Визний зөвшөөрлөө цахимаар авдаг болно
Манай улсад 122 орны 23737 иргэн удаан хугацаагаар оршин сууж байгаа аж. Эдгээрийн 30 хувь буюу 8707-г БНХАУ-ын иргэд эзэлж байгаа юм. Үүний араас ОХУ, БНСУ-ын иргэд жагсч байна. Хуульд зааснаар манай улсад оршин суух гадаадын иргэд Монгол Улсын харьяат хүн амын гурван хувьтай тэнцэх хэмжээнд байж болохыг заажээ. Харин нэг улсын иргэн манай улсын нийт иргэдийн нэг хувыай тэнцэх хэмжээнд байх боломжтойг заасан байна. Тэгвэл гаднын 23 мянган оршин суугчид манай улсын нийт хүн амын 0.79 хувийг эзэлж байгаа аж.
Мөн энэ онд манай улс “Цахим иммигрэйшн” буюу визийн зөвшөөрөл, хувийн урилга, гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг цахимаар бүрдүүлэх боломжтой болох аж. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны тайлан болон энэ онд хийх ажлын талаар Гадаадын иргэн, харьяатын газраас өчигдөр мэдээллээ. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан шинэ Засгийн газрын бүтцийн дагуу “Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газар” гэсэн нэрээ өөрчилж “Гадаадын иргэн, харьяатын газар” болгосон. Үйл ажиллагаанд өөрчлөлт гараагүй ч оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 28-нд Хялийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс явуулж ирсэн хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс Хил хамгаалах ерөнхий газар үргэлжлүүлэх аж. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа, бүртгүүлсэн 46 хилийн боомт байдгаас 27 нь байнгын, үлдсэн нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн олон улсын 86 төрийн бус байгууллага манайд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Манай улсад оршин сууж буй гаднын иргэдийн тоо 2015 оныхоос буурсан. Тухайлбал, 2015 онд 26189 иргэн виз авч байсан бол өнгөрсөн онд 21 мянга болж 5000-аар буурчээ. Харин оршин суух буюу удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлийг дээд тал нь нэг жилээр олгодог. Аав, ээжийнх нь хэн нэгэн Монгол Улсын иргэн боловч харъяалалгүй бол насанд хүрээгүй хүүхдэд нь Монголд амьдрах таван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл олшдог. Энэ мэтээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилж байна. Энэ онд “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлж байгаа. Ингэснээр визийн зөвшөөрлөө цахимаар авдаг болно. Мөн гадаадын иргэн манай улсад оршин суух үөвшөөрлөө цахимаар авдаг болно. Үүнээс гадна “АРР” системд холбогдоно. Тодруулбал, аль нэг улсаас ирж буй нислэгээр ямар зорчигч зорчиж буйг ирэхээс нь өмнө урьдчилан мэдэх боломжтой болно. Ингэснээр олон улсын хэмжээнд гарч буй терроризм, хар тамхи зэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагуудаас мздээлэл авах юм” гэв.
Өнгөрсөн онд Гадаадын иргэн, харьяатын газар “E-Immigration” буюу гадаадын иргэдийн бүртгэл, шалгалт, хяналтыг сайжруулсан таван сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Ингэснээр шалганы хяналт, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж сайжирсан байна. Мөн хурууны хээ, нүдний цөцгийн диаметрийн үзүүлэлтээр шалгагчгүй нэвтрүүлдэг гарцыг шалганд нэвтрүүлжээ. Үүнийг илүү боловсронгуй болгох, автомат, хүний үйл ажиллагаа бага оролцох үйлчилгээний дараагийн үе шатыг энэ онд болон ирзх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. Үүнээс гадна 2015 онд гадаадын иргэнд насанд хүрээгүй тав, 2016 онд мөн адил таван хүүхэд үрчлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 1999 оноос хойш Монгол Улс гадаадын иргэнд 265 хүүхэд үрчлүүлжээ. Харин 2015 онд гаднын гурван иргэн, 2016 онд таван иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай улсын харьяат болсон бол 2179 иргэн харьяатаас гарсан байна. Эдгээрийн 90 гаруй хувь нь казак иргэд аж. Хууль бусаар хөдөлмөр эрхлэх, визний хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил гаргаж албадан гаргасан иргэдэд мөнгөн дүнгээр торгууль ногдуулдаг. 2015 онд 1.8 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж байсан бол өнгөрсөн онд зөрчил гаргасан иргэдийн тоо буурсантай холбоотойгоор тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон байна.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: