Байр суурь: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар хэн юу хэлэв

Одоогоос хагас жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн батлахаар өөр хоорондоо тэмцэлдэж сууна. Улс төрд олонх болсон МАН суудлын илүүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар батлахаар улайрч байна гэж үзэх гишүүд олон байгаа бол зарим нь намайг эл сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн хуулийн заалтуудыг оруулж ирлээ хэмээн гомдоллож суугаа. Тэгвэл өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс улс төрд суудалтай болон суудалгүй намуудын дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус бүлгийн зүгээс хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн, УИХ дах цөөнхийн бүлэг болон суудалгүй намуудын эрх ашгийг зөрчсөн заалт орсон байна хэмээн үзэж бүх улс төрийн хүчний төлөөллөөр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан нь энэ. Уг хэлэлцүүлэгт Ардчилсан нам, МАХН, ТТЭНН, ЭЧХН зэрэг 20 орчим улс төрийн хүчин оролцсон юм. Тэгвэл намуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн тухай юу өгүүлснийг хүргэж байна.

7028

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: Сонгуулийн хууль зөрчсөн торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай нам Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцээгүй байгаа. Энэ хуулийн төсөлд бид нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй байна. СЕХ хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн бүхий л сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрны ажилтнуудыг шууд томилохоор заасан. Энд сонгуулийн дараа төрийн албанд томилсон өөрсдийн хүмүүсээ оруулж, зохион байгуулна. Гэтэл сонгуулийг будлиантуулсан хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнийг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ бол хэтэрхий бага мөнгө. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай. Сонгогчийн нэрсийн жагсаалт гэсэн бүлэгт “Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсгийн хороонд бүртгэнэ” гэж заасан байна. Үүнийг хянах тогтолцоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөгчид тусгай программаар тухайн сонгогчийг өөр газарт давхар бүртгэсэн үү гэдгийг шалгах бололцоог хангах нь чухал. Энэ бол “царцааны нүүдэл”-ээс хамгаална гэсэн үг. Түүнчлэн “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн хүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг СЕХ жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Одоо бол СЕХ ганцхан намын төлөөлөл болсон. Тиймээс нэр дэвшигчийг сонгуулийн өмнөхөн гүтгэж, улмаар жагсаалтаас хасах магадлал байна.

МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай нам уг хуулийг эсэргүүцэж байна 

Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж хоёр удаа мэдэгдэл хийсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хуулийн төслөөр МАН, АН болон МАХН гэсэн гурван намаас л нэр дэвших боломжтай байгаа юм. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг төсвөөс гаргах нь зардал, сурталчилгаа гээд бүх зүйл эрх тэгш байх боломж бүрдэнэ гэж үзэж, хуулийн төсөлд оруулах санал гаргасан ч хүлээж аваагүй. Хоёрдугаарт хуулийн төсөлд Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам дангаараа эсвэл хамтарч нэр дэвшүүлнэ гэж заасан. Хамтарч гэдгийг манай нам УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн хүчин хамтарч оролцоно гэж ойлгож байгаа. Гэтэл УИХ-д суудалгүй нам нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэж заасан байгаа нь дээрх боломжийг хааж байна. МАН-аас манай намд элссэн олон гишүүн бий. Гэтэл энэ хуулийн төсөлд “Нэр дэвшигч нь хуучин намынхаа дүрмийн дагуу гарсан байх ёстой” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, манай намаас нэр дэвших хүмүүсийг “МАН-ын дүрмийн дагуу намаасаа гараагүй байна” гэж хэлээд хасах гэж байгаа хэрэг. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч нь тухайн оныхоо нэгдүгээр сарын 01-нээс өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Нэгдүгээр сарын 01 өнгөрсөн тул төрийн албан хаагч нэр дэвших ямар ч боломжгүй боллоо гэсэн үг. Мөн сүүлийн 5 жилд эх орондоо байнга оршин суусан байх ёстой гэсэн заалт бий. Гадаадад амьдрах, ажиллах, эмчлүүлэх, суралцах нь Үндсэн хуулиар олгосон эрх.

ТТЭНН-ын дарга Г.Уянга: Хуульд энгийн шалгууруудыг оруулах ёстой

Ямартай ч манай Ардчилсан намынхан хүч хэрэглэхийн зовлонг ойлгож эхэлж байгаа юм байна. Би энэ хуулийн төслөөс нэг их том хуулийн төсөл олж харахгүй байна. Үнэхээр энэ сонгуулийн хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа сонгогчдын бүтцээ харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сонгуулийн насны 1.9 сая иргэн бий. Үүнээс МАН болон АН-д нийт 350 мянга гишүүн харъяалагдаж байна. Үлдсэн 1.6 сая орчим хүний аль нэг намд харъяалагддаггүй. Энэ хүмүүс намд ч итгэхээ больсон. Тэгэхээр УИХ-д суудалтай намууд зөвхөн гишүүдийнхээ төлөөлөл байх бус үлдсэн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн төлөөллөө оруулах боломжийг хангах хуулийг батлах хэрэгтэй. Дээрээс нь АН нэр дэвшигч оффшор дансгүй байх, төрийн албанд ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй байх зэрэг энгийн шалгууруудыг оруулах ёстой. Түүнчлэн сонгогч саналаа нээлттэй өгөх үү, нууцаар өгөх үү гэдгээ өөрсдөө сонгодог болгох нь зөв. Ингэвэл санал авах явцад хяналт тавих боломж бүрдэнэ. Техник, технологи хөгжиж байгаа өнөө үед энэ зэргийг хийх боломж бүрэн бий. Өнөөдөр АН Эрдэнэт, Тавантолгойгоо хамгаалж чадах эсэхээ ард түмэндээ харуулах хэрэгтэй. Танай нам өөрчлөгдөх ёстой.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:  Аль нэг намын төлөө боловсруулсан төсөл гэж хэлж болохгүй

Ерөнхийлөгчийн статусыг нэр хүндтэй байлгахын тулд УИХ болон орон нутгийн сонгуулиас өөр хуулиар явуулах нь зөв. Хуулийн төсөлд Үндсэн хуулийн заалтуудыг оруулсан байсан. Нэр дэвшигчийн насны хязгаар, эх орондоо байсан хугацаа зэрэг нь бүгд л Үндсэн хуульд байгаа заалт. Тэгэхээр аль нэг намын төлөө боловсруулсан төсөл гэж хэлж болохгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй л бол энэ хууль ийм байхаас өөр арга байхгүй. Манай намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна. Үндсэн хуулийг өөрчлөөгүй тохиолдолд одоо хэн ч Ерөнхийлөгч болсон нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц, дэвшил гарахгүй.

Сонгогчдын боловсолын төвийн дарга Р.Бурмаа: Энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно

Энэ хуулийг ер нь бол дэмжихгүй. Учир нь өнгөрсөн парламентийн үед хамгийн олон намын төлөөлөлтэй байсан. Энэ үед Сонгуулийн нэгдсэн хуулийг маш олон талын судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг хийж байж баталсан. Шинээр өргөн барьсан хууль өмнө 1993 оны хуулийн заалтуудыг тусгасан байна. Түүнээс гадна шинээр өргөн барьсан хуульд нэр дэвшигчдийг цөөхөн байлгах гэсэн санааг агуулсан нь зөвхөн нэг намд зориулсан хууль гэж хардахаар байна. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад тавих хяналт байхгүй болж байна. Нэг сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд шилжин очсон газраа хурууны хээгээ бүртгүүлэх боломжтой байсныг нь хассан байна. Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сараас өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн УИХ-ын тогтоол одоо болтол хүчин төгөлдөр байгаа. Гэтэл одоо энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байна.

 

Б.Энхжин

Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/144851.shtml


URL:

Нэр: ... Огноо: 16 January 2017

tsogtgerelee uruu avyaaaaa

Сэтгэгдэл бичих