Орлого, зардалаа хянаж чадвал хямралаас гарна гэлээ
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 2017 оны уулзалтаа “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдвийн хүрээнд өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын аудитын байгууллагуудын төлөөлөл илтгэл хэлэлцүүлэн 200 гаруй санхүүч, нягтлан бодогч оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр санхүүчид дотоод аудит, хөндлөнгийн аудит, эдгээрийн уялдаа холбоо, аудитын эдийн засагт үзүүлэх нөлөө, төсөв санхүүгийн тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж, төлөөлөгчид илтгэл тавьсан юм. Төлөөлөгч, удирдахуйн ухааны доктор, профессор Э,нхбайгаль ярихдаа “Төсвийг анх төлөвлөхдөө хөндлөнгийн мэргэжлийн аудитаар хянуулах хэрэгтэй. Хяналт тавьдаггүй, халамж нэрээр их мөнгө тарааснаар төсвийн алдагдалд ордог. Улсын төсөв гэлтгүй, хувь хүмүүс, албан байгууллага, аж ахуйн нэгж хүртэл зарлагаасаа илүү орлогоо төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Сайн хяналт, төлөвлөгөө бол эдийн засгийн хямралаас гарах гол арга. Манай улс нэгдсэн төсвийн төлөвлөх менежмэнтээ өөрчлөх цаг болжээ. Улсын орлогыг буруу төсөвлөснөөс болж 2000 оноос хойш төсвийн алдагдал улам бүр нэмэгдэж байна.
Хямралыг хазаарлахын тулд төсвийн шинэчлэлт, аудитын шалгалтыг тогтмол явуулах ёстой. Улсын төсвийн төслийг Сангийн яам боловсруулж УИХ-аар батлуулдаг. Нэг байгууллагын гаргасан тооцоог ямар ч гадны хяналтгүйгээр баталдаг нь алдаа болоод байна. Орлого, зарлагаа зөв тооцоогүйгээс болж жилийн эхэнд мөнгө ихээр зарцуулж, жилийн төгсгөлд хямардаг жишиг бий болоод удлаа. Тэгэхээр жилийн эцэст төсөвт аудит оруулах биш эхнээс нь хянаж явах нь зүйтэй. Олон улсын жишгээр төсвийг зарцуулсны дараа биш, төлөвлөж байхдаа аудитын байгууллагаар хянуулж, зарцуулах явцад сар улирал тутамд хянадаг Энэ системийг Монгол Улс хэрэгжүүлэх ёстой” гэлээ.
Харин Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр ярихдаа “Төрөөс аудитын байгууллагуудыг эрэмбэлэх хэрэгтэй. Сангийн яамны цахим хуудаст аудитын байгууллагуудын тодорхой мэдээлэл байдаггүй. Зөвхөн холбогдох утас, хаяг нь байдаг. Аудитын байгууллагуудын аль нь сайн, аль нь муу вэ гэдгийг мэдэх мэдээлэл дутмагаас болж алдах тохиолдол цөөнгүй бий. Найдваргүй аудитын байгууллага болон аудитороор санхүүгийн тайлангаа шалгуулснаас үүдэн татварын шалгалтаар санхүүгийн тайлан нь алдаатай гарах тохиолдол бий. Мөн ихэнх байгууллагын санхүүгийн тайлан нээлттэй байдаггүйгээс болж хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэдэг. Үүнийг шийдэхийн тулд сайн аудитын газруудыг зарлах хэрэгтэй” гэсэн юм.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч Ц.Жигдэн гуайгаас дараахь зүйлсийг тодрууллаа.
-“Хямралыг хяналтаар хазаарлах нь” гэж эдийн засгийн хямралтай үед ач холбогдолтой сэдвийг хөндсөн хэлэлцүүлэг болж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн онцлог, ач холбогдол юу байна?
- Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт жил бүр уулзалт хэлэлцүүлэг хийдэг. Дөрөв дэх удаагийн уулзалт маань амжилттай болж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг “Хямралыг хяналтаар хазаарлах нь” гэдэг сэдэвтэй болж байгаагаараа их онцлогтой. Учир нь эдийн засгийн хямралтай үед манайхан хяналт сайтай байх ёстой юм. Ингэж чадвал хямралаас гарах боломжтой. Тиймээс олон улсын аудитын байгууллагын төлөөлөл, санхүүчид, мэргэшсэн нягтлан бодогчид зэрэг санхүүгийн чиглэлийн байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Илтгэгчид бизнесийн орчны шаардлага, аудитын тогтолцоо, төрийн өмчит компаниудын хяналтын тогтолцоо, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг илтгэл тавьж байна. Мөн хэлэлцүүлэгт оролцогчид хяналт шалгалт, гадаад ба дотоод аудит уялдаа холбоо, төсөв санхүүгийн тулгамдсан асуудлууд сэдвийг хөндөн ярилцаж байгаа юм.
-Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа. Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан юу байгаа бол?
-Хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналт, хэмнэлт гэдэг зүйлийг орхигдуулах гээд байдаг. Хяналтгүйгээсээ болж эдийн засгийн хямралд өртөж байгаа тохиолдол олон. Хамгийн түрүүнд зардлаа хэмнэх хэрэгтэй. Байгууллагууд үргүй зардал их гаргасан байдаг. Эдийн засаг бүр дордоод элгээрээ мөлхчихөөгүй байна. Энэ хямрал хүмүүсийг хяналттай болгоход сургаж байна гэж ойлгож болно. Орлого, зарлагаа сайн, зөв хянаад, тооцоо төлөвлөгөөтэй байж, хүн бүр хичээвэл хямралаас гарахад ойрхон байна.
Өдрийн сонин
URL: