​ Ц.Амгаланбаатарын шоронгоос бичсэн гэх мессежүүдийг дэлгэлээ

090b97fb32a7be04249dafd7ec13b1dfС.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн хурлын үеэр Ц.Амгаланбаатарын шоронд хоригдож байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар руу явуулдаг байсан гэх мессежийг дэлгэсэн юм.

Гэрэл зургийн эх сурвалж: Eagle.mn

Мөн Б.Содномдаржаагийн эхнэр Б.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “2014 оноос эхлээд Ц.Амгаланбаатар манай нөхөр лүү мессэж бичиж эхэлсэн юм билээ. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор янз бүрийн юм үзүүлэхгүй гээд надад хэлдэггүй байсан юм билээ. Анх ямар юм нь хүнээр ийм балай тоглоом хийдэг байна, хэн ингэж тоглоом шоглоом хийдэг байна аа гэж гайхдаг байсан. Манай хүн ч анхандаа Ц.Амгаланбаатарыг гэж мэддэггүй байсан гэсэн. Сүүлдээ ээж, аав хоёрт ийм хүн над руу танайхныг ална, хядна, сүйрүүлнэ гэсэн утгатай мессэж бичээд байдаг боллоо гэж хэлж байсан. Чамайг шоронд хийж, мөчилж ална гэх мэтээр хэрцгий үгтэй мессэжүүд ар араас нь бичиж дарамталдаг болсон. Үгийн дарамт гэдэг хүнд маш хүнд байдаг гэдгийг би өөрийнхөө биеэр мэдэрсэн. Намайг бие давхар байхад хүртэл дарамталж мессэж бичиж эхэлсэн. Би ч айсандаа гар утасныхаа сим картыг хугалаад шидчихсэн. Одоо ч би айж байна. Том болж байгаа охинтой, би өөрөө ажил гээд гараад явна. Нөхрийг минь хийгээгүй хэргийнх нь төлөө яллачихлаа. Хүүхдүүдийг минь яах ч юм билээ гэж бодох юм” хэмээн ярьсан байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих