Намуудаас төрийн эрх мэдлийг салгаж ард түмэнд өгөх ёстой

76c05cf4414b43aaec92ec41f162e176

Шинэ Үндсэн хууль баталсны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Хуулийн үзэл баримтлалын талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, иргэн Д.Ламжав нарын байр суурийг сонирхлоо.

Д.Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/: АРД ТҮМЭН ТӨРӨӨ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БАЙХ ЁСТОЙ

-Үндсэн хууль зөрчигдөж, төр аль нэг намын бүтэц шиг, намын аппарат аятай ажилладаг гажуудал нүүрлэлээ гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?

-Аль ч улс орон нэг төртэй, нэг итгэл үнэмшил, нэг замтай байдаг. Гэтэл Монголын нөхцөлд улс төрийн намууд төрийн эрх мэдлийг булаацалдаж, эрх барьсан нь өөрийн дураар аашилдаг болсон нь гажуудал юм.

1990 онд Ардчилсан хувьсгалын үеэр, түүний дараа Үндсэн хууль батлахдаа шийдсэн гол асуудал нь монголчууд олон намын тогтолцоотой байх нь Монголын нийгэмд сонголт бий болгох, хөгжлийн зам мөр, шийдэх асуудлынхаа хувилбаруудыг гаргах бололцоо олгоход чиглэж байсан.

25 жилийн дараа төр маань эргээд намын эрхшээлд орж, нам гэдэг бүлэглэл өөрийгөө төрөөс дээгүүр тавьчихлаа. Энэ нөхцөлд зайлшгүй гажуудал үүсдэг. Тэрийг л бид одоо амсч байна. Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан.Гэтэл одоогийн байдлаар төрийн бүх эрх мэдэл намуудын гарт байна.

Намууд сонгуульд орохдоо төрийн бодлогоо явуулах хөтөлбөр гэж гаргадаг ч олон түмнээс зөвхөн саналыг нь аваад өөрсдөө төрд гарахын төлөө зүтгэж байна. Боловсруулсан бодлого нь Монгол орны нийтлэг эрх ашиг, магадгүй түүхэн хувь заяаны шаардлагад нь тохирохгүй байна. Энэ манай төрийн эмгэнэл.

Төр ард түмний мэдэлд байна гэдэг нь ард түмэн төрөө байгуулж, өөрсдөө төрөө хянах боломжтой байх ёстой. Гэтэл төр ард түмний хяналтаас гарч сонгуулийн дараа олигархиудын гарт ордог замаар явж ирсэн.

Одоо цаашлаад мафиоз бүлэглэлийн гарт орох чиг хандлага тодорч эхэллээ. Энэ нөхцөлд төр маань юу болоод байна вэ гэдгийг монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Төр гэдэг нийгмийн амьдралыг зохион байгуулах, чиглүүлэх уураг тархи нь юм шүү дээ. Уураг тархиа бид өнөөдөр ямар байдлаар цэнэглэж байна вэ. Түүнийгээ эргэж харах цаг болсон.

Д.Содном /Монгол Улсын Ерөнхий сайд асан/: ХАРИУЦЛАГЫГ ТОГТООХОД ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТ ХЭРЭГТЭЙ

-Төрийн бүтэц, тогтолцоог өөрчлөх ёстой. Хоёр танхимтай парламенттай болъё гэсэн асуудлыг та хэдэн жилийн өмнөөс дэвшүүлж байсан. Өнөөдөр таны байр суурь хэвээрээ юу?

-Би цөөнгүй удаа санал дэвшүүлсэн, одоо ч тэр байр сууриндаа байна. Миний санал бол УИХ гэдэг бүтэц байна, түүний зэрэгцээ Улсын Бага хурлыг бий болгоё. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламенттай болъё.

Энэ манайд өмнө нь байсан. УИХ, Улсын Бага хурал гээд уламжлаад явж байсан. Одоо тэр уламжлалаа дагахгүй бол өөрчилснөөс болж олон зүйл буруу болсныг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. УИХ 300-400 гишүүнтэй байх хэрэгтэй байна. Тэгвэл төрд эрх биш ард түмнээс сонгогдсон төлөөлөл түлхүү орох болов уу.

Сум, дүүрэг бүрээс, жижиг сум, дүүрэг бол гурвыг нийлүүлээд ерөнхийдөө сум, дүүргүүдээс сонгогдсон хүн Их хуралд сууж байх хэрэгтэй. Олонх нь өөрийн сонгогдсон дүүрэгт ажиллаж, амьдардаг, УИХын хувьд жилд 3-4 удаа хуралддаг байх хэрэгтэй. Сум, дүүргээс сонгосон гишүүндээ иргэд, сонгогчид нь захиа даалгавраа өгнө. Гаргаж байгаа хууль, журам нь зохицож байна уу, үгүй юу гэдгийг хэлнэ. Тэд энд баталсан хуулиа тэндээ аваачиж ярьж, тайлбарлана.

Санал, бодлыг нь сонсч, нэгтгэж аваад буцаагаад Их хурал дээрээ ярина. Ингээд ард түмэн, Их хурал хоёрын хооронд эргэх холбоо бий болно. Бага хурал нь байнгын ажиллагаатай, 30-40 хүнтэй, сайн хуульч, эдийн засагч, улстөрчдөөс бүрддэг байя. Тэд хуулиа боловсруулдаг, тэр нь буруу юу, зөв үү гэдгийг Их хурал нь хянадаг.

Зөв байвал баталдаг, буруу байвал үүрэг өгч засуулдаг байх хэрэгтэй. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалт ингэж хангагдана.

Энд хоёр зүйлийг хэлж байгаа юм. Нэгдүгээрт, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх ёстой, тэр заалтыг амьдралд яаж хэрэгжүүлэх вэ. Энэ талаас хоёр танхимтай парламентыг санал болгож байгаа юм. Гишүүдийг сонгохдоо намуудаар дамжиж биш ард түмэн өөрсдөө нэрээ дэвшүүлдэг, өөрсдөө шууд сонгодог болох хэрэгтэй. Намаас томилогддог гажуудлыг даруй засах ёстой.

Иргэн Д.Ламжав: ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр ч ажлын хэсэг томилсон үйл явдал 25 жилийн түүхт ойтой давхцаж байна. Монголчуудын мэдэхээр 20 гаруй жил Үндсэн хуультай хамт явж ирсэн хүний хувьд та ямар бодолтой байна?

-Үндсэн хуулийн хамгаалалтыг Үндсэн хууль дотроо хийдэг юм байна. Гэтэл бид ингэж чадаагүй. Энэ байдлыг далимдуулан 1999-2000 онд долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд УИХ оруулж амжсан.

Дараа нь жирийн хуулиар Үндсэн хуулиа хамгаалах бүтэлгүй оролдлого хийсэн тухай түрүүнд дурдсан. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүхээс хянах механизм үгүй байгаагаас гадна УИХ ийм өөрчлөлт хийх эрхтэй байгаа нь Монгол Улсад эрх зүйн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Иймээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иж бүрэн байдалтай хийх нь маш чухал.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ эцэслэн баталдгийг больж, нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг журамд шилжих нь зүйтэй. Манайх шиг жижигхэн улс Үндсэн хуулиа нийтийн санал асуулгаар батлахгүй юм бол “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт хоосон цуурай болж хувирна.

Ж.Гомбожав: ГАНЦ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС УЧИРСАН ХОХИРОЛ АСАР ИХ

-Та Монгол орны эдийн засаг хүнд байдалд орсон нь, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол асуултын тэмдэгтэй болчихоод байгаа нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас биш харин Үндсэн хуулийг зөрчиж гарсан бусад шийдвэр, гадаад улс оронтой харилцахдаа нэг цонхоор харилцдаггүйгээс болж байна гэсэн байсан. Энэ талаар ямар жишээ баримт байна?

-Үндсэн хуулийн ганцхан заалтыг хэрэгжүүлээгүйгээс бид ямар их хохирол амсч байгааг ганцхан жишээгээр хэлэхэд л асар олон зүйлд хамаарч байгаа. Тухайлбал, социализмын үед манайд арьс ширний үнэ өнөөдрийнх шиг дор ороогүй. Өнөөдөр яагаад ийм байдалд хүрэв гэвэл, тэр үед байсан арьс шир, шевро, шевретийн үйлдвэр байхгүй. Машин, тоног төхөөрөмжүүд нь төмрийн хаягдалд ачигдчихсан.

Тэгэхээр мал өслөө гээд байгаа чинь ямар ч борлуулалтгүй юм чинь өсөхөөс яахав. Арьс шир нь борлогдохгүй, мах нь борлогдохгүй. Мах борлогдохгүй байгаад нэг зүйлийг хэлэхэд, энд хэвлэл мэдээллийнхний сул ам их нөлөөлж байна. Үүнийг сум ам гэж хэлье. Социализмын үед малын өвчин зарим газар гарч байсан уу, гарч байсан. Хэвлэл, мэдээллийнхэн манайд тийм өвчин гарлаа гэж дэлхий нийтэд цацдаггүй байсан.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэг заалтыг зориуд цохож хэлмээр байна. “Мал төрийн хамгаалалтад байна” гэж бий. Энэ ганц өгүүлбэр ямар том утга, агуулгатай байж вэ гэдгийг ард түмэн ухаараач, ойлгооч. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, мал эмнэлгийг улс гартаа барих ёстой. Эм, вакцин, тариагаар нь хангах ёстой. Эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой.

Өнөөдөр эмч нарынх нь мэдлэг, чадвар дутмаг. Оношилж чадахгүй байтал нь өвчин газар авч, эмчлэхгүй явсаар олон аймаг, сумыг хамарч байна.

Ингээд чанарын шаардлага хангах, эсэх нь тодорхойг үй эм, тариаг хэчнээн тэрбумыг зарлагдан авчирч тарьдаг. Үржлийн ажил ямар ч шаардлага хангахгүй байна. Миний мэдэхийн том уяачид гаднаас эрлийз адуу авчирснаар Монголд адууны өвчин дэлгэрсэн.

Сэлдийний өвчнөөр олон тооны адуу үхэж байна. Сүүлийн жилүүдэд өвлийн хүйтнийг даахгүй үхэж үрэгдэх болсон. Үүнийг мэдэхгүй, адуугаа замбараагүй эрлийзжүүлж, 1956-1957 оны алдааг давтах боллоо. Ер нь бол Үндсэн хуулийн ганц өгүүлбэрийг хэрэгжүүлээгүйгээс бид ямар их хохирол амсч байна вэ. Төр, засгийн алдаатай бодлогын хор уршиг иргэдэд яаж тусдаг вэ гэдгийн жишээ ийм. Энэ бүхнийг нэгэнт өнгөрсөн юм яриад яахав гэмээргүй. Бид алдаагаа давтмааргүй байна шүү дээ.

Зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих