Боловсролын сайд боловсрох хэрэгтэй байна!
Боловсролын сайд болсноосоо хойш өмнөх сайд нарын хийсэн ажлуудыг үгүйсгэж, баллуурдах ажил хийж байгаа Ж.Батсуурь гэж хүнтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл хэвлэлийн хуудаснаа цөөнгүй гарч байна Ядаж байхад хэлсэн үгнээсээ болоод асуудалд их орох юм. Ямартаа л “Төсөв хүндрэлтэй байгаа учраас цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг аргал гэдгийг эндээс манай дарга нар хүртэл хэлж байна. Тэр хүүхэд гэртээ байсан ч, цэцэрлэгт байсан ч хоол иднэ. Тиймээс төсөв, мөнгө нь хүрэлцэхгүй байгаа бол эцэг, эхчүүдээс нь ганц нэг бяруу тоншоод, хүүхдийнх нь хоолных нь асуудлыг шийдвэрлэ л дээ” хэмээн аймгийн засаг дарга нарт заавар өгсөн нь арай л дэндсэн хэрэг болсон. Ийм ч сайд байх ч гэж дээ гэх хүмүүс олон байгаа юм.
Сурагчдын амралтын хуваарийг хэд хоног нааш нь цааш нь болгож цаг өнгөрөөсөн эрхэм сайд дахиад нэг том ажил хийхээр сэдэж байгаа нь American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж тоогоор нэрлэх тухай юм гэсэн. Гол нь тэрбээр өөрөө олигтой зүйл сэдээд хийж чадахгүй хэрнээ бусдынхаа хийж эхлүүлсэн суурийг нь тавьсан ажлуудыг л муулаад байдаг. 2011 онд эхлүүлсэн Кембрижийн хөтөлбөрийг Ж.Батсуурь сайд ад үзэх болсон гэнэ. За мөн 2014 оны сүүлчээс Л.Гантөмөрийг сайд байх үед хэрэгжүүлж эхэлсэн “Коосэн” сургалтын хөтөлбөрт ч тэрбээр таагүй хандаж байгаа гэнэ. Тэрчлэн эдгээр хөтөлбөрүүд цаашид хэрэгжээд явна гэдэгт салбарынхан итгэлгүй болоод байгаагаа хэлцгээж буй аж. Уг нь салбарын сайд хүнд тодорхой эрх мэдэл байлгүй л яахав. Гол нь үгүйсгэж баллуурдаж байгаагаасаа хавьгүй илүү сайн ажлыг сэдэж хийж чадахгүй бол бусдын хийснийг үгүйсгэх нь утгагүй л баймаар юм.
За тэгээд “Түгжил” хэмээх тунчиг таагүй тодотголоор өнгөрсөн жилүүдэд хэвлэлээр бичигдэж ирсэн тэрбээр сайдын суудалдаа тайван сууя гэвэл ажлаа сайн хийх хэрэгтэй. Сануулахад, Монголын Залуучуудын Холбооноос Жамъянсүрэнгийн Батсуурь гэж энэ хүнийг төрд сонгож болохгүй хүмүүсийн нэгээр тодруулж, хар жагсаалтад оруулсан байсан удаатай. Гээд яахав, тэр өнөөдөр сайдын сандал дээр сууж л байна. Нэгэнтээ балагтаа юманд нэр холбогдож явсан хүнээс тэр асуудал салдаггүй хойно, яалтай ч билээ. Мэдээллийн сайтууд түүний талаар “нутгийн олныг хордуулсан хуншгүй “Түгжилдэлт” хийсэн талаар нь бичиж нийтлэсэн байдаг. Тэр нь “Арева” групптэй холбоотой. Яг ямар асуудал гэхээр 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ж. Батсуурь бусад гишүүддээ хандан Централ Тауэрын 17 давхарт очиж сайхан хоол идэнгээ, Арева компанийхантай уулзая, тэд санал тавих гэж байгаа гэхчлэн уриалж байгаа бичлэг телевизээр цацагдаж олны анхаарлыг татаж байсан юм.Сэтгүүлчид уг үйл явдлыг сурвалжлахаар очсон байгааг харсан Ж.Батсуурь хамгаалалтын албаныханд ховлож хөөн гаргуулж байгаа нь бичлэг дээр үлдсэн байдаг. Тэр үйл явдлын дараахан Арева компани Дорноговь дахь ураны ордодоо ашиглалт явуулах лиценз авсан нь тодорхой болсон байдаг.
Ж.Батсуурь “Арева” групп бол Дорноговьд миний мэдэхийн 10 гаруй жил ураны хайгуул, судалгааны ажил хийж, “Улаанхар” гэх мэт томоохон орд газар нээн илрүүлсэн. Би энэ ордыг ашиглах асуудлаар биечлэн хөөцөлдөж, Засгийн газарт санал тавьж, санамж бичиг байгуулах зэргээр ажиллаж байгаа.Нэгэнт бидэнд уранаа өөрсдөө ашиглах боловсон хүчний болоод эдийн засгийн боломж байхгүй учраас энэ мэт томоохон компаниудтай харилцан яаралтай ашиглах нь зүйтэй. Бид өөрсдөө хувь эзэмшье гэж байгаа бол хөрөнгө оруулалт буюу зардлын тодорхой хувийг гаргах л ёстой. Ямар ч баялгийг ашиглах, олборлоход зардал гарч л таараа. Зардал гаргахгүйгээр ашиг хүртдэг ёс хаана ч байхгүй. Миний хамгийн гол сэтгэл дундуур байдаг зүйл бол цаг хугацаа алдаж байгаа байдал. Яах вэ, надад дургүй байвал дургүй л байна биз. Гэхдээ би үнэнийг нь л хэлнэ” хэмээн ярьж байсан байдаг. Харин Ж.Батсуурь гэдэг хүн ийн ярьж байх хооронд “Арева” 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон байдаг. Тэдний олборлолтоос үүдсэн хор уршгийг монгол даяар мэдэх болсон. Тэр бол Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн тугалууд үхсэн бодит жишээтэй холбоотой. Тус айлын үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээртээ үхсэн. Тэдгээрээс авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн онош, дүгнэлтийг 2013 оны 3 дугаар сарын 11-нд Мал эмнэлэг үржлийн газраас гаргаж байсан юм. Гэвч энэ дүгнэлт удалгүй өөрчлөгдсөн нь, улстөрийн оролцоотой гэх мэдээллүүд бас гарч байв.
Тэгвэл малчин Д.Норсүрэн medee.mn сайтад ярилцлага өгөхдөө өөр зүйлийг ярьсан байгаа юм. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг, Зүүнбаян тосгоны малчин Д.Норсүрэнгийнх малынхаа сүүг хүнсэндээ хэрэглэж чадахгүйд хүрснийг, малынхаа сүүгээр цай сүлэхэд дороо гашилдаг болсон тухай өгүүлсэн байгаа юм. Д.Норсүрэн хэлэхдээ “аль эрт, халуун намраас сүү гашилж эхэлсэн. Одоо ч хэвээрээ байна. Үхрийн сүү гашлаад байгаа тухай аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйн газарт хэл мэдээ дуулгасан. Өнгөрсөн сард хүмүүс ирж, үхрийн сүүнээс дээж аваад явсан юм. Албаны хүмүүс надад хэлэхдээ сүүнээс хүнд металл илэрсэн гэсэн.-Албаныхан хүнд металл илэрсэн гэсэн л хариу бидэнд өгсөн. Түүнээс биш юунаас болоод үхрийн сүүнээс ийм зүйл илэрч байгаа талаар тодорхой зүйл хэлээгүй. Харин худгийн ундарга дээр хүнд металлын шүүлтүүр тавих шаардлагатай гэсэн мэдээлэл өгсөн. Аймагт уран олборлож байгаагаас болсон байж магадгүй гэж бодож байгаа. Цаашдаа ямар арга хэмжээ авах, яахаа мэдэхээ байчихаад сууж байна.” хэмээн ярьсан байгаа юм.
Нөхцөл байдал ийм байхад Ж.Батсуурь гуай одоо юу хэлэх нь сонин. Бусдыг үгүйсгэхдээ сайн тул худлаа ярьж байна гэх юм бол уу?
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХӨӨЖ Зайлуул
МАН боловсон хүчингүй гэдэг нь үнэндээ батлагдах юм. Ийм чадвар муутай, мэдлэггүй нөхдөөр чухал салбаруудаа удирдуулаад байгаа дээрхийн баталгаа юм. Сөнөсөн их дээд сургуулиудаа бушуухан босгоочээ. Юунд удаж улам хүндрүүлээд байна?