Индонез, Австралийн нүүрс татвараас чөлөөлөгдөв. Харин манайх…

4d2ae4cabc350eaabigТ.ЖАНЦАН

Хятад  Австралийн нүүрсийг хоёр хувийн импортын татвараас чөлөөлжээ. Татварын уг хөнгөлөлт нь тонн тутамдаа 1.5 ам.доллар болох  гэнэ. Энэ нь хоёр улс гурван жилийн өмнө чөлөөт худалдааны гэрээ байгуулсантай холбоотой аж. Ингээд энэ оноос эхлээд Австралийн нүүрс импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх боллоо.  Уг чөлөөт худалдааны гэрээний дагуу гурван жилийн өмнө Хятад Австралиас авч буй нүүрсэнд зургаан хувийн импортын татвар ногдуулж байж. Харин гэрээ байгуулснаар жил тутам хоёр хувиар буурч эхэлсэн байна. Хятадад нүүрс нийлүүлэлтээр Австралийн дараа бичигддэг улс бол Индонез. Индонезийн нүүрс мөн адил импортын татвараас чөлөөлөгдөж байна. Учир нь, тус улс АСЕАН-ы гишүүн тул импортын татвараас албан ёсоор чөлөөлөгдөх болов.  Татарын энэ хөнгөлөлт нь эдгээр улс Хятадын нүүрсний зах зээлд байр сууриа улам бататган бэхжүүлэх боломж болж буй юм. Харин Монгол Улс Хятадтай хил залгаа, нүүрсний чанараар бусдаас дутахгүй ч тус улсын зах зээлд байр сууриа төдийлөн бэхжүүлж чадахгүй байгаа. Ганц нүүрс бус зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос гээд экспортын гол бүтээгдэхүүн Хятадын зах зээлд л нийлүүлэгддэг. Манай улсын экспортын 90 хувь нь тус улсын зах зээлд борлуулагддаг тооцоо бий. Тэгэхээр Монгол Улсын гадаад валют олох нэг урсгал экспорт нь Хятадын зах зээлийн байдал, үнэ ханш, татвар хураамжаас шалтгаалдаг гэсэн үг.  Гэтэл тус улстай худалдааны гэрээ хэлцэл хийж импортын татвараас чөлөөлүүлэх талаар гэрээ хэлцэл хараахан хийж чадаагүй байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Хятад манай улсаас авч буй нүүрс, зэсийн баяжмалд импортын татвар ногдуулах шийдвэр гаргаснаа зарласан. Тухайлбал, Хятадын ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хороо Ганц модны боомтоор нэвтэрч буй нүүрсний тонн тутмаас найм, машин бүрээс 10 юанийн татвар авах болсон билээ. Мөн үнэт металын экспортын үнийн дүнгийн 10 мянган юань тутамд 0.2 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн.  Манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  Хятадын талд Гашуунсухайт-Ганц модны боомтын олон улсын статустай болгох, орон нутгийн зүгээс тогтоож байгаа татвар хураамжийг тэглэх тухай асуудал тухайн үед тавьсан гэдэг. Гэвч нааштай хариу өгсөн мэдээлэл одоогоор алга.

Хятадын талаас ийм татвар ногдуулж буй анхны тохиолдол биш. Тус улс 2014 онд импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулж байсан. Ингэхдээ хүрэн нүүрсэнд зургаа, коксжих нүүрсэнд гурван хувийн татвар тонн тутамд нь ногдуулах болсон. Тухайн үед Хятадын зах зээлд угааж баяжуулсан нүүрсний үнэ 10-20, коксжих нүүрсний үнэ 20-30 юаниар тус тус огцом өсч байсан удаатай.  Гэвч үнийн энэ өсөлт удаан хадгалагдаагүй эргээд унасан юм. Үнэ унасан үед уг татварыг хүчингүй болгож байв. Тэгвэл нүүрсний үнэ дахин өсч эхэлсэн тул уг татварыг сэргээжээ.

Харин нүүрс экспортлогч  компаниуд үнийн нэг цонхны бодлого хэрэгжүүлэх талаар ярилцаж тохиролцоонд хүрч буй мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл манай нүүрсийг ав гэж бие биенийхээ үнийг унагаж дотооддоо өрсөлдөн гүйдэгээ болино гэсэн үг. Нэг ёсондоо тогтсон үнээр, нэг байр сууринаас, нэг улсын зах зээлд хандах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж буй юм.

Манай улсын ДНБ 17.2 их наяд төгрөг болсон. Тэгвэл ДНБ-ий 33.5 хувьтай тэнцэх хэмжээний ам.доллар эдийн засагт хэрэгтэй байгаа. Эдийн засагчдын тооцоогоор 6-7 тэрбум ам.доллар байвал эдийн засгийн хямралаас гарна гэдэг. Энэ хэмжээний мөнгө олох нэг суваг нь экспорт. Тэр дундаа ашигт малтмалын экспортоос жилд нэг их наяд гаруй төгрөг улсын төсөвт төвлөрүүлж ирсэн. Энэ төсвийн нийт орлогын 20 орчим хувь болдог тооцоо бий. Нүүрсний үнэ  тонн тутамдаа 10, зэсийн үнэ 300 ам.доллараар тус бүр өсөхөд төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөгөөр буурах боломж байгаа хэмээн эдийн засагчид хэлдэг.  Тэгвэл манай улс энэ жилийн услын төсөвт 23.5 сая тонн нүүрс экспортолно хэмээн тусгасан. Үүнд хүрэх эсэхэд Хятадын зах зээлийн үнэ ханш, импортын татвар нөлөөлөх нь тодорхой.

Уул уурхайн статистик мэдээллээс харвал өнгөрсөн оны арванэгдүгээр сард манай улсын нүүрсний экспорт 22.5, зэсийн баяжмал 1.4, төмрийн хүдэр, баяжмал 5.5 сая тоннд хүрчээ. Үндэсний статистикийн хорооноос өнгөсөн оны наймдугаар сард манай улсын  коксжих нүүрсний экспорт 13.7 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн. Ингээд нүүрсний экспортын орлого 18 сая ам.доллараар өсч 421 сая ам.долларт хүрсэн нь  нийт экспортын орлогын 14 хувийг бүрдүүлсэн хэмээн мэдээлж байв. Тухайн үед нүүрсний үнэ өсч сэргэсэн. Энэ нь Хятадууд нүүрсний уурхайн ажиллах хоногийн тоог цөөлсөн, үер усны гамшиг тохиосонтой холбоотой хэмээн судлаачид тодорхойлж байсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас экспортын ашигт малтмалын дэлхийн зах зээлийн жишиг үнийн дундажийг сар бүр зарладаг. Тэгвэл нэгдүгээр сард боловсруулаагүй коксжих нүүрс чанараасаа шалтгаалж нэг тонн нь 59-135 ам.доллар байна гэж үзэв. Боловсруулсан коксжих нүүрс нь 102-146 ам.доллар байх аж. Харин зах зээлийн шинжээчид нүүрс, зэсийн үнийг ямар байх талаар төдийлөн тоймтой төсөөлөл хийхгүй байна. Энэ Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, дэлхийн нийтэд хямралт байдал үргэлжилж буйтай холбоотой юм.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих