Хууль хэмээх “гууль” санаачлагчид дампуурах өнгөндөө оржээ

1a0e784729c61cb1e737f89b53add013Хууль завхарч, үнэ цэнэ утга учраа алдахыг “хууль гууль болжээ” гэдэг. Сүүлийн жилүүдэд Монголын хууль гууль болоод завхарч гүйцсэн. Учир нь “гууль” панзлагчид хэтэрхий олширч, захын нэгэн өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн эсвэл таалагдаагүй нэгнийхээ эсрэг хууль санаачлаад гүйдэг болсноос нийгмийн олон талт харилцааг зохицуулах ёстой хуулийн үндсэн мөн чанар алдагдахад хүрээд байгаа. Хуулийг “гууль” болгогчдын жишээ захаас аваад хөвөрнө.

Жишээ 1. УИХ-ын нэр бүхий нэгэн гишүүн мөр зэрэгцэн суудаг эмэгтэй гишүүнтэйгээ муудалцсаныхаа дараа төрд өндөр алба хашдаг хүмүүсийг гадаад эхнэр, нөхөртэй байхыг хориглосон хуулийн төсөл санаачлаад явж байсан нь тун саяхны үйл явдал.

Жишээ 2. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлан гаргах болсон шалтгаан бас л хувь хүний жижиг эрх ашгаас үүдэлтэй. Тухайн үеийн УИХ-ын нэгэн гишүүн долоо хоногийн нэг өдөр “Өдрийн сонин” дээр “Баабар ингэж өгүүлэв” гэдэг шиг нүүр тогтмол хөтөлж, өөрийн нийтлэлээ тавьж байх хүсэлт гаргажээ. “Баабар шиг сэтгэж, бичиж чадах юм уу” гэсэн хариулт авсныхаа төлөө Хэвлэлийн эрх чөлөөний хуульд “эзэн редакцийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон” заалт оруулж, бараг л батлах дөхсөн. Энгийнээр хэлбэл, компанийн үйл ажиллагаанд захирлыг нь оролцуулахыг хуулиар хориглох дөхсөн гэсэн үг.

Жишээ 3. Насаараа түрээс төлж, наймаа хийдэг байсан ээжийнхээ түрээсийг төлүүлэхгүй гэж Түрээсийн хууль өргөн бариад явж байсан гишүүн ч бий.

Жишээ 4. Тамхины хяналтын хууль батлагдахын өмнө тамхи импортлогч болон дотоодын тамхи үйлдвэрлэгч компаниудын маш том лобби ажилласан гэдэг. Хэдийгээр тамхины хэрэглээг хязгаарлах, хүн амын эрүүл мэндэд тустай хууль батлагдсан ч үүний цаана бас л чамгүй их мөнгөний тоо сонсогддог.

Жишээ 5. Буруу талдаа жолоотой машиныг замын хөдөлгөөнөөс хасах тухай байн байн сөхөгдөж, хууль батлуулах түвшинд хүртэл өндөрт яригддаг. Буруу рультэй машинаас болж л замын ослууд гардаг гэсэн тайлбарын цаана зөв рультэй машин импортлогчдын эрх ашиг байдаг.

Бидний мэддэг энгийн иймэрхүү жишээ олоон олон. Мэдэхгүй жишээ ч олон. Тухайлбал, үйлдвэр, уул уурхай, ашигт малтмал зэрэг томхон төслүүдийг зохицуулах хуулийг өөрсдөдөө ашигтай батлуулахын тулд зүрх савламаар их мөнгө зарцуулсан тухай сонсогддог. Хууль хэрэгжиж эхлэхээр авлигад өгсөн тэр их мөнгө хэд дахин өсч эздэдээ буцаад ирдэг. Ямар хууль захиалаад, яаж ашиг олохыг нь бид ухаж ойлгоход бэрх, төсөөлж ч чадахгүй. Сүүлдээ бүр цагаандаа гарч Монгол орныг, Монголын төр засгийг ингэж увайгүйгээр шулсан хууль баталж, тэрбум тэрбумаар нь мөнгө хийх нь УИХ-ын гишүүдийн хийдэг үндсэн ажил болж хувирсан. Юун эх орон, ард түмнийхээ төлөө хууль санаачлах манатай завгүй ажилтай болсон. Үүний тод жишээ бол Богд уулын ар, Туулын хөвөөгөөр байх том том эдлэн газрууд, тансаг барилгууд юм. Ямар ч үйлдвэр үйлчилгээ эрхэлдэггүй, бизнес хийдэггүй гишүүд гэнэт л ийм их хөрөнгөтэй, бэл чинээтэй болсон нь бусдын захиалгаар хууль баталж өгсний шан харамж нь юм. Монголын төрийг барьж байгаа хэдэн хүн ингэж, хуулийг “гууль” болгосны төлөөсөнд нийгэмд шударга бус байдал тогтож, ядуурал гэх бороохой ард түмний нурууг бөхийтөл нүдэж байна. Өнгөтэй мөнгөтэй хүмүүс өөрийн хүслээрээ хууль өөрчилж, яаж л бол яаж дураараа дургих нөхцөл бий болжээ. Тэдний хэлдэг үг нь “би хуулиараа ажиллаж байгаа” гэдэг. Яг үнэн үг л дээ, уг нь. Өөрсдөдөө зориулж гаргасан хуулиараа ажиллаж, ашиг олж, амьдарч байгаа болохоор тэднийг гэмт хэрэгтэн гэж хэлж хэн ч чадахгүй. Боломж ч байхгүй. Монголын төрийн сүүлийн 25 жилийн гажуудал, нийгмийн ядуурал, шударга бус байдал иймэрхүү захиалгын хуулиас шууд хамааралтай гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм.

2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай хууль энэхүү захиалгын хууль баталж, мөнгө хийдэг тогтолцоог үгүй хийх ач холбогдолтой гэж судлаачид хэлж байна. Үнэхээр зөв хууль хэрэгжиж эхэлсэн гэдэг нь он гарахаас өмнө амжиж 34 хуулийн төсөл өргөн барьснаар батлагдаж байна. Заримыг нь бүр 2016 оны арванхоёрдугаар сарын 27 буюу ажлын сүүлийн өдрүүдэд амжиж өргөн барьсан байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө өрсөж лоббины хуулиа оруулж ирж байна гэсэн үг.

Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийг “гууль” болгохын эсрэг олон зөв зүйтэй зүйл заалтууд орсон байна. Жишээ нь, дээрх хуулийн нийтлэг зарчимд өргөн барьж байгаа хуулийн төслүүд ил тод, нээлттэй байна гэж заажээ. Мөн олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байна гэж заасан байна. Үүгээр өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, судалгаа шинжилгээ хийлгүй хуулийн төсөл барьж гүйдэг нөхдүүдэд хязгаар тавьж өгч байна. Мөн нэг л мэдэхэд нэг шинэ хууль батлагддаг нууцлагдмал байдлыг өөрчлөх юм.

Шинэ хуульд зааснаар хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэх эсэхийг судалж, дүгнэх, хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцох, тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох судалгааг заавал хийсэн байхаар заажээ. Ингэснээр хууль батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагаврыг яаж шийдвэрлэх саналаа тусгана гэжээ. Мөн Хуулийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, тооцоо, судалгаа хийсэн байна гэж оруулж өгсөн байна. Хуулийн 17 дугаар зүйлд хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийг батлан хэрэгжүүлснээр үүсэж болзошгүй, урьдчилан тооцоогүй үр дагаврыг тодорхойлно гэж заасан байна. 18 дугаар зүйлд Хууль баталснаар тухайн хууль үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг тодорхойлно гэжээ.

Энэ нь сэтгэлийн хөөрлөөр эсвэл хэн нэгний захиалгаар хууль санаачлах байдлыг арилгах сайн талтай бөгөөд ултай суурьтай, бусад хууль тогтоомжуудтайгаа уялдсан сайн хууль гаргах үндсэн суурь болж өгч байна. Мөн хуулийн сөрөг үр дагавруудыг нь давхар гаргаж ирэх төдийгүй зардал мөнгөний судалгааг ч хийх юм.

Шинэ хуулиар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачилсан хууль тогтоомжийн төслөө санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар санаачлах хуулийн төслөө үндсэн чиглэлдээ багтаан оруулж, УИХ-аар батлуулна хэмээн тодотгон заажээ.

Манайхан нэг хуулийг хэдэн ч янзаар тайлбарлаж чаддаг. Үүнийг үгүй хийх заалт орсон нь “Хуулийн төслийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих, хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх” юм.

Мөн “Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно” гэж заажээ.

Ийнхүү олон зөв зүйтэй зүйл заалт бүхий Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн харилцааг зохицуулагч хуулийн чанар сайжирч, монгол төрийн дархлаа сайжрах нь дамжиггүй юм. Түүгээр ч барахгүй өмнөх хэт лоббины гэгдэх хууль тогтоомжийг сайжруулан өөрчлөх сайн талтай юм. Хамгийн гол нь хууль хэмээх “гууль” санаачлагчид энэ оноос эхлэн дампуурах өнгөндөө орлоо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих