Эцэг эхчүүдийн хайнга байдал: 2016 онд 53 сурагч эрүүлжүүлэгджээ
Хүүхэд та бидний ирээдүй. Хүүхэд хайр халамжид элэг бүтэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй тул төрмөл эрх нь зөрчигдсөөр байна. Мөн эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж зам тээврийн осолд өртөх, гэмт хэрэгт холбогдох, хар тамхичин болох зэрэг сөрөг үзэгдэл бий болсоор байна.
Нийслэлийн хэмжээнд 2016 оны байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээний тоон мэдээг нэгтгэн дүгнэхэд 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүдэд нийт 1569 хүүхэд хамгааллын дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Нийт дуудлага, мэдээллийн 1069 нь Хүүхдийн төлөө 108 дугаар утсаар ирсэн бол 500 нь иргэдийн өргөдөл болон бусад эх сурвалжаас бүртгэгдсэн байна. Нийт дуудлага мэдээллийн 1365 буюу 87%-д хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж шийдвэрлэсэн. 204 мэдээлэлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.
Нийслэлийн хэмжээнд 2016 онд бүртгэгдсэн нийт хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн дуудлага болон мэдээллийг дүүргээр ангилж үзвэл:
№ | Дүүрэг | ХТУ-108 | Бусад эх сурвалж | Нийт | |||
Дуудлагын
тоо |
Хувь | Дуудлагын
тоо |
Хувь | Дуудлагын
тоо |
Хувь | ||
1 | Баянзүрх | 248 | 23.2% | 212 | 42.4% | 460 | 29.3% |
2 | Сонгино-
хайрхан |
304 | 28.4% | 20 | 4.0% | 324 | 20.7% |
3 | Баянгол | 131 | 12.3% | 99 | 19.8% | 230 | 14.7% |
4 | Хан-Уул | 121 | 11.3% | 68 | 13.6% | 189 | 12.0% |
5 | Чингэлтэй | 126 | 11.8% | 60 | 12.0% | 186 | 11.9% |
6 | Сүхбаатар | 85 | 8.0% | 9 | 1.8% | 94 | 6.0% |
7 | Налайх | 33 | 3.1% | 3 | 0.6% | 36 | 2.3% |
8 | Багануур | 19 | 1.8% | 15 | 3.0% | 34 | 2.2% |
9 | Багахангай | 2 | 0.2% | 14 | 2.8% | 16 | 1.0% |
Нийт | 1069 | 68.2% | 500 | 31.8% | 1569 | 100% |
Эдгээр дуудлага мэдээллийн дагуу хүүхэд хамгааллын 12 төрлийн үйлчилгээг нийт 4122 хүүхэд, 4555 иргэнд үзүүлсэн байна.
Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээлэл
Энэ бол эрх нь зөрчигдөөд бүртгэгдсэн тохиолдол. Үүнээс гадна бүртгэгдээгүй өчнөөн олон тохиолдол байгааг мартаж болхгүй.
Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлын улмаас буюу зам тээврийн ослоор 2016 онд 17-оос доош насны нийт 50 хүүхэд нас барсан байна. Улсын хэмжээнд 2016 онд зам тээврийн ослын улмаас 1115 хүүхэд гэмтэж бэртсэнээс хүнд, хүндэвтэр гэмтэлтэй 224 хүүхэд байна. Энэ бол эцэг эхчүүд та бидний хайхрамжгүй байдалтай шууд холбоотой юм.
Үүнээс гадна хүүхдээ гараас гарсан, том болсон хэмээн үзэж өсвөр насны хүүхдэд тавих хараа хяналтаа эцэг эхчүүд сулруулдаг. Үүний улмаас өнгөрсөн онд 53 сурагч эрүүлжүүлэгдсэн байх юм. Тодруулбал, цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн санд 2016 онд оюутан 361, сурагч 53 согтууруулах ундаа хэрэглэн саатуулагдсанаас 18 насанд хүрээгүй 279 хүн байна.
Бас нэгэн аймшигт тоон мэдээллийг хүргэе. Манай улсад хар тамхи, мансууруулах бодис байнга хэрэглэгч, донтогчдын давхарга бий болсон, хууль бус эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ өсөн нэмэгдсэн, төрөл, зүйл олширсон, насанд хүрээгүй хүүхэд, идэр насны залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон нь дараах гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Үүнд:
- 2013 онд 2 хэрэг 2 гэмт үйлдэлд 2,
- 2014 онд 2 хэрэг 3 гэмт үйлдэлд 2,
- 2015 онд 8 хэрэг 13 гэмт үйлдэлд 10,
- 2016 онд 5 хэрэг 9 гэмт үйлдэлд 6 насанд хүрээгүй хүн холбогдон шалгагдсан.
Тоон үзүүлэлтээс харахад насанд хүрээгүй хүмүүс хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шалгагдах нь цаг үеийн нөхцөл байдал, харилцаа холбоо, техник, технологийн дэвшил, улс орны хөгжилтэй холбоотойгоор жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Гэмт хэрэгт холбогдогч насанд хүрээгүй хүмүүсийг насны байдлаар нь ангилан авч үзвэл 14-15 насны 3, 16- 17 насны 17 иргэн, боловсролын байдлаар нь авч үзвэл бага боловсролтой 1, бүрэн бус дунд боловсролтой 16, бүрэн дунд боловсролтой 3 байна.
Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид 2016 онд нийт 183 насанд хүрээгүй төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэн ажиллажээ.
Энэ бүх тоо судалгаа бол та бидний хайхрамжгүй байдалтай шууд холбоотой гэдгийг эцэг эхчүүд анхаарна уу.
М.Мөнгөн
dorgio.mn
URL: