Стандартгүй эмнэлэг, хяналтгүй үнэлгээ
Сүүлийн үед бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, буруу дадал зуршлаас болоод шүдний өвчлөл нэмэгдсэн. Ялангуяа 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдсэн гэж албаны хүмүүс хэлж байна. Үүнийг нэмэгдэхийн хэрээр хувийн эмнэлэг олширсон. Нийслэлд шүдний хувийн эмнэлэг гэхэд л 200 гаруй байна. Ингээд бодохоор элдээс элд хэрэгцээ, шаардлага ямар нь байгааг харж болох юм. Гэхдээ аль эмнэлэг чанарын шаардлага хангаж байгааг шууд мэдэх аргагүй. Уг нь жил ирэх тусам шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирч, амралтын өдрүүдэд, цаашлаад бүр 24 цаг ажилладаг болсон нь сайшаалтай. Гэвч тэдгээр эмнэлэг хяналт шалгалтад хэр үнэлгээ авдагийг үйлчлүүлэгчид тэр бүр судалдаггүй.
Ингээд бид эмнэлгүүдийн орчин нөхцөл, үйлчилгээ, үнэ тарифийг сонирхож Хүүхдийн 100-д байрлах “Сүүн шүдхэн”, III, IV хорооллын ахуй үйлчилгээний автобусны буудлын ард байрлах 24 цагийн шүдний эмнэлгийг зорилоо. 24 цагаар ажилладаг эмнэлэг нь нэлээд сэрүүхэн, гэрэл муутай, орчны тохижилт нь хүмүүст таатай сэтгэл төрүүлэхээр биш аж.
Харин “Сүүн шүдхэн” эмнэлгийн үүдээр ормогц хүүхдүүд өмсөх углааш, зурагт самбарууд, тоглоомын талбай гээд зай багатай ч тав тухтай орчин угтсан. Эмчилгээний үнийн хувьд нэг шүд авахад 20000-30000, ломбо тавихад 20000-25000, мөн сувгийн эмчилгээ хийлгэхэд 20000-25000 төгрөг төлнө. Дээрх хоёр эмнэлгийн ханш хоорондоо ойролцоо байв.
Гэтэл зарим эмнэлэг тэнгэрт хадсан үнэтэй байх нь ч бий. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 120 мянгатад орших “Арона” эмнэлэг нэг шүд ломбодуулахад 180 орчим мянган төгрөг авдаг тухай нэгэн үйлчлүүлэгч хэллээ. Шүдний эмнэлгүүд хүмүүсийн хэрэгцээнд дөрөөлөн өөрсдийн хүссэн үнээ хэлж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байна хэмээн дээрх үйлчлүүлэгч дүгнэв.
Шүдний эмчилгээний төлбөр бусад үзлэг, эмчилгээтэй харьцуулахад өндөр байгаа юм. Жишээлбэл, эхо 15000, рентген 10000-15000, уламжлалт эмчилгээ бүх төрлийн шарлага 5000-8000, хүүхдийн үзлэг 10000-15000 төгрөгийн ханштай байдаг юм билээ.
Олон улсад шүдний эмнэлгүүдийн стандартыг тогтоодог хороо гэж бий. Тус хороо нь шүдний эмнэлгийн “ISO/ TC106” гэсэн 156 стандартыг 2007 онд боловсруулжээ. Шүдний ISO/TC106 хороонд 46 улс гишүүнээр элссэн бөгөөд 25 нь идэвхитэй оролцож, 21 нь ажиглагчийн байр суурьтай байдаг аж. Уг стандартад шүдний бүтээгдэхүүн, амны хөндийн ариун цэвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмчилгээний бүтээгдэхүүн, эмчилгээ, орчин, үйлчилгээ гээд бүх зүйлд хяналт тавина. Түүнчлэн олон улсын шүдний бүтээгдэхүүний худалдаа, үнэ зэрэгт хяналт тавьж, стандарт тогтоодог ажээ. Жишээ нь, олон улсын стандартад нэг шүдэнд нэг удаа, нэг л эмчилгээ хийхэд ердийн үнэ нь 9.03 ам.доллар, дээд үнэ нь 15.58 байдаг. Нэмж хэлэхэд олон улсад энэхүү стандартыг мөрдөх болсноор шүдний өвчлөл багасаж, хэвийн хэмжээнд буюу 15-20 хувьд хүрсэн нь тогтоогджээ.
СТАНДАРТГҮЙ ЭМНЭЛГҮҮД
Харин манай улсад өнөөдөр шүдний эмнэлгүүдэд тогтоосон стандарт, үнэ ханшийг нь хянадаг газар алга. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилгний хэлснээр шүдний эмнэлгийн стандартыг одоо л боловсруулж эхэлж байгаа талаар ярьсан. Ерөнхийдөө зах зээлийнхээ голдирлоор л зохицуулагддаг юм байна.
Монгол Улс 1993 оноос хойш шүд цоорох өвчний талаар судалгаа хийж эхэлжээ.
Уг судалгааг 4-5 жилийн зайтай хийдэг. Судалгаагаар нийс-лэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд 5-6 насныхны дунд 87, 12 насныхны дунд 65, 18 настай хүүхдүүдийн 68 хувь нь шүдний өвчинд нэрвэгдсэнийг тогтоосон аж. Улсын хэмжээнд авч үзвэл шүдний өвчлөл бараг 72 хувьтай байна. Гэтэл олон улсад 25-аас дээш хувьд хүрвэл аюултай гэж үздэг юм билээ. Тэгэхээр шүдний өвчлөл манай улсад аюулын харанга дэлдэхээр хэмжээнд хүрсэн гэсэн үг.
Өвчлөл нэмэгдэх болсон шалтгаан нь хоол хүнс, буруу хэвшлээс гадна агаарын бохирдолтой шууд холбоотой байдгийг судлаачид хэлж байна. Мөн шүдний эмнэлгүүдийн үйлчилгээ, орчин нөхцөл, тоног төхөөрөмж ч нөлөөлж байгааг үгүйсгэхгүй гэдгийг Нийслэлийн шүдний төвийн эмч нар анхааруулав. Монголд шүдний эмчилгээ оношилгооны үндсэн баримт бичиг гэж бий. Үүнд, 0-16 насны хүүхдүүдийн шүдний тусламжийг төр хариуцаж, 16-55 настай эмэгтэй, 16-60 настай эрэгтэй хүмүүс шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг төлбөртэй авна гэж ‘заасаи байдаг. Харин тэтгэврийн насны хөгшчүүл гурван жилд нэг удаа хиймэл шүд үнэгүй хийлгэх боломжтой гэнэ.
ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН 55 ХУВЬ НЬ БОХИР БАГАЖТАЙ БАЙЖЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх асуудлын талаар “Манайд шүдний эмнэлгүүдийн талаар өнгөрсөн онд өргөдөл, гомдол ирээгүй учир хяналт, шинжилгээ хийгээгүй” гэв. Хамгийн сүүлд 2015 онд нийслэлийн долоон дүүргийн 96, 20 аймгийн 105 эмнэлэг, дөрвөн кабинетэд шалгалт хийжээ. Үзлэг, эмчилгээнд хэрэглэх ариун багаж, хэрэгслийн 566 сорьц буюу нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүд 100, аймгуудын 95 хувь нь нянгийн бохирдолгүй гарсан байна. Мөн ариутгал, халдвар гүйтгэлийн бодисын дээжинд хийсэн шинжилгээгээр нийслэл 100, орон нутагт 98 хувь нь халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн аж.
Гэхдээ эмнэлгийн байрандаа ариутгалын хэсэгтэй 73 эмнэлгийн 55 хувь нь бохир багаж хэрэгсэлтэй, материал хадгалах тусдаа өрөөгүй, агааржуулалтын системгүй байсан. Мөн ариутгалаа гэрээгээр хийлгэдэг эмнэлгүүд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хэрэглээгүй ариун багаж материалын хадгалах хугацааг баримталдаггүй, удаан хадгалдаг нь илэрчээ. Эдгээр зөрчил нь шүдний эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Шүдний эмчилгээний төлбөр бусад үзлэг, эмчилгээтэй харьцуулахад өндөр байгаа юм.
Өндөр хөгжилтэй оронд чанартай, баталгаатай эмчилгээг санал болгохоос гадна шүдний эрүүл мэндийн зардал нэг хүнд жилд 2000 ам.доллар ногддог. Харин манай улсын хувьд 35 ам.доллар байдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. Тэгтэл ийм хэмжээний зардлыг манайхан гаргах нь битгий хэл талд нь ч хүрдэггүй. Ядаж улсаас энэ тал дээр анхаардаггүй юм аа гэхэд энэ олон шүдний эмнэлгүүддээ үйлчилгээ, үнэ, орчинд нь зохих стандартыг тогтоож, шинэчлэх цаг хэдийнэ болжээ.
Г.ОЮУНТӨГС
[ЗГМ]
URL: