Нүүр номын улс төр
Улс төр бол хамгийн олон төрлийн хэрэглүүр ашигладаг тэмцлийн талбар. Дайн, аллага, ухуулга, сурталчилгаа, гүтгэлэг, хахууль гээд дурдвал тоочоод барахгүй. Үүнээс хамгийн орчин үеийн технологи ашигладаг, соёлжсон гэж болохоор хэрэглүүр нь нийгмийн сүлжээ болж хувирлаа. Дэлхийд Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2016 оны байдлаар 1.79 тэрбумд хүрчээ. Nathouse сайтын мэдээгээр Монголд 18-аас дээш насны хэрэглэгчдийн тоо 1.5 сая орчим байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насныхан бараг бүгдээр нийгмийн сүлжээнд холбогддог гэсэн үг.
Манайд нийгмийн сүлжээ улс төрд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хомс хэдий ч зарим нэг жишээ дурдаж болно. Тухайлбал, саарал ордонд тамхи татан халамцуугаар элдвийг ярих нэг эмэгтэй гишүүний бичлэг олныг цочирдуулсан. Уг бичлэгийг задруулсан бас нэг эмэгтэй гишүүнийг сайнаар хэлэх хүн гараагүй. Энэ хоёрын сонгуулийн сурталчилгаа тэр бичлэгээр дууссан санагдана. Түүнчлэн тэр бүр ил яриад байдаггүй зүйлийг сүлжээнд тавьж, нийтийн сонорт хүргэдэг туршлага манайд ч, гадаадад ч бий.
Жишээ татъя. Манай даргыг хүлээн авч уулзсан Оросын холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко танайх авсан үүргээ биелүүлдэггүй, ажлаа хийдэггүй нөхөд шүү гэх үг цухуйлгасныг нийгмийн сүлжээнээс олж мэдэв.
Өөрөөр хэлбэл, албан ёсны сонин хэвлэл, телевизээр тэр бүр яригддаггүй боловч чухал мэдээг нийгмийн сүлжээнээс олж үзэж болно. Түүнчлэн аль нэг хувь улстөрчийн санаа бодлыг эндээс харж болдог тул мэдээллийн хязгааргүй орон зай юм. Үүний нөгөө талд нь хэрэглэгчийн /улс төрийн хувьд сонгогчийн/ тухай мэдээлэл авч түүнд нөлөөлөх боломж нээгдсэнийг өнгөрсөн онд АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа.
Statista.com сайтын тооцоогоор АНУ-д 2016 оны байдлаар 191.3 сая Фейсбүүк хэрэглэгч бий гэсэн тооцоо гарчээ. Сурталчилгааны асар том зах зээл. асар өргөн боломж. Үүнийг БНН-аас нэр дэвшигч тэрбумтан Дональд Трамп хэрхэн ашигласан нь одоо судлаач, шинжээчдийн анхааралд өртөөд байна. Учир нь “Нью2Иорк таймс”, “Washington post” зэрэг гол сонинууд, CNN гэх мэт томоохон телевизүүд түүний өрсөлдөгч Хиллари Клинтоны талд ажилласан билээ. Иймээс Трампын ялалтын нууц нь нийгмийн сүлжээнд буй гэх таамаг гарсан байна.
Тэрбумтан нэр дэвшигч Брекситэд гол үүрэг үүрэг гүйцэтгэсэн гэгдэх “Cambridge Analytica” хэмээх компанийг хөлслөн ажиллуулжээ. Тус компани psychographic analysis гэх аргаар сонгогчдын үнэ цэнийг судлах үүрэг хүлээсэн аж. Амьдрал дээр энэ Фейсбүүк мэтийн эх сурвалжаар дамжуулан хувь сонгогч бүрийн сайшаадаг зүйл, зарцуулах зуршил зэргийг мэдэж аваад хүн нэг бүрт чиглэсэн сурталчилгаа явуулдаг хэмээн “Нью-Йорк таймс” сонинд бичжээ. Тус компанийг удирддаг Этоны их сургуулийг төгсөгч, санхүүгийн шинжээч Александр Никс мэдээллийн шинжилгээний нэн шинэ технологийнхоо талаар “Улс төрийн орчинд хувьсгал хийлээ” гэв.
Та амархан сан;ардаг уу? Үе үе гунигт автдаг уу? Хэл үг чинь хурц уу? Дургүй ажлаа дор нь хийж чаддаг уу? Урлагийг чухал гэж үздэг үү? гэх мэт сүлжээгээр тэнэсэн асуултад хариулж байсан бол та OCEAN score хэмээх судалгаанд хамрагдсан гэсэн үг. Тус компани Фейсбүүкийг ашиглан ийм тандалт хийж, 230 сая насанд хүрсэн америкчуудын сэтгэл зүйн зураглалыг гаргасан байна. Үүгээр зогсохгүй эднийх Фейсбүүк дэх хэрэглэгчийн хувийн мэдээлэл, жинхэнэ нэрийг хүртэл мэдэж авдаг аж. Нийгмийн сүлжээний эрин үед сурталчилгаа явуулагчид онлайн дахь мэдээлэл төдийгүй бодит байдал дээр хувийн чанарыг мэддэг болсон нь зөрчилтэй үзэгдэл.
Тэр бүр ил гаргадаггүй зүйлийг сүлжээнд тавьдаг туршлага бий
Гэвч “Cambridge Analytica” компани хүн бүрийн санал өгсөн байдал, нас, хүйс, худалдан авалт, өр, шашны хандлага, эрүүл мэндийн зовнил, буу зэвсэг эзэмшил, машин, байр зэргийн тухай 3000-5000 нэгж мэдээлэлтэй гэдгээ үгүйсгээгүй юм. Ийм мэдээлэл өөрөө тодорхой зүйл бус, сонгогчийн хандлагыг тодорхойлох нь жигнэмэг хийхтэй адил хэмээн ноён Никс NBC News-т ярьжээ. АНУ-д Европтой адил хоёр дахь, гурав дахь сурвалжаас авсан мэдээлэл ашиглахад хориг тавьдаггүй. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд харшилна гэж үздэг юм. Иймд нийгмийн сүлжээгүй байлаа ч орон нутгийн болон холбооны байгууллагад хадгалагддаг иргэдийн мэдээллийг хялбар авч болно.
Ийм замаар олсон мэдээлэлдээ тулгуурлан “Cambridge Analytica” гол муж улсуудад саналаа өгөхийг ятгаж болох, хамгийн гол нь Трампыг дэмжих тал руу хандуулж болох 20 сая сонгогчийг илрүүлсэн гэдэг. Жишээ нь, Флоридад үндэсний аюулгүй байдалд санаа зовдог испани хэлт сонгогчдод хандан Трамп хатуу бодлоготой ерөн-хий командлагч болно гэсэн сурталчилгаа хийжээ. 1961 онд Лестер Вундерман хувь хэрэглэгчид чиглэсэн бараа сурталчлах аргыг “шууд маркетинг” хэмээн томъёолжээ. Тэр үед хэрэгтэй хүндээ хүрэх биз хэмээн найдаж, мэдээллийг ерөнхийд нь цацдаг байв. Одоогийн шинэ зүйл юу вэ явуулах арга. Үүний гол зэвсэг нь Фейсбүүк болоод байна.
Америкийн сонгуулийн үеэр нийгмийн сүлжээнд хэрэглэсэн арга бол “бараан пост” хэмээх сөрөг сурталчилгаа юм. Уг мессежийг онилсон хэрэглэгчээс нь өөр хүмүүс үзэхгүй. Трампын цахим сурталчилгааны баг “Cambridge Analytica”-ын тусламжтайгаар сонгогчдын янз бүрийн хандлага руу чиглэсэн өөр өөр мессеж илгээж, хэрэгтэй хүнд нь хүргэх арга хэрэглэсэн байна. Саяын сонгуулиар хар арьст сонгогчдын саналыг дарах үүднээс бараан пост илгээсэн гэж Bloomberg телевиз мэдээлсэн.
Тухайлбал, Майами дахь Гайти гаралтай иргэд рүү 2010 оны Гайти дахь газар хөдлөл-тийн үеэр тэнд Клинтоны сангаас гаргасан будилааны талаар мессеж илгээсэн. Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон зөвхөн телевизэд 140 сая ам.доллар зарцуулсан бол хэвлэлийн шинжээчид Трамп хуучинсаг мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө хаяхгүй байгааг гайхаж байсан. Гэтэл тэрбээр үүний оронд цахим хэрэгсэл, ялангуяа Фейсбүүкт ихээхэн мөнгө зарцуулжээ. Наймдугаар сарын нэг өдөр эдний баг нийгмийн сүлжээнд 100000 сурталчилгааны хувилбар байрлуулсан гэдэг. Энэ нь Фейсбүүкийн стандарт ёсоор хүний нүд уншиж амжихаас хол давсан тоо юм.
Трампын баг бодит шаардлагын улмаас мэдээллийн шинэ хэрэглүүрт хандсан нь дамжиггүй. Тэд бүр тэгээс эхлээгүй нь мэдээж. Марк Цукерберг болон бусад хүн сонгуулийн сурталчилгааг сонгогчдод шууд хүргэх дэд бүтцийг хэдийнэ бүтээчихсэн байсан. Trump TV гэдэг суваг хоёр дахь халз мэтгэлцээний өмнө болон дараа нь амьд нэвтрүүлгийг Фейсбүүкээр цацахад 120 минутын дотор эднийд есөн сая ам.доллар хандивлажээ. Трампын гэнэтийн ялалтын дараа олонх шинжээч буруу таамагласнаа хүлээн зөвшөөрөх хэрэг гарсан бөгөөд зарим нь том мэдээллийн сангийн үе өнгөрлөө гэх мэтээр ярьж байв. Гэтэл тийм биш. Харин ч эсрэгээрээ мэдээлэл хамгийн чухал хүчин зүйл болж, үүнд Фейсбүүк гол үүрэг гүйцэтгэснийг мэргэжилтнүүд онцолсон билээ. Цаашдаа ч ийм тохиолдол үргэлжлэх байх.
Түүнчлэн ноён Трампын 20 сая шахам дагагчтай болоод буй твиттер аккаунт хэрхэн улс төрийн халуун цэг болсон талаар товч дурдая. Тэрбээр янз бүрийн зөрчилтэй, заримдаа бүр доромжлол мэт үг бичиж байсан ч хэрэгтэй хүндээ хүрч байв. Ялангуяа Ардчилсан намын засаг захиргаанд иргэд тааламжгүй хандаж байгаа нь ийм мэдээллийг хүлээн авах хөрс болсон байх талтай. Энэ нь хүн бүрт чиглэсэн сурталчилгааны стратеги байж болох юм. Нэг удаагийн жиргээ бичигдээд, хариулагдаад өнгөрдөг төдий зүйл биш. Оновчтой ганц үг, нэг санаа сонгогчийн оюун санаанд ул мөрөө үлдээж, цаашдаа ярианы сэдэв, сонголтын шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй. Трамп сонгуульд ялсны дараа ч жиргээ үргэлжилж, шуугиан тарьсаар буй.
Сонгуулийн сурталчилгааг шууд хүргэх дэд бүтэц хэдийнэ бүтээжээ
Ийнхүү’нийгмийн сүлжээ буюу цахим орчин улс төрд шийдвэрлэх биш юм аа гэхэд маш чухал хүчин зүйлийн нэг болсныг харууллаа. Улс төр хуучны сонин хэвлэл, телевизээс нийгмийн сүлжээ рүү шилжиж буйг дэлхийд үндсэн өөрчлөлт гаргахуйц үйл явдлууд өнгөрсөн онд болсон Британи Европын холбооноос гарах санал асуулга болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр нотолсон нь энэ. “Cambridge Analytica”-ын аргаар сонгогчдын санаа бодлыг 90 хувийн итгэлтэй тодорхойлж болно гэж үздэг. Ингэснээр хувь сонгогчид чиглэсэн оновчтой сурталчилгаа явуулдаг үр ашигтай атлаа аюул агуулсан нэн шинэ технологи улс төрд нэвтэрч эхэлжээ. Аюул нь гэвэл онилсон ухаалаг сурталчилгаа явуулснаар сонгогчийн санаа бодолд нөлөөлж, эргүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Ц.Улам-Ундрах
[ЗГМ]
URL: