга Ч.Сангарагчаа “Гадаад, дотоодод гэж ялгаатай болохоос адилхан л шоронгоос суллагдсан” гээд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцтай барьцсан байж мэднэ. Парламент ч сонгуулийн хуулийг баталж амжихгүй, ойлголцож чадахгүй хоног хугацаа алдсаар байна. Дээр нь 2012 оны УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг хамт хийнэ гэж АН-ынхан зүтгэсээр. Анх удаа холимог тогтолцоогоор сонгуульдах гээд сонгогчид ямар утга учиртай, саналын хуудас яаж бөглөх, нам, нэр дэвшигчдийн нэрс хэрхэн бичигдэх нь хүртэл ойлгомжгүй. Хамгийн олон ойлгомжгүй зүйл сонгуулийн хуулийг тойрон эргэлдэж байгаа. Хоёр сонгууль зэрэг явуулахаар олон нэр дэвшигчийн дунд ганц сонгогч будилж гүйцнэ.

Ийнхүү төр засаг, улстөрийг тойрсон ойлгомжгүй зүйлс хөвөрч дуусаагүй байтал Эрдэнэтэд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Д.Алтанхуяг гэдэг нөхөр гэнэт гарч ирээд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн овоолгыг дахин ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үйлдвэрийг иргэдийн хөрөнгөөр босгоно хэмээн “ойлгомжгүйтэв”. Төр шийдвэрлэж чадаагүй асуудлыг сумо бөх тайлбарладаг нөхөр хийнэ гэхээр нэг сайн ой тойнд бууж өгөхгүй байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн гадаа жагсаал зохион байгуулж “Зэс эрдэнийн хувь” компанийнхаа гишүүн 3000 хүн тус бүрээс мянган төгрөг хурааж хөөрхөн “залилан” хийжээ. “Миний ард япончууд, сумо бөхчүүд байгаа” гэж дүрсгүйтсэн нөхрийг хууль хяналтынхан шалгахаар болсон байна. Энэ мэт ойлгомжгүй зүйл улс оронд олон болов. Хэрхэн шийдвэрлэж эцэс болгох эцсийн гаргалгаа эрх мэдэлтнүүд, улстөрчдөд л байна.

…АТГ-ын дарга нарын байдал ч ойлгомжгүй. УИХ-ын гишүүд “АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй ялласан нь хууль зөрчсөн, зөрчөөгүй” хэмээн ойлгож ядаж, ухаанаа барж байх зуур, анхан шатны шүүх АТГ-ын удирдлагуудыг гэм буруутай хэмээн хорих ялаар шийтгэв. Дээд шүүх дээр гэм буруутай нь нотлогдсон ч биеэр ял эдлүүлэх боломжгүй хэмээн суллав…

Д.Дамдин

mongoliinn unen


URL:

Сэтгэгдэл бичих