МЗХ-ны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатарыг огцрохыг залуучууд шаардаж байна

Ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар гэр бүлээрээ Канадад амьдарч байна-
Монгол Улс залуучуудын орон. Гурван хүн тутмын нэг нь 16-35 насны залуу, хоёр хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын бараг тал хувь нь 25-аас доош насныхан байгаа. Гэвч Монголын залуучуудын эрх ашиг, хүсэл сонирхол, тэдний үйл ажиллагааг дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн Монголын Залуучуудын холбоо хангалттай ажиллаж чадахгүй байгаад олон хүн сэтгэл дундуур байна.  90 гаруй жилийн түүхтэй, хуучин “Эвлэлийн төв хороо”-ны үндсэн бааз суурин дээр хадгалагдан үлдсэн энэ том байгууллага өнөөдөр хэдхэн хүний эрх ашгийн төлөө үйлчилж, Монголын залуучуудын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байна гэж шүүмжлэх хүмүүс захаас аваад л гарч ирдэг. Бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг  МЗХ-ны харъяанд “Залуу удирдагч сан”, “Залуучуудын хөгжлийн Полиси төв”, “Залуучуудын хөдөлмөрийн бирж”, “Цэнгээнт бүжгийн хөдөлгөөн”, “Сэтгэл зүйн төв”, “Англи хэлтэй оюутнуудын клуб”, “Залуучуудын хөгжил сургалт мэдээллийн төв” ажилладаг.  Дээр нь асар олон төсөл хөтөлбөр хэрэгждэг.   Үүнээс гадна Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу санхүүжилт авч төсөл хэрэгжүүлдэг,Төв байраа түрээсэлж, бас л чамлахааргүй ашиг олдог газар.  Гэвч сүүлийн үед тус байгууллагын үйл ажиллагаа хэвийн бус, санхүүгийн тайлан ч тодорхойгүй, даргын цэргийн асуудал таг гацаанд орчихоод байгаад бухимдах хүмүүс цөөнгүй байна. Дүрэмд заагдсаны дагуу Монголын залуучуудын холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал. Их хурал нь дөрвөн  жилд нэг удаа заавал хуралдаж, холбооны ерөнхийлөгчийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч баримтлалыг тодорхойлж байх учиртай. Гэтэл өнөөгийн удирдлагууд Монголын залуучуудын холбооны эрх барих дээд байгууллага болох их хурлыг хуралдуулахгүй,  дүрмээ ноцтой зөрчсөн хэмээн залуучууд үзэж байна. МЗХ-ы их хурал нь хамгийн сүүлд 2004 оны долдугаар  сард хуралдсан бөгөөд 2008 оны 7 сард багтаан хуралдах ёстой байсан ч “Улс төрийн байдал тогтворгүй байна” шалтаг зааж өнөөдөртэй золгожээ. МЗХ-ны удирдлагуудад Их хурлаа зарлан хуралдуулах шаардлага тавьсан залуучуудыг “Улс төрждөг, эрүүл бус” гэх зэргээр дайрч давшилж байгаа аж.
МЗХ гэх 89 жилийн түүхтэй дэлхийн хэмжээнд танигдсан байгууллагын нэр хүндийг Ц.Зоригтбаатар, Б.Оюунчимэг гэх хүмүүс гутааж байна. Дүүргүүдийн залуучуудын холбоодын удирдлагуудыг сольж,  үг дуугүй өөрсдийг нь дагадаг, дэмждэг хүмүүсээр баг бүрдүүлж эхэлсэн гэж тэд ярьж байсан юм.
Ноён Ц.Зоригтбаатар Ерөнхийлөгч нь Их хуралд ажлаа тайлагнах бөгөөд орон тоогоор ажиллана-ы нэрийг барьдаг. Сүүлийн үед монголд ирэхээ больжээ. Тэрээр Канадад гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа сурагтай. Жилд нэг удаа Улсын баяр наадмаар л Төв цэнгэлдэх хүрээлэнд ирдэг болсон гэж МЗХ-ны гишүүд дургүйцлээ илэрхийлж байсан юм.

Бид энэ талаар Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Баатархүүгээс  МЗХ-ны  үйл ажиллагааны талаар тодруулсан юм.
Ц.Баатархүү:  МЗХ өөрсдийг нь  шүүмжилсэн хүнийг  “Үндэстний дайсан” шиг л хялайж хардаг
-Өнгөрсөн жил Ц.Зоригтбаатарт  10 асуулт тавьсан. Энэ асуултандаа хариулт авч чадсан уу?
-Тэгсэн. Дэлхийн Залуучуудын өдрөөр МЗХ-ны Ерөнхийлөгч Ц.Зоригтбаатараас 10 асуулт тавьсан. Бүтэн жил гаруй хугацаа өнгөрч байна. Надад ямар ч хариу ирүүлээгүй. Энэ байгууллагын үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Ер нь үйл ажиллагааг нь шүүмжилсэн хүмүүсийг “Үндэстний дайсан” шиг л хялайж хардаг улс. Ц.Зоригтбаатарт 10 асуулга тавьснаас хойш тэр байшингаар ч ороход хүнд болсон.
-МЗХ-ныхон Их хурлаа хуралдуулахгүй байна, Ерөнхийлөгчөө шинээр сонгох боломж олгохгүй байна гэж залуучууд гомдол гаргаж байсан.
-1998 онд Ц.Зоригтбаатар энэ ажлыг одоогийн УИХ-ын гишүүн Ш.Сайханбилэгээс хүлээж авсан. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн ажил хашиж байна. Дүрмээрээ бол 2008 онд Их хурлаа хийх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хурлаа хийсэнгүй.МЗХ-ны өнөөгийн удирдлага сандал ширээгээ тавьж өгөхгүйн төлөө Их хурлаа хуралдуулахаас айж байгаа юм байлгүй дээ. Надад өөр хэлэх зүйл алга. МЗХ-ны дарга нь хэн байх нь надад хамаа алга. Харин энэ байгууллагыг удирдаж чаддаг, идэвхитэй ажиллуулж чаддаг тийм л хүн байх учиртай. Өнөөдөр МЗХ-ны үйл ажиллагаа хэтэрхий ядмаг. Цэнгээнт бүжгийн тэмцээн явуулж, хэн нэг хүнээр лекц уншуулаад л болчихдог.  Гэтэл өнөөдөр Монголын залуучуудад бодлого хэрэгтэй байна. Тэдэнд төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Өнөөдөр МЗХ ирэх 20 жил хамгийн эрэлт хэрэгцээтэй байх мэргэжлийг тодорхойлж гаргаж өгөх шаардлагатай байна. Мэргэжлээ сонгож авч чадахгүй байгаа залууст дэмлэг үзүүлж, мэргэжилтэй болсон ч ажлын байраа олоогүй яваа хүмүүст тусладаг байх ёстой. МЗХ жил бүр Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг, тусгай статустай  байгууллага. Энэ байгууллага Монгол Улсыг гадаадад бүрэн төлөөлөх эрхтэй. Гэтэл ямар ч бодлого чиглэлгүйгээр ажиллаж байна. Засгийн газарт шахалт үзүүлж, залуучуудыг дэмжих, уул уурхайгаас орж ирж байгаа энэ мөнгөний урсгалаас  залуучуудад ашигтай зүйл хийхэд зарцуулах учиртай.

URL:

Сэтгэгдэл бичих