Б.Дэлгэрсайханы “Болд Төмөр Ерөө гол” 2011-2015 оны санхүүдээ шалгалт оруулахгүй гэж “томорчээ”

7(82)Естой дураараа загнана гэдгийг үзүүлсэн хэргийг 4,7 тэрбумын хөрөнгөтэй Б.Дэлгэрсайхан гишүүний “Болд Төмөр Ерөө гол” компани гаргаж сууна. Гаргаж байгаа авираас харахад “намайг хэн хэлэх вэ нохойг хэн саах вэ” гэсэнтэй адил.  2016 оны 5-р сард тухайн үеийн Гааль, татварын ерөнхий газрын удирдамжаар “Болд Төмөр Ерөө гол” компаний “2011-2015 оны санхүүгийн үйл ажиллагаа, албан татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдалд хяналт шалгалт хийх” 16/06  дугаартай удирдамж гарсан. Удирдамж тушаал гарсанаас хойш бараг хагас жил өнгөрөөд байхад татварынхан хууль ёсны шалгалтаа хийж чадахгүй одоог хүрчээ. Их хурлын гишүүний компани болохоор шалгах шалгуулах эсэхээ өөрсдөө мэддэг дархан эрхтэй болчихсон юм байна. Төр ийм хүчгүй болсон уу гэхэд үгүй мэт. Жирийн бизнесмэнийг өдөр шөнөгүй утасдаж тайлан балансыг нь хуу гаргуулж аваад шалгадаг атлаа Их хурлын гишүүний компанийг яаж ч чаддаггүй нь гайхалтай. Гэхдээ нэлээд эртнээс л ийм байдалтай явж иржээ. “Болд Төмөр Ерөө гол” нь 2008 оноос хойш татвар ногдуулалт төлөлтийн шалгалтанд нэг ч удаа иж бүрэн хамрагдаж байгаагүй гэвэл уншигчид итгэхгүй байх. Энгийн компани энэ  хооронд “хөлөөсөө толгой” хүртэл хэдэнтээ зад шалгуулчихсан байдаг. Б.Дэлгэрсайханы компанийг 2008 оноос хойш ТЕГ-ын газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газраас 2007-2008 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсээс 2008-2010, 2011-2012 онд хэсэгчилсэн, Улсын төсөв орлого хяналтын газраас 2016 оны 1-р сард (1 сарын НӨАТ-ын) хэсэгчилсэн шалгалтыг л тус тус хийсэн гэнэ. Бараг шалгуулж үзээгүй компани гэхэд болно. Гэтэл Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 3-р сарын 31-ний өдрийн А/93 тушаалаар батлагдсан 2016 онд татварын хяналт шалгалтанд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтад “Болд төмөр Ерөө гол” оржээ. ТЕГ-ын Тус газрын Эрсдэлийн удирдлагын газрын  судалгаагаар Б.Дэлгэрсайханы компани  эрсдэл бүхий гэж үнэлэгдсэн бол ГЕГ-ын судалгаагаар ч эрсдэлтэй гэж гарчээ. Хоёр газрын судалгаагаар эрсдэлтэй гэж гарсан компани санхүүгээ шалгуулахгүй гэж байгаа нь эрсдлийн зэрэглэл, хардлага сэжгийг улам ч ихэсгэж байна. Шалгалтын удирдамжаар 2011- 2015 оны албан татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгслийг гааль татварын байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд л хяналт шалгалт хийх зорилготой. Хэрвээ эрсдэлтэй гэж үнэлэгдсэн бол заавал иж бүрэн шалгалт оруулах учиртай. Хэдийгээр тухайн компани Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тод байдлын тайлангаа гаргаж өгсөн ч татвар төлөгч нь албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлээ гааль татварын байгууллагад мэдүүлж холбогдох албан татварыг төлөх үүрэгтэй аж. Харин “Болд Төмөр Ерөө гол” нь шалгуулчихсан гэж дайрдаг. Шалгуулахдаа татварын байгууллагаар бус цагдаа прокуророор шалгуулсан гэнэ. “Болдтөмөр Ерөө гоп”-ын татвар төлөлтийн тухайд бүр эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Дүүргийн 1-р прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн 2-р тогтоолоор “… онц их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэл хийсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж  байжээ. Одоо энэхүү прокурорын шийдвэрийг урдаа бариад шалгуулахгүй гээд суугаад байдаг гэнэ. Хэрэг хэрхэн хэрэгсэхгүй болсон нь бас л сонирхож үзэх зүйл мөн. Онц их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулаагүй л юм бол шалгуулахаас айгаад зугтаагаад байгаа нь сонин. Эсвэл татварын байцаагчид мэргэжлийн дагуу сайн шалгаж ухаж төнхөөд онц их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан байж болзошгүй өөр баримт илрүүлнэ гээд айгаад байгаа хэрэг үү… Ийнхүү Б.Дэлгэрсайханыг УИХ-ын гишүүн болохоос өмнө хийгдсэн байх ёстой шалгалтыг гишүүн болсныхоо дараа хийлгүүлэхгүй хэмээн заргалдаж явна. Ер нь энэ бизнесмэн гишүүн болсноосоо хойш юу хийсэн нь сонин. Нэг л удаа “ард түмэн тансаглаж байна, тэдний тансаглалыг зогсоох ёстой” хэмээн ярьж  олны дургүйцлийг төрүүлсэн. Энэ янзаараа явахад гурван жилийн дараа хоёрдагч “Симба” Батаа болоод дуусна биз. “Болд төмөр Ерөө гол” компани Монголын газрын баялаг төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг гэдгийг мэдэхгүй хүн ховор. Сэлэнгийн Дулаанханд байсан уул ганц хоёр жилийн дотор нүднээ алга болсныг нутгийнхан нь ярьдаг. Уул шиг их хүдэр гаргачихаад ном шиг жижигхэн хэдэн тайлангаа үзүүлэхгүй гээд гөжүүдлээд байгаагаа эрхэм гишүүний компани тайлбарлах хэрэгтэй./үргэлжлэл бий/

NUUTS.mn

URL:

Сэтгэгдэл бичих