Зүүн ба баруун жолооны хүрд… хөрөнгөтөн ба жирийн иргэд
Уг нь Монгол Улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ хуулийн дагуу жолооны хүрд зүүн талдаа буюу бидний нэрлэдгээр зөв талдаа байх ёстой гэсэн стандарт, дүрэм, журам мөрдөгддөг.
Гэвч хэзээнээс орж ирж эхэлсэн нь бүү мэд. Монгол Улсад замын хөдөлгөөнд оролцож буй автомашины ихэнх нь буруу буюу баруун жолооны хүрдтэй болчихож. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бол зорчих хэсгийн баруун талаар явна гэж хуульчилсан мөртлөө зам дээр явах автомашин ямар жолооны хүрдтэй байхыг нэг их анхаараагүйгээс болоод л өнөөдөр зохицуулалт хийхэд хүндрэлтэй байдал бий болчихсон байна.
Бүр тодруулбал, импортоор орж ирж буй автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүйгээс үүдэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улс буруу талдаа жолооны хүрдтэй автомашин олширсон хэрэг. Судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд нийт автомашины 48 хувь, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал. Тэгвэл буруу жолооны хүрдтэй автомашинаар гүйцэт түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийх үед харагдах орчин 20-70 хувь багасдаг бөгөөд энэ нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна. 2015 онд гарсан 41064 ослын 64.4 хувь нь буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байсан гэх дүн мэдээ ч байна. Тэгвэл үүнийг зохицуулахын тулд Засгийн газраас буруу жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах арга хэмжээ авч эхэллээ.
Цаашид буруу жолооны хүрдтэй автомашин Монгол Улсын хилээр орж ирэхгүй гэж ойлгож болох нь. Гэвч манай стандартад зөвшөөрөгдсөн гээд байгаа зөв жолооны хүрдтэй автомашины үнэ харьцангуй өндөр байдаг. Жишээ нь Япон улсад нэг онд үйлдвэрлэгдсэн приус автомашин зөвхөн жолооны хүрдний байршлаасаа хамаараад 5-10 сая төгрөгийн ялгаатайгаар худалдаалагдаж байна. Эндээс хямд бөгөөд буруу жолооны хүрдтэй автомашиныг иргэд, харин Монголын стандартад нийцсэн зөв хүрдтэй автомашиныг хөрөнгөтнүүд худалдан авч хэрэглэж байна гээд дүгнэлт хийчихэд нэг их буруудахгүй биз.
Тэгэхээр буруу жолооны хүрдийг хориглох нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэдийг автомашин унаж болохгүй гэж байгаагаас ялгаагүй ойлголтыг өгч байна. Үүнийг шийдвэрлэх гарц бол байгаа. Шууд л иргэдийн орлогын хэмжээгээр нь зааглахын оронд харин ч зөв жолооны хүрдтэй автомашины татварыг багасгаж өгснөөр үнэ нь хямдрах боломжтой гэж импортлогчид ярьдаг. Тэгээд ч японоос буруу хүрдтэй автомашин импортлох үйл ажиллагааг эхлүүлсэн хүмүүс одоо хөрөнгөтнүүд болчихсон явж байгааг мартаж болохгүй. Тэд хөрөнгөжихийн тулд Монголын хууль, стандартыг зөрчсөн атлаа, одоо өөрсдийн оруулж ирсэн автомашинуудыг ад үзэж, иргэдийг орлогоор нь ялгаварлаж болмооргүй санагдах юм.
Үндэстэн агентлаг
URL: