Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээ
Бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,
Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн тэгш дүүрэн, хүндэтгэлт баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өдгөөгөөс 25 жилийн тэртээ Монголын төрт ёсны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл хэргийг монголчууд бүтээсэн билээ. Энэ бол монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож буйгаа зарлан тунхагласан явдал байв.
Энэ сонголтыг хэн нэгэн бус, хэсэг бүлэг хүмүүс ч биш, Монголын ард түмэн өөрсдөө хийсэн юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг улс орон даяар хэлэлцэж, 700 гаруй байгууллага, хамт олон, 900 гаруй мянган хүн оролцож, саналаа илэрхийлсэн байдаг. Чухам тийм ч учраас Үндсэн хуулиа бид нийт монголчуудын оюун санааны хамтын бүтээл гэж үздэг юм.
Монгол түмний энэ “бүтээл” цаг хугацаа, нийгэм, түүхийн шалгуурыг даахуйц чанар чансаатай болсныг өнгөрсөн 25 жилийн үйл явц батлан харууллаа. Монгол Улс сонгосон замаараа тууштай замнаж байна. Энэ зам биднийх. Эргэж буцахгүй, ээдэрч мухардахгүй гэдэгт иргэн бүхэн итгэдэг. Улс орон маань хөгжил дэвшил тийш, хүрэхээр сонгож товлосон зүг чиг рүүгээ урагшилсаар байна.
Бидэнд шийдвэл зохих асуудал, хийх ёстойгоо хийж чадаагүйн ухаарал, цаг зуурын хүндрэл бэрхшээлийн аль аль нь бий. Гэхдээ монголчууд эрдэм ухаан төгөлдөр, холч уужим хараатай, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийнхээ төлөө нэгдэж чаддаг, эвлэлдсэн тэр цагтаа их үйлсийг бүтээх эрч хүчтэй ард түмэн билээ.
Тиймээс Монгол Улс дэлхийн хөгжилтэй эн тэнцэн хурд нийлэхэд, иргэн түмэн нь чинээлэг хангалуун, амгалан төвшин, аз жаргалтай амьдрахад эргэлзэх шалтгаан огт үгүй. Гагцхүү шаардагдах хугацааг богиносгоход, асуудлаа зөв шуурхай шийдэхэд, илүү холд тэмүүлэхийг л эрхэмлэх учиртай. Энэ зорилгодоо монголчууд эвийн хүчээр хүрнэ гэдгийг сануулан хэлэхийг хүсэж байна.
“Эцэг” хуулиа судлан таних, ёсчлон хэрэгжүүлэх, дархлааг сахих асуудал зорилгодоо хүрэх нэгэн хөшүүрэг мөн. Тиймээс Үндсэн хуулиа сүслэн дээдэлж, айл өрх бүр “Нууц товчоо”, морин хуурынхаа хамт хоймортоо залж байх ёстой гэж би боддог. Ингэж гэмээнэ иргэд Үндсэн хуулиараа хамгаалуулж чадна, эрх зүйт төрийн тогтолцоо баталгаажих нэгэн үндэс бүрдэнэ.
Үндсэн хуулийн ойн энэ өдөр бол Монгол хэмээх улс гэр дэлхийн дайдад өөрийн гэсэн байр суурьтай, нэртэй хүндтэй байгаагийн, монгол хүн эх орондоо эзэн нь, эрх чөлөөтэй, үүрэг хариуцлагатай иргэн нь байгаагийн бахархал юм.
Бахархах түүх, омогших суу, бишрэх алдар, эрхэмлэх нэр төртэй монгол хүн Танд дүүрэн сэтгэл, түвшин жаргалыг ерөөе.
Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандаг.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2017 оны 01-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хот.
URL: