Утаа улирлын шинжтэй арилах гамшиг
- Утаагаар ч угжуулж байна аа хө
- Хороор ч хооллож байна аа хө гэж хоорондоо цэцэрхсэн хоёр хүн зөрж өнгөрлөө.
Хоёр хүний хоорондоо ярьж байгааг сонсоход баярласан, гуньсан ямар нэг шинж тэмдэг алга. Улаанбаатарын утааны хор уршгын талаар ярьж байгаа нь төвөггүй ойлгогдож байв.
Улаанбаатарын утааны голомтыг төвийн зургаан дүүргийн гэр хороолол хэмээн тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд утааны голомтыг хумих, “утаа үйлдвэрлэл”-ийг багасгах талаар янз бүрийн арга хэмжээ авах гэж оролдлоо. Чамлахааргүй их мөнгө зарлаа. Хармсалтай нь утаа бага болсонгүй, эсэргээрээ бүр нэмэгдсэн гэж болно.
Утааг гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг 2012 онд албаны хүмүүс хэлж байсан байна. Тухайлбал хотын Агаарын чанарын албаны дарга Д. Мөнхцог “Улаанбаатар хотын агаарын бохирдлын төлөв байдал хүнд гамшгийн хэмжээнд хүрлээ. Утаа үндэсний аюулгүй байдал болон төр засгийн хэмжээнд ярих болсон. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хамгийн том эх үүсвэр нь нийслэлийн гэр хороолол” хэмээн хэлж байжээ.
Тэгэхээр гамшгийн эсрэг өнгөрсөн хугацаанд төр засгаас авч хэргжүүлсэн арга хэмжээнд үр дүн гараагүй байна. Гэр хорооллын нүүрс түлдэг өрхийг 2012 онд 180 мянга гэж тоолж байсан. Гэвч 2017 онд 210 мянга болж өсчээ. Гэр хорооллын хүрээг тэлдэг эх үүсвэр нь хөдөөнөөс шилжин ирэгсэд.
Нийслэлийн гэр хороололд жилдээ 5 мянга орчим өрх бүртгэлгүйгээр ирж суурьшдаг гэсэн албан бус мэдээлэл байна. Бүрэн шилжиж ирээгүй, иргэд ямар нэг хөнгөлөлт эдлэхгүй. Дээр нь цахилгаанд холбогдоогүй 6 мянган өрх бий. Эдгээр нь утаа үйлдвэрлэлийг бодитоор өсгөж байна.
Урьд нь зуух тараах, боловсруулсан түлш бий болгох талаар албаны хүмүүс ярьж байлаа. Яг одоо буюу 2017 онд нийслэлийн утаатай тэмцэх талаар төр засгийн хүмүүс юу хэлж байгааг сонирхуулъяа.
Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж:-Агаарын бохирдлоос үүдэн Улаанбаатарт амьдарна гэдэг аюултай орчинд амьдарч байна гэдэгтэй утга нэг боллоо. Тиймээс аюултай орчинд хязгаарлалт хийхээс өөр аргагүй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:-Засгийн газрын зүгээс түлш, зуух бус бусад олон төрлийн бүтээгдэхүүнээр утааны асуудлыг шийдэхээр хичээж байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг хийнэ. Түүнчлэн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд: - ”Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргалаа. Уг захирамжаар Улаанбаатар хотод зайлшгүй удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай иргэдийг шилжүүлнэ. Түүнчлэн зээлд хамрагдан Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны Нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсооно.
Гамшгаас гарахын тулд төр засаг албадлага хэрэглэх нь тодорхой боллоо. Албадлагын арга бол утааг эрчимтэй буруулах зорилгодоо хүрэх үндсэн арга болж чадахгүй. Гэр хорооллын өнөөдрийн нүүр царайг үндсээр нь өөрчилж байж утаанаас сална. Ингэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг талаар ярих хэрэгтэй болжээ.
Түүхий нүүрснээс өөр гэр хороололд өргөн хэрэглэх түлш байхгүй. Түүнийг бууруулахын тулд тус бүсэд шөнийн цахилгааныг үнэгүй болгож, цахилгаан халаагуураар халаах бүс бий болгоно гэж байна. Ийм бүс бий болгохын тулд гэр хорооллын цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх хэрэгтэй болно.
Нийслэлд 2005 онд цахилгаан дамжуулах хөнгөн цагаан шугамыг бүрээстэй болгох төсөл хэрэгжсэн. Мөн шонгоос гэр рүү ордог утсыг газар доогуур болгосон. Түүнээс өрөөр олныг хамарсан шугамын шинэчлэл хийгээгүй. Энэ шинэчлэл хийгдээд 12 жил өнгөрчээ.
Одоо айл бүхэн халаагуур тавина гэхэд дамжуулах шугам бэлэн бус. Дээр нь иргэдийн ахуйн аргаар барьсан байшин дулааныхаа 25 хувийг дээврээрээ, 35 хувийг ханаараа, 10 хувийг цонхоороо тус бүр алдаж байна гэсэн судалгаа бий. Дулаалгагүй, дулааны алдагдалтай орон сууцанд иргэд амьдарч байхад угжныхаа утаанаас бид салахгүй болов уу.
Утаатай тэмцэж эхэлсэн өнгөрсөн хугацаанд багагүй мөнгө зарцуулсан гэж дээр хэлсэн . Энд царцуулсан мөнгийг утаатайгаа цуг агаарт цацчихжээ. Харин утаа биднийг бүрхээж зарцуулсан мөнгө тэнгэрт “од” болон гялалзаж байна. Цаашдаа энэ алдааг давтахгүйн тулд утаатай тэмцэхэд зарцуулах мөнгийг тэнгэрт цацахгүй, газарт гагнаж, гэр хорооллын иргэдэд дулаалгатай, дулааны алдагдалгүй байшинтай болоход нь зориулах хэрэгтэй .
Гэр хорооллынхныг дулаалгатай, дулааны алдагдалгүй байшинтай болгохын тулд эхлээд стантарт тогтоох ёстой. Дараа нь барилгын хямд материалаар хангахад л болно. Санхүүгийн эх үүсвэр нь харин улсын болон орон нутгийн төсөв, гадаад дотоодын тусламж, бага хүүтэй банкны зээл байвал тохиромжтой болов уу.
Уг нь утаа улирлын шинжтэй арилах гамшиг. Гэхдээ зөв гарц олохгүй байсаар гамшгийн хэмжээнд хүрлээ. Энэ бол утаанаас гарах олон янзын арга дотор байвал зохих нэг хувилбар. Түүнээс биш сонгодог, төгс арга бол биш юм.Харин олон хүнд хүртээмжтэй, өгөөжтэй байх болов уу гэдэг үүднээс энэ саналыг дэвшүүлж байна.
Бичсэн:
URL: