Өдөрт 200-300 хүүхэд үзүүлж байна
Ханиад томуу ихэссэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 09:00-19:00, амралтын өдрүүдэд 09:00-14:00 цаг хүртэл ажиллаж байгаа ажээ. Түүгээр ч барахгүй дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд насанд хүрэгчдийнхээ тасгийг чөлөөлж, хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж байна.
Мөн ор хүрэлцэхгүйгээс хонгилд ч хамаагүй хүүхдээ эмчлүүлж байгаа эцэг эх олон байна. Энэ тухай сурвалжлахаар бид Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм. Тус эмнэлгийн IV, V давхар Хүүхдийн тасаг хонгилдоо эвхдэг ор тавиад хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж байсан юм. Чингэлтэй дүүрэг 80-90 мянган хүүхэдтэй. Үүнээс амбулаториор ажлын өдөр 100 гаруй, амралтын өдрүүдэд 200-300 орчим хүүхэд үзүүлж, хэвтэх шаардлагатай. Ханиад, хатгаа нь хүндэрсэн хүүхдүүдийг хүлээн авч байгаа гэдгийг хүүхдийн тасгийн эмч нар хэлж байв. Тус эмнэлгийн Хүлээн авахад өдөрт 40-50 хүүхэд үзүүлж байгаагийн 30 нь хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, хүлээн авахын эмч Д.Цэрэнбаатар “Бямба, ням, даваа гаригт хэвтэх хүүхдийн тоо нэмэгдэж ачаалал ихэсдэг. Манай хүүхдийн тасаг 81 ортой ч одоогийн байдлаар 182 хүүхдэд үйлчилж байна. Эмнэлгээс гарч байгаа хүүхэд ховор, эмчилгээ сунжирч байна. Гарсан ч эргэн ирж байна. Томуугийн дэгдэлт энэ сард өндөр байгаа. Нэг настай хүүхдийн дархлаа харьцангуй сул байдаг учраас өвдөх нь их байна. Амьсгалын замын цочмог халдвар учраас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ч гэсэн өртөж байна.
Манай эмнэлэг Мэдрэлийн тасгаа чөлөөлөөд хүүхдийн тасаг болгосон ч ирсэн хүүхдүүд маань ор хүрэлцэхгүйгээс хонгилд эмчлүүлж байгаа. Цаашид ачаалал нэмэгдвэл дараагийн тасгийг чөлөөлөх үү гэдгээ ярилцаж байгаад шийднэ. Өмнөх онтой харьцуулахад ханиад, томуугийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн. Манай эмнэлэг хүүхдийн амбулатори, хүүхдийн түргэнтэй ч өчигдрөөс эхлэн Яаралтай түргэн тусламж 103-ын тусламж үйлчилгээг давхар авч байгаа болохоор ачаалал улам нэмэгдэж байна. Нэг эмч өдөрт 30-40 хүүхэд үзнэ. Нэг хүүхдийг 20-30 минут үзэх ёстой гэхээр ажлын найман цагтаа амжихгүй байна. Хамгийн гол нь ханиагаад, халуурч байгаа хүүхдээ эцэг эхчүүд сайн ажиглах хэрэгтэй. Тухайлбал, амьсгаадаж яраглах, цээж нь хонхолзож байвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Хэрэв хатгаа нь гайгүй байвал гэрээр эмчлэхийг зөвлөж байгаа. Хүүхдийг гэрийн нөхцөлд эмчлэхдээ дархлааг нь дэмжих хэрэгтэй” гэв.
Энэ сарын 06-ны байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Үүний 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9 хувиар хэтэрчээ. Насанд хүрэгчдийн орны 26 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргасан байна. Тиймээс ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Тэд дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагтай танилцаж, эмч ажиллагсад болон эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг сонссон байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа нь томоохон асуудал. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажиллах эмч, сувилагч, резидент эмч нарын тоог нэмэгдүүлж, тодорхой хүрээнд орны зохицуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэсэн юм.
Ханиад томуугийн хүндрэл эрчимжиж байгаа энэ үед Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын сайдын зүгээс тодорхой хугацаанд хориг тавих арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс зарим аж ахуйн нэгж, байгууллага, сургалтын газрын үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт тавих асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: