Батлан хамгаалахын сайд салбараа матав
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий аудиторын томилгоог хэлэлцэж байв. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр үг хэлж салбараа матав. Дархан аварга маань 2004 оноос хойш дөрвөн удаа УИХ-ын сонгуулийн дэвжээнд торолгүй “түрүүлж”, 2016 оноос Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байгаа гэж үзвэл улс төрд хэдийнэ аваргын энтэй болчихсон баймаар.
Тэр ч байтугай 2013 онд нам доторхи сунгаандаа туршлагатай, ясны улстөрч гэгддэг Ө.Энхтүвшинг буулган авч, улмаар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ердөө 8.26 хувийн саналаар ялагдаж байсан юм.
Улстөрч болгоны намтарт ийм түүх бичигддэггүй ч үнэн хэрэгтээ аваргад маань зангарагтай улстөрчийн шинж чанар гүйцэд бүрэлдэж амжаагүй нь Их хурал дээр тулга тойрсон хэрүүл дэлгэснээс нь харагдав. Тэрээр дээр дурдсан Ерөнхий аудиторын томилгоог хэлэлцэх үеэр өөрийнхөө тэргүүлдэг салбарын аж ахуйн шинжтэй асуудлуудыг гишүүдийн, цаашлаад олны нүдэн дээр матаж өөрийгөө ч элдвийн ярианд хийж орхив.
Тэрээр “Төсвийн эрх захирдаг улсуудын үйл ажиллагаа, сахилга баттай холбоотой эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх чиглэлээр нэлээн анхааруулахгүй бол болохгүй байдалтай байх юм. Би энэ батлан хамгаалах салбарын ажлыг аваад үзэхээр тус тусдаа аж ахуй, бизнесийн юманд оролцох асар их сонирхолтой байх жишээтэй. Батлан хамгаалахын Их сургууль дээр “Дээвэр” төсөл хэрэгжүүлээд тавыг заснаа гэсэн хоёрыг нь засаад л гурав нь байхгүй. Зүүнбаянд 200 цэргийн байр засаад ажилд оруулна гэсэн ажилд оруулаагүй, ийм дутагдлууд байна” хэмээн гомдоллов.
Батлан хамгаалахын салбарт асуудал байдаг гэдгийг ярьсаар л ирсэн. Зөрчил дутагдал байгаа бол салбарын сайд нь гартаа бүрэн авч шийдэх эрхтэй.
Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн эрх, үүргийг авах шахсан Б.Бат-Эрдэнэ аварга маань салбараа гартаа атгаж, батлан хамгаалах салбарт жинхэнэ сайд шиг эрч хүчтэй ажиллах нь бүү хэл чуулганы танхимд өөрөө өөртөө гомдол мэдүүлээд сууж байх юм.
МАН-ын байгуулсан “Мэргэжлийн” гэх Засгийн газарт уяач, арьс өнгөний эмч, барилгачин гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс багтдаг. Харин улсын үндсэн чиг үүргийн яам болох Батлан хамгаалахын салбарт бөх, улстөрч томилогдож очихоор “мэргэжлийн” гэхэд дээрхээс өгсүүлээд эргэлзээ төрөөд л байгаа юм.
Б.Бат-Эрдэнэ сайд салбартаа байгаа зарим нэг дутагдалд үнэхээр санаа зовоод сайдын зөвлөлөө татан оролцуулаад ч шийдэж хүчрэхгүй байна уу, эсхүл тэр салбарын хэдэн тендерийг өөртөө төвлөрүүлэн шийдэх сонирхлоо илэрхийлээд байна уу?
URL: