Ж.Батсуурь сайд их дээд сургуулиудын захирлыг хууль бусаар халах ажлаа эхлүүлжээ
- Эхний халагдах захирал нь АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар аж -
Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж Их дээд сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг доод тал нь 50 хувь байхаар өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ж.Батсуурь тушаал гаргаж МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн удирдах зөвлөлийн даргыг өөрчилсөн. Мөн хуульд өөрчлөлт орсноор сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг нэмэгдүүлсэн юм. Ингэж хууль өөрчлөлт оруулсан нь эрх баригч МАН өөрийн хүнээ сургуулийн захирлаар томилох, сургуулийн захирлуудыг өөрчлөх нь гэсэн хардлага боловсролын салбарт үүссэн юм.
Энэхүү хардлага эхнээсээ биелэлээ олж, их дээд сургуулиудын захирлуудаар Ж.Батсууурь сайд оролдож эхэлсэн байна. Тухайлбал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг ажлаа өг гэдэг шахалтыг удирдах зөвлөлөөс нь тавьж эхэлжээ. Нэг сарын өмнө АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нарыг томилсон.
Сургуулийнхаа үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд амжилттай авч яваа гэж хамт олон нь үнэлж, хууль бус халаа сэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тус сургуулийн багш ажилчид, эрдэмтэн докторууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарт захидал хүргүүлжээ.
Тус захидалд “Сүүлийн үед төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирал удирдлагыг өөрчлөх тухай яриа олон нийтийн дунд ил тод яригдах боллоо. Их сургууль нь улс төрийн нөлөөллөөс ангид, бие даасан, академик эрх чөлөө бүхий байгууллага болохыг хуулиар баталгаажуулсан билээ.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь Ази Номхон Далайн Баруун бүсийн шилдэг их сургуулийн нэг болох зорилго дэвшүүлэн, Хөгжлийн бодлогоо боловсруулж, Удирдах Зөвлөлөөр батлуулан ажиллаж байна. Бидний олон жилийн мөрөөдөл болсон Их сургуулийн хотхон Улаанбаатар хотын зүүн дүүрэгт баригдаж эхэллээ. АШУҮИС-ийн Монгол-Японы Сургалтын эмнэлэг, Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оношилгоо, шинжилгээний төв лаборатори, багш ажилчид, оюутан залуучуудын байр бүхий хотхоны эхний хэсгээ 2018 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна.
Сүүлийн гурван жилд орчин үеийн дэвшилтэт үйлчилгээ бүхий номын сан, судалгааны цөм лаборатори, оюутны ЭКО цогцолбор, Эмзүйн сургуулийн байр, НАСС-ийн Шүдний эмнэлгийн барилга зэргийг шинээр ашиглалтанд орууллаа. Тиймээс мянга мянган оюутан, багш, эмч, ажилтны 70 гаруй жилийн мөрөөдөл болсон бүтээн байгуулалт, төслүүдийг эхлүүлэн идэвх зүтгэл, үр дүнтэй, бидний итгэлийг даан ажиллаж буй одоогийн удирдлагын багийг дэмжин үргэлжлүүлэн ажиллуулахыг танаас хүсье. Бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт гүнээ итгэж Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу Танд саналаа илэрхийлж байна” гэжээ.
Сургуулийн захирлыг өөрчлөхтэй холбоотойгоор түүний оронд ирэх хүний нэр ч сонсогдож байна. АШУҮИС-ийн захирлаар БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ж.Цолмон очиж магадгүй аж. Түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилохоор Засгийн газраас нэрийг нь өргөн мэдүүлсэн ч АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй юм. Түүнээс хойш БСШУС-ын сайдын зөвлөхөөр очоод удаагүй байна. Тэрээр одоогийн албан тушаалаа голонгуй байгаа гэх. Сайдын суудлаас мултарсан түүнд одоо тус сургуулийн захирлаас өөр очих өндөр албан тушаал үлдээгүй байх магадлалтай юм.
Шинэ захирлын сураг дуулдсантай холбоотойгоор тус сургуулийн багш, ажилчид “Монголын ард түмэн Монгол ардын намыг сонгосон. Бид ч бас сонгосон. БСШУС-ын сайд ноён Ж.Батсуурь Монгол ардын намын Удирдах зөвлөлийн нэрийг барин улс төрийн бохир шийдвэр гаргахаар улайран зүтгэж байна. Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай, сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагад гишгэх газар байхгүй болно” гэжээ.
Ийнхүү БСШУС-ын сайд Ж.Батсуурь их дээд сургуулийн захирлуудыг үндэслэлгүйгээр чөлөөлөх ажлаа эхлүүлсэн байна.
Т.Амараа
zindaa.mn
URL: