АНУ ОХУ-Д ОЙРТОЖ, БНХАУ-ААС ХОЛДОХ УУ
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөнө. Тэгвэл цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого чиглэлийнхээ талаар тэрбээр “Wall street journal” сонинд ярилцлага өгчээ. Ингэхдээ ОХУ-ын эсрэг авсан хоригийг цуцлах, БНХАУ валют болон худалдааны бодлогоо эргэж харахгүй бол “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй байх гэх мэт үйл ажиллагааныхаа талаар ярьсан байна. Түүний ярилцлага тус сонины энэ сарын 13-ны дугаарт нийтлэгджээ.
Тус ярилцлагад нийтлэгдсэнээр ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, кибер халдлага үйлдсэн гэх үндэслэлээр Барак Обамагийн засаг захиргааны үед өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа тодорхойгүй ч, хэт даврагч Лалын улс бүлэглэлийн эсрэг дайтах гол зорилгод Оросын тал АНУ-г дэмжсэн тохиолдолд өөрийн эрх мэдлийн хүрээнд бүхий л хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байх юм.
Түүнчлэн, энэ сарын 20-нд буюу ирэх баасан гарагт тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай эл асуудлаар уулзалт хийх бодолтой байгаагаа мөн илэрхийлсэн байна. Ирак, Сирийн газар зарим газар нутгийг хяналтдаа авч, Халифын вант улс байгуулсан Лалын улс террорист бүлэглэл сүүлийн үед нөлөөллөө алдаж эхэлсэн. Тэгвэл энэ үед үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп зөвхөн “Лалын улс” бүлэглэл бус бусад хэт даврагч бүлэглэлийн эсрэг ОХУ-тай хамтран тэмцэх боломжийг судалсан байх бөгөөд эдүгээг хүртэл В.Путины Ойрхи Дорнодод явуулж буй бодлогыг сайшаан магтаж буй ч, түүний зааврын дагуу Оросын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саад хийсэн гэх Тагнуулын төв газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг Д.Трамп өөрт ашигтайгаар зохицуулахыг зорьж буй бололтой. Уг бодлогын хүрээнд АНУ Тайванийг олон жилийн турш “Тусгаар улс” биш гэж үзэж ирсэн байдаг.
Тэгвэл АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хувьд “Нэг Хятад бодлогыг оруулаад бүх зүйл хэлэлцээрийн шатанд явна” гэж хэлжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард буюу Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Тайванийн салан тусгаарлахыг дэмжигч Ерөнхийлөгч Цай Инг Вентэй утсаар ярьж, Тайваний Ерөнхийлөгчтэй шууд ярилцахаас зайлсхийх тухай АНУ-ын урт хугацаанд баримталж ирсэн гадаад бодлогыг зөрчиж, БНХАУ-д томоохон цочироо өгсөн гэж хэлж болно.
Тэгвэл энэ талаар “Wall street journal” сонинд “Манай улс өнгөрсөн жил хоёр тэрбум ам.долларын үнэ бүхий цэргийн тоног төхөөрөмжийг Тайваниас худалдан авсан. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө зарж, хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникийг тэднээс худалдан авч болсон атлаа утсаар ярихыг зөвшөөрөхгүй юм. Утасны дуудлагыг хүлээн авахгүй байна гэдэг ёс алдсан хэрэг биш үү” гэж ярьсан байна. Харин Хятадын зарим шинжээчид АНУ-ын шинэ Ерөнхийлөгч “Нэг Хятад” бодлогыг худалдааны хэлэлцээрийн чухал хэрэглүүр болгон ашиглаж байна хэмээн дүгнэж байгаа юм.
Энэ ч үүднээс Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баяр хүргэсэн утасны дуудлагыг хүлээн авсан нь нэг хэсэгтээ л Хятадыг бухимдуулсан удаатай. Тэгвэл энэ удаагийн хэвлэлд өгсөн Трампын ярилцлагатай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас дахин мэдэгдэл хийж, “Нэг Хятад” бодлого Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн суурь болохоос биш, тохиролцооны хэрэгсэл биш гэдгийг анхааруулсан байна.
Монголын мэдээ
Б.Даваахүү
URL: