Боксын холбоог тэргүүлж эхэлсэн “Ажнай” Д.Бат-Эрдэний аранга болсон асуудал!
“МАК”-ын эзэн Н.Нямтайшир Монголын боксын холбооны Ерөнхийлөгч болох гэж байна гэх мэдээлэл байсан ч, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өнөөдрөөс тус холбоог удирдаж эхэллээ. Тус холбооны хурлаар гишүүд нь түүнийг сонгожээ. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд улстөрд байж, чамгүй их хэл аманд орооцолдож явсан Д.Бат-Эрдэнэ эрхэм 2020 оны Токиогийн олимпод Монголын ширэн бээлийтнүүдийг бэлтгэх хариуцлагатай үүргийг нуруундаа үүрлээ.
Түрүүн хэлсэнчлэн өнгөрсөн жилүүдэд тэрбээр янз бүрийн л мэдээлэлд нэр холбогдсон. АТГ-аас өнгөрсөн тавдугаар сард төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг албан ёсоор зарласантай зэрэгцэн зарим гишүүд шал худлаа мэдээллээр тус газрыг хуурдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд хүрсэн гэхэд болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг жилийн хугацаанд 18.9 сая төгрөг олсон нь УИХ-ын хамгийн бага орлоготой гишүүний нэгд тооцогдоход хүрсэн юм. Үнэндээ бол өмнийн говийн нүүрсний зах зээлд орон зайгаа бий болгосон “Ажнай” гэх тодотголтой Д.Бат-Эрдэнийг жилдээ 18-хан сая төгрөгийн орлоготой ажилладаг гэхэд хэн итгэх билээ дээ. Ядаж байхад мань эр Буриадын уран барималч Даши Намдаковын “Чингис хаан” баримлыг Лондоноос өнгөрөгч оны дундуур өөрөөсөө 3 сая евро /6 тэрбум төгрөг/ гарган худалдан авч, түүнийгээ Монгол Улсад бэлэглэж байна гэж баахан шуугиан дэгдээсэн шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө ийм хэмжээний мөнгө хөрөнгө гаргаж, од шиг загинадаг Д.Бат-Эрдэнэ хэрхэвч 18 саяын орлоготой байж таарахгүй гэдгийг хэлж ярих хүмүүс цөөнгүй байсан юм. За тэгээд хэвлэлүүд түүний талаар янз бүрээр бичиж ирсэн. Хувьцаатай холбоотой мэдээллүүд өнгөрсөн жилүүдэд их гарсан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ч.Отгончимэг болон түүний нөхөр Л.Туваанбаатар нарын хүмүүс Д.Бат-Эрдэнээс болж хохирсон гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн байдаг. Л.Туваанбаатар 1993 онд “Монгол эд импекс” хувьцаат компанид хувьцаа эзэмшдэг байв. Энэ хугацаанд ногдол ашиг гэж 1400 төгрөг авчээ. Тухайн үед Өмнөговь аймгийн Баяндалай суманд амьдарч байсан Ч.Отгончимэг, Л.Туваанбаатар нар хувьцааныхаа сургийг тэр болгон сонсдоггүй байв. Гэтэл тус аймагт брокер дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Далан” компани татан буугджээ. Тиймээс иргэд хувьцаагаа байгаа эсэхийг хэнээс асууж тодруулахаа мэдэхгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн аж. Тус аймагт Үнэт цаасны газрынхан ажиллахаар ирсэн байна. Үүнийг сонссон Ч.Отгончимэг аймгийн төв орж холбогдох хүмүүсээс хувьцааныхаа талаар лавлахад “Танай аймгийн брокер дилерийн “Далан” компанийн нэрийг өөрчлөн “Ажнай инвест” болгосон. Харин эзэн нь Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бий. Энэ компанид танай нөхрийн нэр дээр 220 ширхэг хувьцаа бүртгэлтэй байна” гэжээ. Ингээд тэд “Бидэнд 220 ширхэг хувьцаа байгаа юм байна” гэж бодон үүнийхээ араас хөөцөлдөв. Юун түрүүнд өнгөрсөн оны есдүгээр сард Үнэт цаасны газарт хандан өргөдөл бичжээ. Харин өргөдлийн хариуд “Ажнай инвест” брокер дилерийн компани татан буугдсан. Ажилтнууд нь ажлаасаа гарсан учир иргэний нэхэмжлэх гарга. Танд 220 ширхэг хувьцаа байсан. Гэхдээ арилжаалсан байна” гэсэн аж. Ч.Отгончимэг өөрийнх нь хувьцааг арилжаалах нь битгий хэл байгаа гэж бодож явжээ. Гэвч түүний өмнөөс хэн нэгэн этгээд хувьцааг нь арилжаалж, олох ёстой ашгийг нь аль хэдийнэ халаасалсан байна.
Ч.Отгончимэг хувьцаагаа хөөцөлдөж байхдаа Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргажээ. Түүний өргөдлийн хариуд “Өргөдөл гаргасантай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан “ҮЦТТТХТ” ХХК-аас хувьцааг худалдан авсан болон дамжуулан худалдсан бүх дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулан шүүж үзэхэд Л.Туваанбаатарын зөвшөөрөлгүй зарагдсан гэх хувьцаа хоёр удаа дамжин арилжаалагдсан байна. Өмнөговь аймгийн иргэдэд Үнэт цаасны зах зээлд зуучлах үүрэг бүхий брокер дилерийн “Ажнай инвест” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байсан хувьцааг хууль бусаар худалдсан тухай өргөдөл, гомдлууд 2007 оноос эхлэн их хэмжээгээр ирэх болсон” хэмээн дурьджээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо эдгээр өргөдөл, гомдлын дагуу шалгахад “Ажнай инвест” нь иргэдийн өмчлөлд байсан хувьцааг өмчлөгчийн зөвшөөрөл, захиалгын гэрээгүйгээр биржийн арилжаагаар бусдад арилжаалсан байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.2, 19.2.8, 27.3.2 дахь заалт, Үнэт цаасны хороо /хуучин нэрээр/-ны 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны тухай журам, 33 дугаар тогтоолоор баталсан Харилцагчийн захиалгыг хүлээн авах, биелүүлэх тухай журмын хэд, хэдэн заалтыг зөрчиж, хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулсан байгаа юм. Д.Бат-Эрдэний оролцоотой гэх хувьцаатай холбоотой мэдээлэл энэ мэтчилэн гарч байсан. 23 хүн хохирогч хэмээн өөрсдийгөө нэрлэж, нэгдэж байсныг эргэн сануулахад гэмгүй байх.
Ямар ч байсан хувьцаатай холбоотой асуудал өнгөрсөн жилүүдэд Ажнай Д.Бат-Эрдэний хувьд аранга болтлоо араас нь дагаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО