Их нүүдлийн янданд бүслэгдсэн сайжруулсан зуух

ZUUKH TUSULУтаа гамшигт хүрсэн гэдгийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл (ҮАБЗ) зарлалаа. Зарим гишүүн нь солигдсоныг эс тооцвол зургаан жилийн өмнө ч мөн ингэж зарлаж байлаа, ҮАБЗ. Нэг ёсондоо утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн гздгээ дөрвөн жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн ч бууруулах талаар цогц, залгамж арга хэмжээ аваагүй гэдэг нь эндээс харагдана. Үнэндээ Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл гздэг хуулиараа зөвлөмж гаргахаас өөр эрх мэдэлгүй газар л даа.

Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газар гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг тэглэж, Улаанбаатар хотын Засаг дарга орон нутгаас нийслэлийг чиглэх их нүүдлийг хориглолоо. Магадгүй эдгээр нь сүүлийн хэдэн жилд утаатай тэмцэхээр гаргасан зөвлөмж хийгээд шийдвэрүүдээс хамгийн бодитой тэмцлийн хоёр дахь дохиол байх.

Энэ тэмцлийг 2010 оны үеэс эхэлсэн байдаг юм. Мянганы сорилтын сангийн санхүүжүүлэлтээр хэрэгжүүлсэн “Утаагүй зуух” төсөл уг нь үргэлжлүүлэн хэрэгжүүлсэнсэн бол үр дүнгээ өгч байсан Олон улсын төсөл байлаа. Өдийд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь улсынхаа нийслэлийг гамшигт хүрсэн гэж дүгнээд сууж байхгүй байсан ч байж мэднэ. Үр дүнгээ өгч байсан гэдгийг Дэлхийн банкны “Монгол Улсын цэвэр зуух санаачилга” судалгааны тайлангаас хараад баримт нотолгоотой учраас итгэлтэй хэлж байна. Улаанбаатар гамшигт төвшинд очсон гэсэн анхны дүгнэлтээ Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл гаргахаас өмнө хэрэгжүүлж эхэлсэн энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрсен гэр хорооллын бүх айл өрхийн бараг 55 хувь нь хорт утаа бага ялгаруулдаг утаа багатай зуухтай болсон байлаа.

Эдгээрээс зорилтот хороодын айл өрхийн 69 хувьд нь борлуулсан зуухны татаас өгч байжээ. Иргэдэд татаас өгөн байж, улсынхаа урдаа барьдаг хувийн хэвшлийн компанийн санхүү, хүн хүчийг дайчлан байж утаа бага ялгаруулдаг зуухаар хангахын цаад зорилго бол?! Үнэндээ хөдөө орон нутгаас нүүж ирж уулын ам болгонд ханаа дугуйлчихсан шилжин ирэгсдийг машины хаягдал дугуй, ажилласан моторын тосонд нэвчсэн тоосго, хог шатаалгахгүйн тулд, нэг үгээр эрчим хүчний шугамын үзүүр очтол зуухны соёлтой хэрэглээ бий болгохын тулд, Улаанбаатарыг өдгөөгийнх шиг утаанбаатар болгохгүйн тулд, эцэст нь өнөөдөр үр хүүхэдтэйгээ нийлээд хүн амын талаас илүү хувь нь хотлоороо хордож үндэстнээ мөхөөхгүйн тулд л байв.

Учир нь, дэлхийн хамгийн хүйтэн хийгээд хамгийн их бохирдолтой хотын нэгээр нэрлэгдээд эхэлсэн Улаанбаатарын гэр хорооллын зарим айл бусдыгаа бодолгүй юу тааралдсанаа түлж дулаанаа хангадаг, энэ нь агаарт цацагдаж байгаа нарийн тоосонцоруудын 60 хувийг дангаар ялгаруулдаг гэсэн судалгаа нэгэнт гарсан байсан юм. Гэр хорооллын айлуудын ялгаруулж байгаа тоосонцорыг мэргэжлийн хэмжүүрээр РМ 2.5 гэж тодорхойлоод энэ нь хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлөх түвшинд нэгэнт хүрсэн судалгааг ч тэр үед хийсэн байлаа. Ийм л үед төр, засаг дэмжин, гадаадын төслийг оруулж ирж хувийн хэвшлийнхнийг дайчлан утааны эсрэг хөдөлсөн, утаа бага ялгаруулдаг зуухыг татаас өгөн иргэдэд түгээсэн. Сүхбаатарын талбайд 100 зуух эгнүүлэн тавьж байгаад зэрэг галлаж хүртэл олон нийтэд үзүүлж харуулж сэхээрүүлж байлаа шүү дээ.

Бидний санаанд үлдсэн нь л энэ болохоос биш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хэрэгжүүлсэн төслөөр зуухны утаа ялгаруулах түвшин болон үр ашгийг турших лаборатори байгуулж МСС болон Цэвэр агаар төслөөс татаас олгосон Турк, Хятадад үйлдвэрлэсэн загварын зуух хийгээд өөр төрлийн зуухнуудад 80 гаруй удаагийн туршилт, хэмжилт хийж байгаад гадна дотны банкныхны хатуу хяналтан дор тэдний зөвлөмжөөр хэрэгжүүлсэн төсөл байв. Утаатай хийх тэмцлийн чухал ажлын нэгэнд зүй ёсоор орох сайжруулсан түлш зэрэг төлөвлөгөөт томоохон ажил биелээгүй боловч зөвхөн сайжруулсан зуухны төсөл нь дангаараа түлшийг 30 хүртэл хувь хэмнэж, утаанд агуулагдах хорт бодисын хэмжээг 80 хувь хүртэл бууруулж байжээ.

Дэлхийн банкны судалгааны тайланд дурдсанаар, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл утааны хоруу чанар нь энэ мэтчилэн буурах хандлагатай байсан ч 2014 он гэхэд төсөл үндсэндээ зогссон. Яагаад гэхээр гадаадын байгууллагуудын санхүүжилт саарсанаас гадна төр, засгийн дэмжлэг, ойлгох ойлголт нэн бүдгэрчээ. Үүний зэрэгцээ төслийг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж олдохгүй байхад нийгмийн хариуцлагаар хэнхэглэж эхний санхүүжилт болох 20 тэрбум илүү төгрөгийг урьдчилан гаргах зэргээр бишгүй хүчин чармайлт гаргасан хувийн хэвшлийн компани улстөржсөн байнгын хардлага сэрдлэгээс залхсан байх. Их хэмжээний санхүүжилт урьдчилж гаргасан мөртлөө бүтээгдэхүүн нь бүтэн жилжин шахуу агуулахад хэвтдэг, борлуулалт нь зөвхөн дүн өвлөөр хийгддэг, уулын мухарт суурьшсан айлд хүргэж суурилуулах гэж түмэн бэрхшээл туулдаг зэрэг хүндрэлээс ч дайжсан биз. Нөгөөтэйгүүр төрийн хяналт суларсаныг далимдуулан хөнгөлөлттэй зуухыг ердийн зуухнаас хямд үнээр үүрэг хүлээн гарын үсэг зуран авсан зарим иргэд амлалтаа зөрчин өөрсдөө хэрэглэхгүйгээр цааш нь дамладаг ухамсаргүй үйлдэл нэмэгдэх болсон аж. Хамгийн гол нь хөдөө орон нутгаас нийслэлийг зорьсон их нүүдлээс бий болсон Улаанбаатарын утааны яндангийн тоо утаагүй зуухны борлуулалтын тоог хэд дахин нугалан үржигдэж байлаа. Дэлхийн Банкны судлаачид, “Улаанбаатар хотод утаа багатай зуухны зах зээлийг бий болгон хөгжүүлсэн туршлага нь хоол унд хийх, халаалт хангах цэвэр шийдлүүдийг боловсруулж, олон улсад хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой жишээ болохоор байна” гэсэн өндөр үнэлгээ, утаатай тэмцсэн жилүүдэд бодитоор хэрэгжүүлсэн цөөн даацтай ажлуудын нэг болох “Утаагүй зуух” төсөл ингэсээр утаан дундаа замхарч байна. Үр дүнг нь өнгөрсөн хоёр жил залгисан байнам.

Угаас Дэлхийн банкны судалгааны тайланд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хамарсан судалгаа болон Улаанбаатар хотоос гадагш нутаг дэвсгэрт хийсэн зуухны зах зээлийн түргэвчилсэн үнэлгээний үр дүнгээс харахад хэрвээ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй бол өнөөдрийг хүртэл хийсэн зуух солих хүчин чармайлтын үр дүн саарч болзошгүй” гэж тов тодорхой дүгнэсэн байсан. Үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй болбоос үр дүн саарна хэмээсэн энэ дүгнэлт биеллээ олж утаа өтгөрсөөр гамшгийн төвшинд очжээ. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн уг дүгнэлтийг эрхэм Ерөнхийлөгч “Улаанбаатар үр ашиггүй, ирээдүйгүй хот болсон” гэж хэлж түмэнд түгээлээ. Утаан дундаа унтанхан, угаартанхан байсан бүгд сэржээ, утаа сэрээсэн байна. Гэхдээ сэрэхдээ утааны эсрэг тэмцэж байсан урьдын явдлуудыг үгүй хийн туйлшран цочин сэрж, сэхээрч байгаа нь харамсалтай. Утаатай тэмцэхээр бүгд нэгдэн төр засагтаа дуу хоолойгоо хүргэе, үйл ажиллагааг нь дэмжье, оролцьё. Гэхдээ бусдын хийснийг үгүйсгэж чичилж буруутгаад гарцаа олж чадах уу?

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих