Эгч, дүүс (Өгүүллэг)
Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсийн алдарт “Үлисс” роман Монголын уншигчдын гар дээр хүрээд багагүй хугацааг үджээ. Өнгөрсөн ХХ зууны туршид дэлхий дахинаа шуугиан тарьж, арав гаруй хэл дээр орчуулагдсан энэ зохиол монгол хэлнээ хөрвүүлэгдсэн нь зохиолч, утга зохиол судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж одоо ч гэсэн зарим уншигчдын сэтгэлгээг гайхшруулж байгаа нь уран зохиолын өвөрмөц, дээд түвшний арга барилаар бичигдсэн зохиол болохыг харуулж байгаа юм.
Тиймээс энэхүү бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн зохиолч, орчуулагч О.Чинбаяр уншигчдын хүсэлтээр ахин Ж.Жойсийн тэртээх 1914 онд чадан ядан байж хэвлүүлсэн “Дүблинчүүд” өгүүллэгийн түүврийг эх хэлнээ орчуулсан билээ. Энэхүү номонд багтсан “Эгч дүүс” хэмээх нэн сонирхолтой бүтээлийг уншигч танд бэлэг болгон өргөн барьж байна.
Эдүгээ ямар ч найдвар үлдсэнгүй. Энэ бол гурав дахь цохилт байлаа. Орой бүхэн би нэгэн байрны дэргэдүүр өнгөрч (амралтын үе) гэрэл тусах дөрвөлжин цонхыг сониучирхан харнам; үдэш бүр тэр цонхны цаана урьдын адил нэгэн жигд бүүдгэр гэрэл тусна. Хэрэв тэр нас нөгцсөн бол бараан өнгийн хөшгөн дээр лааны гэрэл тусах нь надад харагдах ёстой гэж би бодож байв. Яагаад гэвэл бүрлээчийн тэргүүн тушаа хос лаа асаах учиртай байдгийг би сайн мэднэ.
“Хорвоогийн тоосыг хөдөлгөх боломж надад тун бага үлдсэн” гэж тэр надад үргэлж ярьдагсан. Гэвч түүний хэлсэн үгс хоосон мэт санагддаг. Харин одоо энэ бүхэн үнэн гэдгийг би ойлгов. Үдэш бүр тэрхүү цонх руу харах бүрийдээ “саа өвчин” гэж дотроо аяархан бувтнадаг байв. Тэрээр миний чихэнд Эвклидийн хувьд “Гномон”1 мөн товч сургаалд гарах “Симония”2 гэх үгс тун гайхалтай сонсогддог байв. Харин одоо тэр миний хувьд ямар нэгэн хорон муу, завхай амьтны нэр лугаа адил сонсдоно. Надад тэр аймшиг төрүүлж, энэ үед нь би түүний аюултай ажлыг ойроос харахын тулд түүн рүү ойртохыг эрмэлзэнэ.
Намайг оройн хоол идэж байхад Коттер өвгөн галын дэргэд суун тамхиа шившиж байлаа.
Авга эгч минь аяганд агшаамал хийх үед, тэрбээр гэнэтхэн тасалдсан яриа руугаа эргэн орж буй мэт:
- Үгүй дээ, түүнийг би тийм байсан гэж хэлэхгүй… Гэхдээ л тэрний юу ч юм болоогүй… Тун гайхалтай… Би чамд санаагаа хэлье…
Тэрбээр бодолд автан гаансаа гүн соров. Уйтгартай хөгшин төгцөг! Түүнтэй танилцах үед тэр арай илүү сонирхолтой хүн шиг санагдаж байсан бөгөөд архи нэрэх олон аргын тухай бидэнд ярьсан ч эцэс төсгөлгүй ярианаас нь би залхаж орхисон юм.
- Чи ойлгож байна уу? Надад өөрийн гэсэн онол бий. Миний бодлоор энэ бол тэдгээр онцгой тохиолдлуудын нэг… Гэвч яг сайн хэлж мэдэхгүй байна. Тэрбээр өөрийнхөө онолыг бидэнтэй хуваалцалгүйгээр гаансаа аван дахин баагиулж гарлаа. Энэ үеэр авга ах гайхширсан нүдийг минь олж харав.
- Тун гунигтай мэдээ. Чиний эртний анд чинь нас барчихжээ гэж тэрбээр хэлэв.
- Хэн гэнэ ээ? гэж би асуув.
- Эцэг Флинн.
- Тэр нас барчихсан гэж үү?
- Тийм ээ. Ноён Коттер дөнгөж сая энэ тухай дуулгалаа. Тэр манай хажуугаар явж таарсан юм. Намайг хэн нэгэн ажиглаад байгааг би анзаарсан тул, энэхүү мэдээ ер сонирхол татаагүй мэт дүр эсгэн үргэлжлүүлэн идсээр суув.
- Манай хүү тэр хоёр дотно найзууд байсан юм. Өвгөн түүнд их ч зүйл зааж сургасан даа; тэр түүнд маш дотно ханддаг байсан! гэж авга ах минь Коттерт тайлбарлав.
- Бурхан түүнийг ивээг! хэмээн авга эгч сүсэглэн өгүүлэв. Өвгөн Коттер хэсэг зуур намайг сонжив. Хар сондор лугаа адил түүний харц тун хичээнгүйлэн надад шингэж байхыг би мэдэрсэн ч сониучхан занг нь дэврээхгүйн тулд тавагнаасаа огтхон ч нүд салгахгүй байхаар шийдэв. Тэрбээр гаансаараа дахин оролдож, эцэст нь тун шийдэмгийгээр задгай зуух руу нулимж орхив.
-Үр хүүхдүүд минь тийм хүнтэй хамт байхыг би лав зөвшөөрөхгүй байсан гэж тэрбээр хэлэв.
- Ноён Коттер, та үүгээрээ юу гэх гэсэн юм бэ? хэмээн авга эгч асуулаа.
- Энэ бол хүүхдүүдийн хувьд тун хортой зүйл гэж би хэлмээр байна хэмээн Коттер тайлбарлав. Жаалхүү бол үеийнхээ хөвгүүдтэй гүйж харайж тоглох учиртай болохоос биш… Жэк, би зөв ярьж байна уу?
- Би ч бас тэгэж бодож байна хэмээн авга ах хэлэв. – Энэ нөхөрт ч гэсэн би үргэлж л хөдөлгөөнт дасгал хий, сайн хөдөлж бай! гэж үглэх юм. Би түүн шиг нусаа гоожуулсан амьтан байхдаа өвөл зуны алинд ч өглөө эртлэн босоод хамгийн түрүүн хүйтэн усаар… Одоо харахгүй юу? Түүнийхээ хүчинд байж л байна. Боловсрол гэдэг тун чухал, ач тустай боловч… Ноён Коттерыг бага зэрэг шарсан хонины махаар дайлвал ямар вэ? гэж авга эгчид хандан тэр өгүүлэв.
- Үгүй ээ, үгүй. Хэрэггүй. Санаа зоволтгүй гэж Коттер хариулав. Авга эгч агуулахаас тавагтай хоол авчирч ширээн дээр тавив.
- Ноён Коттер, энэ бүхэн хүүхдэд муугаар нөлөөлнө гэдгийг та яаж мэдэв ээ? хэмээн тэрээр асуулаа.
- Хүүхдэд тун муу. Яагаад гэвэл хүүхдийн оюун санаа дэндүү эмзэг байдаг юм гэж Коттер хариулав. Ямар нэгэн болохгүй зүйл харсан хүүхдэд тэр бүхэн нөлөөлөхгүй гэж та бодож байна уу?
Өөрийнхөө уур уцаарыг ил гаргахгүйн тулд би амаараа дүүрэн овъёос чихэв. Уйтгартай, хөгшин, улаан хамартай новш! Тэр шөнө би нэлээд орой унтлаа. Намайг жаахан хүүхэд хэмээн нэрлэснийх нь төлөө би Коттерт уурлаж байсан ч түүний хэлсэн тасалдангуй үгсийн утга учрыг ойлгохыг хичээн толгойгоо гашилгав. Өрөөн доторх харанхуйгаас саа өвчтөний хөдөлгөөнгүй, цонхигор царайг би дахин олж харах шиг санагдана. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч Зул сарын баярын тухай бодохыг хичээв. Гэвч цонхийсон царайт араас минь дагасаар байлаа. Тэр ямар нэгэн зүйл шивнэж, юунд ч юм гэмшиснээ илэрхийлэхийг хүсч буйг би ойлгов. Би өөрийгөө ямар нэгэн нүгэлт хийгээд амтат ертөнцөд умбаж байгаагаа мэдрэхэд, намайг манаж байсан өнөөх царай тэнд бас л байж байв. Тэрбээр надад хандан нүглээ наминчлан, намуухан шивнэж эхэлмэгц, түүнийг яагаад зогсоо зайгүй инээмсэглэж, уруул нь чухам юунаас болж тийм чийглэг байгааг би ер ойлгож чадсангүй.
Дараа нь тэр саа өвчтөнийг нас барсныг эргэн санаад, түүний үйлдсэн аймшигтай нүглийг өршөөж, хариу инээмсэглэж байна даа гэж бодов. Маргааш нь өглөөний цайны дараа би Их-Британийн гудамжин дахь жижигхэн байшинг үзэхээр явав. Тэр нь “Жижиг бараа” хэмээх гандмал хаяг бүхий бүрсгэр лангуутай дэлгүүр ажээ. Гол төлөв тэнд янз бүрийн шүхэр, хүүхдийн гутал зарна. Жирийн үед цонхон дээр нь “Шүхэр засвар” гэсэн пайз өлгөөстэй байх авай. Өнөөдөр тэр хаяг байсангүй: цонхны самбар хаалттай байлаа. Маруухан хувцасласан хоёр эмэгтэй, шуудан зөөгчийн хамт хаалганы хэвэнд тогтоосон пайзан дээрхийг уншицгаана. Би ч мөн дөхөж очоод:
1895 оны долоодугаар сарын 1.
Дээрхийн Гэгээн Жэймс Флинн
(Митийн гудамжин дахь Екатеринагийн сүмийн ламтан асан) 65 настай
R.I.P.3
хэмээн пайзийг уншаад, нас барсныг нь мэдсэн агаад, болсон явдлыг сая л ухаарч, балмагдалд оров. Хэрэв тэр нас бараагүйсэн бол, лангууны ар дахь бяцхан өрөөнд нь орж, задгай зуухныхаа дэргэд зөөлөн сандал дээр хүрмээ нөмөрчихсөн сууж буйг нь харах байлаа. Авга эгч минь “Шилмэл” хамрын тамхи надаар дамжуулан илгээж, тэрхүү бэлэг унтаа байдлаас нь гаргах байсан даа. Түүний салга гар тамхиныхаа талыг ч асгалгүй хийж үл чадах тул хамрын тамхийг би саванд нь хийж өгнө. Салгалсан том гараа хамартаа ойртуулах үед тамхины үүрмэг гарынх нь салаагаар асгарч хувцсан дээр нь бужигнан унадаг байлаа.
Мөнхөд тамхи асгаснаас болж эртний ламын өмсгөл нь гандмал ногоон өнгөтэй болж, хувцсан дээр нь тогтсон тамхийг арчдаг байсан улаан өнгийн нусны алчуур тэр бүхнийг арилгаж үл дийлнэм.
Би дотогш орж түүн рүү харахыг хүсч байсан ч хаалга тогшихоос зайлсхийв. Гудамжны нарлаг талаар би тайвуухан явахдаа дэлгүүрийн шилэн хоргон дээрх бүхий л театрын зарыг гарчиглаж явав. Миний нэгэн адил тэр өдөр ч мөн эмгэнэн гашуудаагүй байсан нь надад сонин содон санагдаж байлаа. Гэнэтхэн би өөрийгөө эрх чөлөөтэй гэдгийг ойлгуут тун эвгүй байдлыг мэдэрч билээ. Түүний үхэл намайг ямар нэгэн зүйлээс чөлөөлсөн мэт санагдана. Урьд орой нь авга ахын хэлсэнчлэн, надад тэр их зүйлийг зааж сургасан гэдэг нь туйлын үнэн байсан болохоор энэ бүхэн намайг гайхшралд оршуулав. Ром дахь Ирландын коллежийг төгсөгч тэрбээр намайг латин хэлээр зөв уншиж сургасан юм. Хоргодох байр, Наполеон Бонапартын тухай ярьж, шашны янз бүрийн зан үйлийн ач тус хийгээд ламтан хүний элдэв янзын өмсгөлийн тухай тайлбарлаж өгдөг байв. Хүндхэн асуулт тавих нь түүнд таашаал өгдөг байснаас гадна аливаа тохиолдолд хэрхэн хандах, эсвэл учрыг нь яаж олох, аль нэгэн нүглийг байж болох хийгээд болохгүй талаар юу гэж бодож явдаг тухай үргэлж асуудагсан. Түүний тавьсан асуултууд сүмийн дүрэм журам ямар хүнд агаад нууцлаг болохыг мэдрүүлж байсан юм. Угтаа би тэднийг энгийн нэгэн зан үйл хэмээн тооцдог байв. Талархал хийгээд номлолын нууцад хандах лам хүний ажил үүрэг тун чухал мэт санагдаж байсан тул тэдгээрийг өөр дээрээ хүлээн авах эр зориг хэн нэгэнд байгаа гэдэгт би тун их гайхдаг байлаа.
Сүмийн Гэгээн эцэг нар яг л сонинд нийтэлдэг шүүх ажиллагааны талаар зарлал мэт жижигхэн үсгээр хэвлэгдсэн, шуудангийн лавлах шиг зузаан номыг бичсэн тухай ярихад би ердөө ч гайхаж байсангүй. Ихэвчлэн түүнд би ямар ч хариулт өгч чаддаггүйгээс гадна хааяа нэг тээнэгэлзэж байж өгдөг тэнэг хариултыг минь сонсон, тэрээр толгой дохин инээмсэглэдэг байлаа. Заримдаа тэр цээжлэхийг шаардаж байсан шашны цуглааны үеийн хариултуудын4 талаархи миний мэдлэгийг шалгадаг байв.
Намайг гацсан тохиолдолд дахин толгой дохин бодлогошронгуй инээмсэглэж, хамрын тамхинаасаа чимхэж аваад ээлжлэн сорно. Ламтанг инээх үед том шар шүд нь гялалзаж, хэл нь доод уруулаа налах тэрхүү зуршлыг нь хараад, түүнтэй ойр дотно болохоос өмнө ихээхэн эвгүйцдэг байлаа. Нар ээсэн замаар алхаж би Коттерын хэлсэн үгийг эргэн санаж, дараа нь зүүдэнд юу болсныг санах гэж оролдоно. Хамба хилэн хөшиг, эртний хэлбэр бүхий өлгөдөг дэнлүүг эргэн санав. Би ямар нэгэн үл мэдэх ёс жаяг бүхий улс оронд оччихсон байлаа - Эртний Пэрст ч байж мэднэ. Гэвч зүүднийхээ төгсгөлийг би санах гээд чадсангүй. Орой нь авга эгч минь намайг дагуулан бүрлээчийн гэр рүү хамтдаа явцгаав. Наран хэдийнэ жаргаж, баруун тийш харсан байшингуудын цонхны шилэнд час улаан, алтадмал хэлхээ үүлс тусаж байлаа. Нэнни биднийг үүднийхээ өрөөнд угтаж авав.
Тэрээр хашгирах учиртай ч, энэ нь цагаа олоогүй явдал байсан тул авга эгч минь түүний гараас барин дуугүйхэн мэндчилнэ. Эмгэн тун гайхширсан байдалтай гараараа дээш заах үед авга эгч хариуд нь толгой дохиж, дээш хөтлөх нарийнхан шатаар биднийг дагуулсаар тэргүүнээ гудайлган өгсөв. Дээд давхрын талбай дээр гармагц тэр бүрлээчийн өрөө рүү орохыг зөвшөөрч дохив. Авга эгчийг орох үед миний зог тусахыг ажигласан, эмгэн над руу дахин даллав. Би өлмий дээрээ явж орлоо. Угалзан хөвөөтэй хөшигний завсраар жаргаж буй нарны гэрэл өрөөнд тусах агаад тэнд байсан лаанууд галын нарийхан, бүүдгэр дөл лугаа адил тусна.
Тэрбээр авсанд хэвтэнэ. Нэннийгийн зөвлөсөн дагуу бид гурав бүрлээчийн өлмий дор өвдөглөн сууцгаав. Би залбирч байгаа дүр эсгэсэн ч сэтгэл санаа ер төвлөрч чадсангүй: эмгэний бувтнаа яриа анхаарал сарниулна. Банзлынх нь ард талын оноо далий байх агаад цэмбэн шаахайных нь ул нэг тал руугаа элгэдсэн ажээ. Хөгшин ламтан авсанд хэвтэн инээмсэглэж буй мэт санагдана. Гэвч үгүй байлаа. Бид босч орны толгой руу дөхөх зуур түүний огт инээмсэглээгүй болохыг би олж харав. Чухал хийгээд албархуу тэр яг л Бурхан номын ажил үүргээ гүйцэтгэх гэж буй мэт хувцасласан байх агаад хорчгор том гарт нь хэлтгий аяга бариулжээ. Зэвхий даасан царай, хамрынх нь аймшигтай том хар нүх, тарчигхан ургасан буурал сахал зэргийг харахуй тун чиг сүрдмээр байв. Өрөөнд хүндхэн үнэр ханхийх нь цэцгийн үнэр ажээ.
Бид загалмайлан ёслоод өрөөнөөс гарцгаав. Доод давхрын бяцхан өрөөнд зөөлөн сандал дээр Элайза тун хүндэтгэлтэйгээр сууж байлаа. Намайг урьд нь суудаг байсан булан руугаа очихуйд, Нэнни галын өрөөний тавиураас лонхтой дарс, хэдэн хундагны хамт гаргаж ирэв. Энэ бүхнээ ширээн дээр тавьж нэг нэг хундага дарс хүртэхийг санал болгов. Дараа нь эгчийг дохио өгмөгц, дарс хундагалж бидэнд барив. Үүнээс гадна тэрээр цөцгийтэй хатаамаг идэх үү гэж надаас асуусан ч дэндүү чанга хүржигнэх байх хэмээн бодоод би татгалзав. Тэрээр намайг татгалзсанд гомдсон бололтой эгчийнхээ сандлын арын буйдан дээр чимээгүйхэн суулаа. Хэн ч, ямар ч үг үл хэлэх агаад бид бүгд гал үгүй задгай зуух руу ширтэцгээнэ. Элайзаг санаа алдахуйд авга эгч минь түүнд хандан:
- Тэр амар амгалангийн газар очсон доо гэв! – Элайза дахин санаа алдаж, түүнийг зөвшөөрч буй мэт тэргүүнээ гудайлгав. Авга эгч балгахаасаа өмнө дарстай хундагаа нааш цааш эргүүлж тойруулав. – Тэр яасан… Зовоогүй биз дээ? хэмээн асуув.
- Ер зовоогүй ээ! гэж Элайза хариулав. – Түүнийг амьсгал хураахад хэлэх ч үг олдоогүй. Бурханы авралаар ер зовлонгүй явлаа даа.
- Тэгээд нөгөө?..
- Эцэг О’Рурк мягмар гарагт ирж буяны ном хурсан.
- Тэгвэл мэдэж байсан байх нь ээ?…
- Тийм ээ. Тун тайван Бурхан болсон доо.
- Байгаа байдал нь ч гэсэн амар амгалан гэж авга эгч хэлэв.
- Угаал үйлдэхээр ирсэн эмэгтэй ч мөн тэгж хэлсэн. Яг л унтаж байгаа мэт царай зүс нь тун тайван амгалан байна гэж тэр хэлж байсан. Авсанд орсон хойно түүнийг ийм сайхан харагдана гэж хэн ч бодоогүй байх.
- Энэ ч үнэн шүү! гэж авга эгч бувтнав. Тэрээр хундаганаасаа дахин нэг балгаад: – За хатагтай Флинн, түүний төлөө та чадах бүхнээ хийсэн нь таны хувьд томоохон тайвшрал авчрах учиртай. Та хоёр хоёулаа л түүнийг байдгаараа халамжилсан. Элайза даашинзныхаа хормойг засав.
- Хөөрхий Жэймс! Бид түүний төлөө чадах бүхнээ хийснийг Бурхан харж байгаа даа хэмээн тэр өгүүлэв. – Бидэнд хүндхэн байсан ч гэсэн шаардлагатай бүхнийг нь гүйцэлдүүлсэн. Нэнни буйдангийн дэргэд толгойгоо наан суух нь яг л унтах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
- Тийм ээ, Нэнни ч бас хөөрхий амьтан, сүүлдээ ч бүр ядарч гүйцсэн шүү! гэж Элайза хэлээд түүний зүг харц чулуудав.
- Угаал үйлдэх эмэгтэйг олох, хувцас сэлтийг нь сольж, ширээн дээр тавих, сүмд буян ном хурах асуудлыг зохицуулах гээд бүхий л юмыг өөрсдөө хийхээс өөр аргагүй байлаа. Эцэг О’Рурк байгаагүйсэн бол яаж ч зохицуулах байсан юм бүү мэд. Тэр бас энэ цэцэгсийг сүмийн хоёр лааны суурьтай хамт явуулж “Freemаn Journal”-д эмгэнэлийн зар өгч, хөөрхий Жэймсийн даатгалын буянд оршуулгынх нь ажлыг өөрөө хариуцахаар болсон.
- Тун сайн хүн юм даа! гэж авга эгч дуу алдав.
Элайза нүдээ аниад толгойгоо аажуухан савлана.
- Тийм ээ! Эртний анд гэдэг л үнэнч нөхөр байх юм даа! хэмээн тэр хэлэв. – Үнэнийг хэлэхэд талийгаачийн найз нөхөд гэж ямар хүмүүс байсан бэ?
- Юу үнэн, тэр үнэн гэж авга эгч хэлэв. – Одоо тэр нөгөө ертөнцөд оччихсон өөрийнх нь төлөө та нарын хийсэн бүхнийг дурсч байгаа болов уу.
- Хөөрхий Жэймс! хэмээн Элайза давтан өгүүлэв. – Түүнтэй хамт байхад ямар ч асуудал байгаагүй дээ. Үгүй болсон хойноо ч гэсэн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тийм л дуугай хүн байж дээ. Мэдээж түүнд…
- Тийм ээ. Бүх зүйл өнгөрсөн хойно, та нарт тэр үгүйлэгдэх л болно гэж авга эгч хэлэв.
- Мэдэж байна аа! хэмээн Элайза хариулав. – Одоо түүнд сайхан шөл аваачиж өгөх шаардлагагүй боллоо. Хатагтай, одоо түүнд хамрын тамхи явуулах шаардлагагүй боллоо. Хөөрхий Жэймс!
Тэрээр өнгөрсөн амьдралдаа автан дуугүйхэн сууж байснаа:
- Сүүлийн үед түүний нэг л сонин байх болсныг би анзаарсан. Шөл аваачиж өгөхөд уншлагын номоо шалан дээр унагачихсан, амаа ангайн зөөлөн сандал дээр хэвтэж байхыг нь би нэг бус удаа харсан гэв.
Тэрээр хамраа арчин хөмсөгөө зангидсанаа:
- Зун дуусахаас өмнө нэг хоног ч болов “Irish town”5-нд очиж өсч торнисон хуучин байшингаа нэг харах юмсан гэж үргэлж ярьдагсан гэж яриагаа үргэлжлүүлэв. Нэнни бид хоёртой хамт явах тухайгаа байнга л ярьж байсан. Хамгийн гол нь эндээс холгүй байдаг Жонни Рашаас ямар ч дуу чимээгүй шинэ хийцийн сүйх тэрэг түр авах хэрэгтэй гэж Эцэг О’Рурк түүнд ярьж байсан. Тэгээд л бүтэн сайн өдрийн орой гурвуул гараад давхина даа… Энэ бүхэн түүний толгойд гүн суусан байж дээ… Хөөрхий Жэймс!
- Бурхан минь! түүнийг тайван нойрсуул даа! гэж авга эгч хэлэв. Элайза нүдээ арчихаар нусны алчуураа гаргав. Дараа нь тэр алчуураа халаасандаа эргүүлж хийгээд хэсэгхэн зуур хоосон задгай зуух руу дуугүйхэн харав.
- Тэр ямар нямбай хүн байсан гэж санана хэмээн тэрээр хэлэв. – Сүмийн хэргэм түүнд хүнддэж байснаас гадна, амьдрал нь ч бас амар байгаагүйг хэлэх хэрэгтэй.
- Тийм ээ, их л гутранги хүн байсан даа! гэж авга эгч хэлэв. – Түүнийг харахад л андашгүй байдагсан.
Умгар өрөөнд нам гүм ноёлмогц энэхүү боломжийг ашиглан би ширээ рүү очиж хундагатайгаас нэг том балгаад, булан руугаа чимээгүйхэн эргэж очив. Элайза нэлээдгүй манарсан байдалд умбасан мэт санагдана. Энэхүү нам гүмийг тэр хэдийд зөрчих вэ гэдгийг бид хүндэтгэлтэйгээр хүлээж байлаа; урт удаан завсарлага авсны дараа тэр алгуурхан ярьж эхлэв:
- Энэ бүхэн түүний хагалсан аяганаас л болж байгаа юм… Үүнээс л хамаг юм боллоо. Дотор нь юу ч байгаагүй юм чинь айх аюулгүй гэж ярьж байсан. Гэсэн хэдий ч… Үйлчлэгч бүсгүйг буруутан мэт ярьцгаана. Гэвч хөөрхий Жэймс тун их бухимдах болсон. Бурхан өршөөг!
- Тийм юмнаас болсон гэж үү? хэмээн авга эгч асуув. – Би арай л өөр юм сонссон…
Элайза толгой дохив.
- Үүнээс болж түүний оюун ухаан муудсан! гэж тэр хэлэв.
- Үүний дараа тэр янз бүрийн юм бодож, хэнтэй ч ярихгүй ганцаар холхидог болсон. Нэгэн орой хоолоо иднэ үү хэмээн дуудахаар очоод, хаанаас ч эрж хайгаад олж чадаагүй юм. Тэд хаа сайгүй хайсан ч тэр ор сураггүй алга байлаа. Тиймээс л сүмээс эрж хайхыг зөвлөсөн юм. Эцэг О’Рурк, сүмийн ажилтан, мөн тэдний хамт байсан лам нар сүмийн хаалгыг онгойлгон бамбар барьсаар тийш орсон гэдэг. Гэтэл юу болсон гэж бодож байна? Тэнд нүгэл наминчилдаг харанхуй өрөөнд ганцаархнаа суучихсан нэгэн зүг рүү цоо ширтэж, өөрийгөө шоолж буй мэт сууж байсан гээд бод!
Тэрээр гэнэтхэн юу ч юм сонссон мэт дуугүй болов. Би ч мөн чих тавин сонсов. Байшинд ямар ч чимээ үл сонсдох агаад хөгшин ламтан бидний түрүүн харсан шиг энгэртээ хоосон аяга барьсаар, догшин бас тун албархуу байдалтай авсанд хэвтэж байгаа гэдгийг би мэдэж байлаа.
- Нэгэн зүг рүү цоо ширтэж, өөрийгөө шоолж байгаа мэт… Мэдээж хэрэг тэд түүнийг харуутаа л ямар нэгэн болохгүй юм болсныг олж мэдсэн байх аа гэж Элайза давтан хэлэв.
1 Одон орны хэрэгслийн эртний төрөл – өдрийн шугамыг тодорхойлсон босоо багана
2 Гэгээн хэргэмийн шашны албан тушаалыг худалдах ба худалдан авах, мөнгөөр нүгэл наминчлах зэргийг Дундад зууны үед Ромын пап нар өргөн дэлгэр хэрэглэдэг байв
3 Ум сайн амгалан болтугай! /латин/
4 Шашны цуглааны үеэр мөргөл үйлдэж буй хүмүүс ламтанд хандан хариулж буй үг, өгүүлбэр
5 Дублины тохойн эрэг дээрх ядуусын хороолол
URL: