ТҮЦ машин нэртэй “мөнгө”-ний машины лавлагаа хэзээнээс банкинд үйлчилдэг болох вэ
Өнгөрсөн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн ТҮЦ машин иргэдийн талархлыг хүлээсэн. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, алдсан иргэд гэрийнхээ ойролцоох Иргэний бүртгэлийн ТҮЦ машинаас 1000 төгрөг төлөөд лавлагаа гаргуулан, түүгээрээ иргэний үнэмлэхээ нөхөн автал үйлчилгээг авч байх болсон. Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа нь тухайн иргэний регистрийн дугаар болон гарын хээгээр баталгаажиж гардаг нэг ёсны үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл эл лавлагаа хаана ч тухайн иргэнийг мөн гэдгийг батлах иргэний үнэмлэхийг орлуулах төрийн чухал баримт бичиг гэсэн үг.
Энэ ч үүднээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ ойртлоо хэмээн сүр дуулиантайгаар ТҮЦ машины нээлтийг хийж байсан цаг саяхан.
Харамсалтай нь өнөөдөр ТҮЦ машинаас гарах иргэний үнэмлэхний лавлагаа хэнд хэрэггүй цаас болсон бололтой.
Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд үнэмлэхээ нөхөж автлаа банкаар үйлчлүүлэх, үгүй ядаж гүйлгээ хийхгүйгээр гээгдүүлсэн виза картаа нөхөж захиалахад хүртэл үйлчлэхгүй гэнэ.
Энэ асуудлаар нэгэн залуу манай сайтад хандсан юм. Тэрбээр, “Иргэний цахим үнэмлэх, банкны картуудаа түрийвчийн хамтаар гээж үрэгдүүлчихээд банкны картаа нөхөн захиалахаар ТҮЦ машинаас лавлагаа авч банканд очжээ. Гэтэл банкны ажилтан нь түүнд “ТҮЦ машины лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхгүй” гэсэн аж.
Учрыг гайхсан залуу “Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул түүнийг автал энэ иргэний үнэмлэхийн лавлагаа орлох журамтай, тэгээд ч энэ баримт бичиг тухайн иргэний гарын хээгээр баталгаажиж гардаг гэдгийг учирлаж хэлээд ч тусыг эс олсон” хэмээн бидэнд хандсан юм.
Өөрөөр хэлбэл, иргэн Д-ийн 1000 төгрөгөөр авсан лавлагаа хэнд ч хэрэггүй цаас болсон байна.
Энэ талаар бид банкны ажилтнаас тодруулахад, “Банкуудын холбооноос ТҮЦ машины лавлагаагаар иргэдэд банкны үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан, та асуудлаа банкны холбоонд тавь, бид зөвхөн иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн архивын лавлагаагаар л үйлчилгээ үзүүлнэ” гэсэн юм.
Мэдээжийн хэрэг банк хуурамч баримт бичгээс сэргийлэхдээ ийм шийдвэр гаргасан гэж үзэх болох ч, үнэндээ тэд ТҮЦ машинд итгэхгүй байгаа нь тэндээс гарч иргэний хурууны хээгээр баталгаажин гардаг лавлагааг хуурамч гэж үзэж байгаатай ялгаагүй хэрэг биш гэж үү.
Тиймгүйсэн бол банкууд ТҮЦ машины лавлагаагаар иргэдэд үйлчлэх учиртай.
“ТҮЦ машин”-аас гарах бүх төрлийн лавлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд дуурайлгах, хуулбарлах боломжгүй гэдгийг холбогдох байгууллагууд онцлон дурьдсан байдаг.
Ямартай ч даварсан хэдэн банкнууд төрийн бодлого шийдвэрийг үйл даган, иргэний үнэмлэхийн лавлагаагаар иргэдэд үйлчлэхгүй хэмээн хүнд суртал гарган, иргэдийг чирэгдүүлсээр багагүй хугацаа өнгөрлөө.
Өнгөрсөн Засгийн газрын үед банканд лавлагааны бичиг үйлчилдэггүй гомдлыг хүлээн авч, үйлчилдэг болох ёстой хэмээж байсан. Тодруулбал иргэн хүн иргэний үнэмлэхийн лавлагаа авахын тулд ТҮЦ машинд өөрийн биеэр ирж, хурууны хээгээ уншуулдаг бөгөөд мэдээллийн санд тухайн иргэний хурууны хээ тохирсон нөхцөлд лавлагаа олгодог журамтай юм. Тэгэхээр уг лавлагаа нь тухайн иргэнийг мөн гэдгийг бүрэн нотлох баримт бичиг болж чаддаг гэдгийг албаны хүмүүс хэлж арилжааны банкнуудад ойлгуулсан байдаг.
Гэвч энэ ойлголцлоос хойш жил гаруй болсон ч банкууд ТҮЦ машины лавлагааны бичгээр одоог хүртэл үйлчлэхгүй байсаар, иргэдэд хүндрэл учруулж байна. Бүр зөвхөн банкны карт захиалахад ч бидний 1000 төгрөгөөр хурууны хээгээ уншуулж авсан лавлагаа үйлчлэхгүй байна.
Засгийн газар болоод иргэний бүртгэлийн ерөнхий газрын үгийг тоодоггүй, иргэдийг дорд үзэж, ойлгомжтой зүйлд ойлгомжгүй мэт царайлж буй банкнуудад үүнийг хэн ойлгуулах вэ. Тухайн хүн заавал өөрийн гарын хээгээ таниулж, лавлагаа авдаг учир үүнд уг нь эрүүл хүн эргэлзээд байх зүйл байхгүй л юм. Хэрэв банкинд хүртэл үйлчлэхгүй юм бол ТҮЦ машины хэрэг юу байна. Иргэдээс шимтгэл авах мөнгөний машин болгож, суурилуулсан гэсэн үг үү.
ТҮЦ-ын лавлагаа банкинд үйлчилдэггүй гэх гурван жил дамнасан иргэдийн гомдлыг нэг мөр болгон шийдэж өгөхийг Засгийн газраас иргэд гуйж байна.
Т.Гэрэл
zaluu.com
URL: