Хятадын $40 тэрбумын амлалтын дараа Нигери улс Тайваний төлөөлөгчийг нутгаасаа хөөлөө
Хятад-Тайваний сөргөлдөөний хамгийн сүүлийн жишээ болж, Нигерийн засгийн газар Тайваний албан бус элчин сайдын яам гэгддэг, Тайваний худалдааны төлөөлөгчийн газрыг нийслэл Абужа хотоос гарахыг шаарджээ.
Нигери улс нь Тайваньтай дипломат харилцаатай байгаагүй. Гэвч Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсаныхаа дараа Нигерийн гадаад хэргийн сайд Жеофрей Онеяма “Бид Нэг-Хятад бодлого, БНХАУ нь Хятадыг төлөөлөх цорын ганц улс гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэж хоёр хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Үүний хариуд Тайваний гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж “эх газрын Хятадын улс төрийн явууллагад автсан Нигерийн засгийн газрын утга учиргүй, бүдүүлэг үйлдэлд гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлжээ.
Асуудлыг ярилцахаар элчээ илгээнэ гэдгээ Тайвань мөн мэдэгдсэн байна.
Хүйтэн дайны үеэс эхлэн Хятад, Тайвань улсууд Африкийн орнуудыг өөртөө татахын тулд хөгжлийн төсөл хөтөлбөр, тусламж дэмжлэгээр өрсөлдсөөр ирсэн бөгөөд 2008 онд талууд албан бусаар эвлэрч ийм тэмцлээ түр зогсоосон юм.
Гэвч сүүлийн нэг жилийн дотор түнш орнуудын төлөө тэмцэл дахин сэргэж байна. Өнгөрсөн жил Гамби улс Тайваниас харилцаагаа тасалж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сан Томе ба Принсипи улс мөн ийм замыг сонгосон. Одоо Африкт Тайваньтай дипломат харилцаатай хоёрхон улс үлдсэн нь Свазилэнд, Буркина Фасо юм.
Тайвань-Нигерийн худалдаа өнгөрсөн онд дөнгөж $800 сая байсан бол Хятад-Нигерийн худалдаа 2016 оны хагаст л $6.46 тэрбумд хүрсэн байдаг.
Үүнээс гадна Хятадын гадаад хэргийн сайд Ван И сая уулзаад явахдаа $40 тэрбумын хөрөнгө оруулалтыг Нигерид амласан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.
Эх сурвалж: Quartz
Р.ТӨМӨР, IKON.MN
URL: