Буурал үс (өгүүллэг)

a3afd50db2a48a10originalХагалгааны өрөөнөөс эмч цагаан халаадаа дэрвэлзүүлсээр гүйх нь холгүй гарч ирлээ. Зүрхний хэмнэл дээд цэгтээ хүрч амьсгал минь хаагуур орж гараад байгаа нь үл мэдэгдэнэ. “Муу эсвэл сайн, алийг нь дуулгах гэж ингэтлээ яаран гүйгээ бол. Аль нь ч байсан хамаагүй үнэн байдлыг нь л хэлээсээ билээ”. Өөдөөс чиглээд гүйж байсан нөгөө эмч нүд рүү минь цоо ширтэж байснаа хажуугаар салхи татуулаад л өнгөрчихөв.
Өмнө минь ирж зогсохыг амьсгаа даран хүлээж байсан би гэдэг хүн нулимстай нүдээ бүлтэгнүүлээд ард нь хоцорлоо. Удалгүй хагалгаа бүрэн дуусч эмч, сувилагч нар бүгд гарч ирэх нь тэр. Энэ удаад би хүлээж тэсэлгүй хагалгааны өрөөний үүдрүү яаран алхав. Өндөр нуруутай залуу эмч тосч угтаад:
– Хагалгаа амжилттай хийгдсэн. Одоо өвчтөний биеийн байдал тун сайн байгаа. Танай хүн бас ч гэж бие сайтай, тэвчээртэй хүн байна шүү. Ингэхэд танай хүний үс нь угийн ийм буурал юм уу?
– Тийм ээ, хүүхэд байхаасаа л ийм буурал үстэй байсан. Яасан бэ? эмчээ тархи толгойд нь арай…
– Үгүй, үгүй, зүгээр л манай их эмч тодруулж мэдээдэх гэж л даалгасан юм.

Би түүнийгээ хорин нэгэн насандаа анх цэрэг татлагын хороон дээр харж билээ. Толгойдоо хүрэн өнгийн алчуур зүүсэн тэр минь үүдний довжоон дээр нулимс унаган зогсож байсныг би сайн санаж байна. Толгой дээрх алчуураа авч нулимсаа арчих үед нь эргэн тойронд байсан олон хүний нүд түүний үсрүү чиглэж билээ. Арга ч үгүй биз, тэр минь бэлхүүс хүрсэн урт саарал өнгийн гэзэгтэй. Би өөрөө хүртэл анх хараад нүдээ салгаж чадахгүй ширтэж зогссон юм чинь. Би гэдэг хүн багадаа морин доор гишгүүлснээс болж нэг хөл хазгар болсон болохоор жил бүр л цэрэг татлагын комисс дээрээс хөх өнгийн тамга, даргын гарын үсэг цаасан дээр цохуулдаг ажилтай очдог байлаа. Тэр үеэс л би саарал гэзэгтэй сайхан бүсгүйг өдөр бүр боддог болж, бүр байж сууж тэсэлгүй хажууханд нь гэрээ нүүлгээд бууж билээ. Хүн амьтны амыг сонсч түүний талаар асууж яваад “Уг нь нэг хүүтэй учиргүй дотно байсан юм. Сүүлд дуулах нь, өнөө хар хүн нь харь гүрэнд одсон гэсэн. Аргагүй дээ, дээдэс юу хийж л ганц хүүгээ ядуу тарчиг өнчин амьтантай нэг гэрт оруулах вэ дээ! Хар залуугаараа өтөлсөн гэмээр буурал гэзэг нь зовлон зүдгүүрт л ийм болоо биз. Тэр хар юм нь гэрлэнэ сууна гэж ам гарч нутгаас нь нүүлгэж ирээд хүний нутагт орхиод явсан юм. Одоо ганц буурай эмээтэйгээ л өдөр хоногийг өнгөрөөх гэж зүдэж байгаа бүсгүй хүн дээ.” гэх чухал баримтыг олж дуулаад л зоригтойгоор дэргэд нь шахуу хаяа нийлэн буусан даа. Би түүнээсээ нэг ч удаа өнгөрсөн амьдралыг нь асууж байгаагүй. Ямар сэтгэлийн зовлонг нь нимгэлэх биш зовоохоос цаашгүй. Тэр үеэс хойш хорин хоёр жил бид хоёр зовлон жаргал дунд нэг нэгнээ түшиж нэг гэрт орж, нэг сайхан хүүтэй ч болсон. Гэхдээ хүний зовлон гэж дуусахгүй хорвоо юм. Сүүлийн хэдэн жилийн турш хань маань гэнэт ухаан алдаж унадаг, мартаж санадаг, бүр эргэн тойрныхоо хүмүүсийг заримдаа танихгүй болчихдог боллоо. Намайг бол сайн таниад байгаа хэрнээ хүүгээ эсвэл хуучин найзуудаа танихгүй бүр санах гэж уйлах нь холгүй юм болдог болсон. Би ч аль болох л тайвшруулах гэж оролдовч нэг л өдөр намайг санахгүй байх вий гэхээс үхтлээ айна. Тэгээд л эм тариа, эмнэлэг гэж явсаар мэс засалд яаралтай оруулах хэрэгтэй болсон доо. Бараг л эцсийн найдлага тээсээр хүлээж сууна. Түүнийхээ буурал сэвлэгийг нь үнэрлэж, гэзгийг нь сүлжиж байгаад нэг л мэдэхэд орооцолдуулаад зэмлүүлдэгсэн. Тэр минь дандаа л “Энэ буурал гэзэгний үзүүр чиний минь урт савхан хуруу хоёр яагаад л учраа ололцохгүй орооцолдоод байдаг юм бэ дээ?” гэж шоолдогсон…

Ингэж дэмий суухаар их эмчтэй нь уулзаж бүрэн лавшруулж асуух хэрэгтэй байх бас баярлаж талархаж байгаагаа ч хэлье байз.

Эмчийн өрөөний хаалгыг тогшиж, орох зөвшөөрөл аваад шуудхан л гар барин талархав. Харин намайг цоо ширтэх шахан хажуугаар өнгөрсөн өнөөх эмч миний нэр усыг яггүй сайн дуудаж, эхнэртэй маань бүр багын найз байсан гэв. Эхнэрийн маань нутгийн хүн байх нь гэж олзуурхан нутаг усыг нь асуутал манай нутгийн хүн болж таарлаа. Тэгтэл эмч:
– Өвчтөн бие сайтай тулдаа л хагалгаа сайн үр дүнтэй байна. Удахгүй сэргэхээрээ улам сайжрах байх. Гэхдээ тархины цусан хангамж маш муу байгаа учраас нэг хэсэг мартаж санах нь зүгээр болохгүй. Яг ийм төрлийн зарим хагалгааны дараа өвчтөн өнгөрснөө маш сайн санадаг хэрнээ одоо байгаа орчин нөхцөл гэр бүлийнхээ хүмүүсийг мартчихсан байдаг. Нэг ёсондоо хүүхэд насаа санадаг харин өөрийгөө өтөлж хөгширсөн гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй.
– Тэгвэл намайг санахгүй ч байж магадгүй юу?
– Яг одоо бол хэлж мэдэхгүй. Буураммаа өөрөө сэрээд хэнийг нь түрүүлж санаж байгаагаас л шалтгаална даа.
– Та бид хоёрын уу? Ингэхэд манай хүнийг Жаргалмаа гэдэг.
– Өө тийм л дээ, би багадаа Буураммаа гэж хочилдог байсан юм. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Хагалгаанаас л эсэн мэнд гарч байна гэдэг чинь учиртай.

Эмчийн өрөөний хаалгыг хаагаад гарах үед өөрийн эрхгүй нүд харанхуйлж цээжин дотор нэг л хөндүүр мэдрэгдээд болж өгдөггүй. Би тэр эмчийг сайн мэдэх аж. Олон арван эмнэлэг дундаас очиж очиж энэ эмнэлэгт тэр эмч болчихсон, ханьд минь хагалгаа хийгээд зогсч байх гэж. Хатуу нэхэлтэй хорвоо юм даа. Манай нутгийн ганц баяны хүү Жаргалмаагийн минь анхны хайр болсон чамайг би танилгүй яахав. Багад биш ээ, ид залуу насандаа чи миний эхнэрийг Буураммаа гэж өхөөрддөг байсан гэнэлээ. Өдий олон жил мартаж чадахгүй ихээхэн шаналсан бололтой чи. Энэ олон жил чиний үлдээсэн шархыг эхнэр бид хоёр хамтдаа эмчлэх гэж их зүдэрсэн. Чи түүний биеийг амьдруулж болох ч сэтгэлийг нь эмчлэх шидгүй болсон. Гэхдээ яагаад ч юм уур хүрч, нулимсны сүв нойтон оргиод байх юм. Эр хүн байж уйлах нь уу дээ? Үүнээс хэцүүг даваад гарсан мөртлөө иймхэн юманд бууж өгөхгээ юу? Харж л байгаарай! Хань минь намайг л санах учиртай.

Тэр минь гүн амьсгаа авч унтаад л байх юм. Өдөр тийшээ сэргэж магадгүй учраас хар шөл, солих нимгэн хувцас зэргийг нь авч ирэхээр хүүгээ сахиурт үлдээгээд өөрөө явлаа. Хүүдээ бас идэх юм аваад оройхон эмнэлэг дээр иртэл хүү минь үүдэнд нь гунигтай зогсч байна. Ээж нь сэргэсэн бололтой.

– Яасан бэ, миний хүү? Ээж нь сэргээ юу, орохгүй юм уу?
– Тэгсэн, намайг таниагүй. Харин тэр хөгшин эмч ахыг л их сайн таниад байгаа бололтой.

Зүрхнийхээ гүнд нууж байсан өнөө доголон нулимс өөрийн эрхгүй л асгараад ирлээ. Мөн ч удаан тэссэн бололтой энэ нулимс. Ийм зүйл болох вий гэж их л айсан юмсан. Хорин хэдэн жил өөрийгөө азтай эр хүн гэж хуурч ирсэн миний энэ тэнэг толгой ингээд үнэнтэй эвлэрэх гэж. Мартагдах учиртай хүн нь би өөрөө байж. Их олон жил биеэ дэргэд минь байлгасан ч сэтгэлээ харьд өгсөн хүний дэргэд байж дээ гэсэн бодол төрөөд учиргүй их гомдол асгарна…

– Ааваа, та уйлаад байгаа юм уу?
– Тэгэлгүй яахав дээ, хүү минь. Ээж нь амьд мэнд байна гэдэг чинь хэлж барамгүй их аз завшаан. Миний хүү хоолоо халуун дээр нь ид, аав нь удахгүй ээ.
– Аав, та ээжийг харахгүй юм уу?
Хүүдээ хариулт өгөх гэхээр хоолой зангираад болдоггүй. Чимээгүйхэн л гарч одлоо. Салхитай тэнгэр өөд цээжээ түрэн гүн амьсгаа авч зогсоно. Эр хүн шиг бай! Чи чинь эцэг хүн. Яг одоо гүйж ороод ширүүн салхи, хүйтэн цасанд дарагддагүй тэнгэр багнадсан уул шиг хүчтэй нэгэн бай. Ядаж хүүгээ бодоод ор. Өөрийг нь танихгүй байгаа ээждээ гомдож суугаа ганц хүүгээ тайвшруул. Чи ч яахав, аль хэдийн хуучирсан зүрх. Цоологдвол цоологдоно л биз. Хүүгийн минь зүрх шив шинэхэн шүү дээ. Яг одоо энэ цагт ааваас нь өөр хамгаалах хүн үгүй. Тиймээс хөлөө чирж байгаад ч болтугай орох хэрэгтэй.

Үүдэнд сууж байсан хүүгээ үнэрлээд хамт ээжийнх нь өрөөрүү орох гэтэл. Их эмч гуай хаалгыг нь аяархан хааж гарч ирээд:
– Одоо Буураммааг амраах хэрэгтэй байна. Сая зүүрмэглээд унтчихлаа. Та хоёр эндээ хүлээж байгаад сэргэхээр нь ор.
– Энэ олон жилийн турш би эхнэрийгээ унтаж байхад нь хүртэл дэргэд нь байсаар л ирсэн. Төвөг болсон удаа нэг ч үгүй. Тиймээс яг одоо би өрөөнд нь ороод ядаж нэг духыг нь үнэрлэчихээд явмаар байна. Болно биз дээ, эмч гуай.

Би хүчээр шахуу эхнэрийнхээ өрөөнд орж хажууд нь очиж суугаад буурал сэвлэгийг нь үнэрлэв. Түүний минь нялх хүүхдийнх шиг зөөлөн үнэр яг л ээжийн минь сүүтэй энгэр шиг үнэртэнэ. Гэзэгнийх нь үзүүрийг сүлжих санаатай хуруу гараа орооцолдуулж байтал тэр минь сэрчихлээ. Нүд дүүрэн нулимстай намайг танихгүй байгаа бололтой. Гайхан харж байснаа:
“Энэ буурал гэзэгний үзүүр чиний минь урт савхан хуруу хоёр бас л учраа ололцохгүй орооцолдоод байна уу? Иймхэн юманд уйлж суудаг дэндүү зөөлөн сэтгэлтэй хүн шүү” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих