Төрөөс телевизүүдийн санхүүжүүлж, иргэдээс төлбөр авах хуулийн төсөл боловсруулжээ
Хэлсэн ярьсан нь алд дэлэм зөрүүтэй хүнийг ”худалч хүн” гэдэг бол төлөвлөсөн хөтөлбөр төлөвлөгөө, хэлэх хийх нь хол зөрүүтэй ЭРХ БАРИГЧДЫГ юу гэх вэ?
“Ардаа алагчлахгүй, шударга ёсыг сэргээнэ, татвар нэмэхгүй, төрийн албыг төрлийн шалгуураар бүрдүүлэхгүй” гэж 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАН өнгөрсөн хагас жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн вэ?
“Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 1-р зүйл буюу Хуулийн зорилт хэсэгт ”…Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” хэмээжээ.
Мөн тус хуулийн төслийн 20.1. Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан /цаашид “сан” гэх/-ийн зорилго нь Үндэсний нэвтрүүлэг бэлтгэх, Монгол бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, үндэсний нэвтрүүлэг хийх, монгол бүтээл үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах, иргэдээс үйлчилгээний аливаа төлбөр хураамж авахгүйгээр олон нийтэд хүргэх үйлчилгээг дэмжихэд оршино” гэжээ.
Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийн дээрх заалтуудад хэд хэдэн “но-той, ноцтой” үндэслэлүүд байгааг хууль санаачилгачид олж хараагүй бололтой. Тухайлбал,
- Улсын төсвөөс хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүжүүлэх байдлаар хандаж байгаа нь эргээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага төрөөс хараат болох
- Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн 2-д заасан ”Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
- Телевизийн контентийг өөртөө эрсдэл хүлээн олон нийтэд хүргэж байгаа олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс төлбөр авах, түүгээр зогсохгүй телевиз үзэгч, иргэний халааснаас төлбөр авахаар заасан нь эдийн засгийн хямралтай цаг үед хэрэглэгчидэд санхүүгийн дарамт үүсгэх нөхцөлийг бий болгоно. Улмаар бизнесийн шалгарлаар арай ядан оршин тогтнож байгаа кабелийн телевизүүдийг шууд үүд хаалгаа барихад хүргэнэ.
- Түүнчлэн эрх баригч МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дурьдсан “татвар болон элдэв төлбөр нэмж иргэдэд эдийн засгийн дарамт учруулахгүй” гэсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм. Энэ хууль хэрэгжснээр иргэд телевиз үзсэнийхээ төлөө мөнгө төлөх шаардлагатай болж байгаа юм.
- Сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтоохоор тусгасан нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг Засгаас тодруулбал төрөөс шууд хараат байдалд оруулан, ямар нэг аргаар төр засаг, эрх баригчидтай “ойр” байх тэдний ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлд нийцсэн контент бэлтгэх, тэднийг дэмжин үйл ажиллагаа явуулах байдал бий болно.
- Монгол үндэсний нэвтрүүлэг, контент бэлтгэж гаргах нэрээр цөөн хэдэн телевизүүд төрөөр дамжуулан Сангаас татаас авах нөхцөл үүснэ. Ингэснээр телевизүүдийн дунд чөлөөт шударга өрсөлдөөн үгүй болж, цөөн хэдхэн телевизүүдэд давуу байдал үүснэ. Монгол бүтээл нэртэй чанаргүй контентүүд олширч, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн контент үйлдвэрлэл буурна.
Зөвхөн хуулийн төслийн 20-р зүйлийг авч үзэхэд ийм байгаа бол мөн хуулийн төслийн 26.4-т ”Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр дамжуулж буй хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сувагт өөрчлөлт оруулах, хязгаарлалт тогтоохыг хориглоно” гэсэн нь шууд хувийн хэвшлийн байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс төрөөс оролцсон, төрийн байгууллага албан тушаалтнаас үйлчилгээ эрхлэгчийн эрх ашигт бүдүүлгээр халдсан, тулган шаардсан, цензур тогтоох гэсэн зорилготой байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн агуулга нь бодит байдалтай огт нийцэхгүй, хэд хэдэн хуулийн агуулгатай зөрчилдсөн атал тус хуудуутай хуулийн төслийг яаран сандран санаачлан УИХ-аар батлуулахаар зорьж байгаа нь хэний эрх ашгийг, хэн илэрхийлээд, бас хэн хамгаалаад байна вэ гэсэн асуултыг асуухад хүргэж байна.
Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээлэх болно…
Ц.Мөнх
Эх сурвалж: Ugluu.mn
URL: