Д.Тэрбишдагва гишүүн ээ, Уушгаа хамт хордуулъя

6946

Таниас сайн уу? гээд асуучихвал доромжилсон болчих байх л даа. Мэдээж та сайн л байж таарна. Харин таныг УИХ-ын танхимын зөөлөн суудалд суулгасан тойргийнхоны тань бие өнөөдөр маш муу байна. Гамшгийн голомтод аж төрж, амьдран сууж байна. СХД-ийн 9-р хороо, Баянхошууны тойрог гэхээр танд нэг юм бодогдож магадгүй. Учир нь та зургаахан сарын өмнө тус газрыг утаагүй байхад нь тэндээс олонхийн санал авсан шүү дээ.

Харин өнөөдөр тэр орчим утаан дундаа уугиад л, уушиг цээж маань хордоод л байна шүү. Таны сонгуулийн үеэр тарааж байсан хэр баргийн аавын хүү хэвлүүлж чадахааргүй асар зузаан, хачин гоё тараах материал тань одоо ч манайд бий. Та тэр материал дээр бичсэн сайн сайхан зүйлээ хэзээ хийх вэ? Тойргийнхоныхоо эрүүл мэндэд хэзээ санаа тавих вэ? Дүүргийн Засаг дарга санаачилсан юм гэнэ лээ. Иргэдээ дормжлоод ч байгаа юм шиг “Энгийн дадлаар эрүүл амьсгалъя” гэсэн өнгөт зурагнаас өөр сайн сайхан зүйл тэнд одоо юу ч алга байна.

Та ч яахав энэ тэндэхийн нам солиод сурчихсан зангаараа тойргоо сольчихно гээд бодож явж мэднэ. Нэг л зүйлийг амлъя. Үнсэж үнгэхээс наагуур наалдаж, үүлнээс дээгүүр юм ярьж сонгогдчихоод үр хүүхдүүдийг минь утааны голомтод амьдруулсаар байх юм бол ард түмэн хилэгнэнэ шүү. Олны хилэн тан дээр яаж ч бууж мэднэ. Тиймээс эрхэм гишүүн ээ, тойрогтоо ирж гэгээн дүрээ нэг харуулаач. Уушиг цээжээ хорин минут ч гэсэн хамт хордуулаач.


URL:

Сэтгэгдэл бичих