МАХН УИХ дахь элчээрээ гишүүн З.Алтайг ажиллуулахаар тохиролцсоноо зарлав

МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар гишүүд дэмжигчдийн хамтаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн нь дөнгөж сая дуусав. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор Н.Энхбаяр нар хэд хэдэн сонирхолтой зүйл дуулгасны хамгийн их анхаарал татсан нь МАХН Сонгуулийн хуулийн өөрийн хувилбарыг боловсруулж УИХ-д өргөн барих явдал байлаа.

Тэдний хэлсэнээр МАХН-ын өөрийн боловсруулсан хувилбараа УИХ-ын гишүүн З.Алтайгаар өргөн бариулж парламентад хэлэлцүлүүлэхээр өөртэй нь тохиролцсон гэх бөгөөд МАХН-аас хууль боловсруулах ажлын хэсэг гарч ажилдаа орсон, долоо хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийлгэж явцынх нь талаар сэтгүүлчдэд мэдээлэх гэнэ.

Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудлаар Н.Энхбаяр ярихдаа түүнийг “Ердөө л ажлаа өгчих, тэгээд хоёул хамтдаа шалгуулья. Үүнд айх эмээх зүйл огт алга” гэж байгаагаа мэдэгдэв. Өнөөдөр түүний гаргаж тавьсан шинэ баримт нь Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхдаа дур мэдэн зассан гурван ч хуулийн заалт байв. Түүний хэлсэнээр, Ц.Нямдорж парламентын спикер байхдаа наад зах нь гурван хуулийн заалтыг биеэр дур мэдэн өөрчилсөн гэнэ. Юуны өмнө бохир усны шугам сүлжээний тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай УИХ-аар огт хэлэлцээгүй байхад Татварын хуулинд энэ төрлийн тоног төхөөрөмжийг татвараас “чөлөөлөв” гэдэг үгийг хуулинд оруулсан гэнэ. Энэ нь ийм төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй холбоотой түүний авлигын асуудал мөнөөс мөн гэж МАХН үзэж байгаа аж. Хоёрдугаарт, “АТГ тайлангаа УИХ-д сонсгоно” гэж хуулинд заасныг “УИХ хэлэлцэнэ” болгож зассан гэнэ. Харин Сонгуулийн тухай хуулинд 76 томсгосон тойргоор сонгуулийг явуулна гэж байсныг Ц.Нямдорж “олон мандаттай тойргоор” гэж зассан аж. Н.Энхбаяр түүний эдгээр хууль бус үйлдлийг мэдэж байсан боловч алдаа гаргасан гэж дүгнээд “харж үзэн” хүнд ял зэм хэлэлцээгүй боловч өнөөдөр харахад энэ нь хавьгүй ноцтой асуудал байсан нь тодорхой болсон учраас ийн илчилж байгаа ажээ. Харин УМБГ-т удаа дараа дуудахад нь очихгүй байгаа талаараа сэтгүүлчид тайлбар хийхийг хүсэхэд тэрбээр “Миний өмгөөлөгч гадаадад явж байгаад өнөөдөр ирсэн. Тийм учраас ойрын хугацаанд өмгөөлөгчтэйгээ уулзаж ярилцаад хүчний байгууллагын шаардлагыг ном ёсоор нь биелүүлнэ” гэлээ.

24tsag


URL:

Сэтгэгдэл бичих