Энэ нийгмийн “золиос” нь би, бас миний хоёр хүүхэд
Хар тамхичин хүний цаана хэдэн амь өнчирч, хэдэн сэтгэл гансарч, итгэл шавхагддаг бол. Өөрийнхөө гэмийг урсгах гэж найз нөхөд, эм тариа, эцэг, эх, эмнэлгийн буруугаар хар тамхинд донтсон гэх хүмүүсийн сүүдэрт хэн хохирдог вэ. Энэ асуултад хариулт нэхсээр нэгэн бүсгүйтэй уулзлаа.
Гуалиг сайхан биетэй, ялдамхан инээж, туяхан хөдлөх тэрбээр цэл залуу насандаа яваа. Хоёр дипломтой, хоёр, гурван компанид давхар ажилладаг, ажилдаа ч гавшгай, дайчин бүсгүй. Гэвч анхны хайр, амьдралын хань, хоёр хүүхдийнх нь эцэг хар тамхинд донтож, бүтэн заяаг хагасалсныг нь хэн ч мэдэхгүй. Гэр бүлээ авч үлдэхийн тулд бүхнээ зольсон түүнтэй илэн далангүй ярилцлаа.
-Энэ бүхэн яаж эхэлсэн бэ?
-Би жирэмсэн байхдаа дутуу төрөх гээд байсан тул эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтсэн юм. Нэг удаа намайг бэр гуйж, гэр бүл, найз нөхөдтэйгээ эмнэлэг дээр ирж сүртэй ёслол хийлээ. Тэр оройноо утсаа авахгүй 24 цаг шахам сураггүй болсон. Маргааш нь би эмнэлгээс гарах байсан ч ирээгүй. Тэгэхэд ёстой л богтлуулсан юм шиг санагдаж, өөрийн болгов уу үгүй юу дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэлээ дээ гэж бодлоо. Анх удаа л аягүйрхэж, итгэл алдарсан нь тэр.
-Тэр өдөр анх хар тамхи татаж үзсэн гэж үү?
-Марихуаныг бол өмнө нь хэрэглэж үзсэн. Одоогийн залуус дунд өвс татаж үзээгүй хүн ховор байх. Харин метамфетамин буюу “мөс”-ийг тэр өдөр татсаныг нь бүсгүй хүний зөнгөөрөө мэдэрсэн. Түүнээс хойш утсаа авахгүй ойр ойрхон алга болно. Эхлээд нэг хоног, сүүлдээ бүр долоо хоногоор чимээ сураггүй яваад өгнө. Би ч учраа мэдэхгүй, жирэмсэн болчихоор ингэдэг юм болов уу, хүүхдээ төрүүлсний дараа зүгээр болчих биз гэж найддаг байв. Үүнээс болж жирэмсэн байхдаа хэд хэдэн удаа салж нийлсэн.
-Хүүхэд төрөөд байдал эргэсэн үү?
-Хоёр охиноо төрүүлэхэд ээж минь ажилдаа долоо хоног явалгүй намайг сахилаа. Найм дахь өдөр нь нөхөрт “Ийм, тийм шөл хийж өгөөрэй, ингэж асраарай” гэж хэлээд явсан юм. Нөхөр “За” гээд үлдсэн ч ээжийг гаруут араас нь гараад алга болсон. Би ч хүүхдүүдээ ээлжилж хөхүүлж, сахиад, оёдолтой байсныг ч хэлэх үү, хоолтой манатай байсаар өдөр өнгөрлөө. Ээж минь шөнө ирээд өглөө үлдээсэн мах нь хэвээрээ байгааг мэдэж, хоёр гэрийн хооронд хэрүүл хийн байж нөхрийг дуудаж ирүүлээд баахан загнаж, учирласан.
-Таны нөхөр анх ийм хүн байгаагүй юу?
-Нөхөр бид хоёр дунд сургуульдаа нэг анги байсан болохоор бие биенээ сайн мэддэг. Нөхөр цагаан хоолтой, гудамжинд өнчин гөлөг тааралдах бүрт заавал хооллож, заримыг нь гэртээ авчирч тэжээдэг, тийм л сайхан сэтгэлтэй хүн байсан. Жирэмсэн байхдаа би гутлаа өөрөө өмсөж үзээгүй. Би ч тийм муу хүн сонгохоор тэнэг охин биш. Анхны хайр минь болоод ч тэр үү, анх хайрласнаараа л боддог юм билээ. Энэ сэтгэгдлийг өөрчлөхөд тийм ч амаргүй. Ханилсны ойн баяраараа алга болоход нь “Хэдэн жилийн дараа яг энэ өдөр би тагтан дээр чамайг хүлээгээд, ихрүүдээ ээлжилж хөхүүлээд ганцаараа суух юм гэж бодоогүй шүү” гэчихээд яагаад ийм болчихов гэж их гайхаж байлаа.
Гэр бүлүүд хар тамхинаас болж салах нь ихэсчээ
-Хар тамхичин болсныг нь та яаж мэдэв?
-Хүүхдүүдийн нэг насны ой болж, зуслангийн байшиндаа тэмдэглэлээ. Тэр өдөр найзууд нь хар тамхи татсан. Би хараад аль нь аль болохыг мэдэхгүй айх, гайхах зэрэгцээд л байж байв. Гэрт, гадаа хүмүүст үйлчлээд явтал нөхөр нэг л сонин болчихсон, инээгээд ирэхэд нь арай хэрэглэчихээгүй байгаа гэж тээнэгэлзсэн. Бид хоёр маш олон удаа салж, нийлдэг.
Нэг удаа харин сайн найзынхаа эгчтэй уулздаг байсан нь баригдаж салсан юм. Нэг их удалгүй намайг гудамжинд барьж аваад өвдөг сөхөрч, уйлж, гуйгаад “Би мөсөнд донтсон, үнэхээр аймшигтай зүйл. Би маш их гансарч, чамайгаа бас охидоо санаж байна” гэж палхийтэл хэлсэн. Тэгэхэд л өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд болж өнгөрсөн бүхний шалтгаан газар дээр гарч ирэн, бүх зүйл тодорхой болсон доо.
-Хар тамхи татдагийг нь гэрийнхэн тань мэддэг байсан уу?
-Миний ээж хүргэндээ их хайртай байсан л даа. Харин ах бидний харилцааг анхнаасаа л эсэргүүцэж, найзууд нь хар тамхи татдагийг анхааруулсан. Гэвч би итгэдэггүй байлаа. Яаж итгэх вэ дээ. Гудамжинд тааралдаад ханилсан хүн биш шүү дээ. Сүүлд сураггүй дэмий тэнэх болсноос нь хойш ээж “Хар тамхи татдаг хүмүүс хүний мөсгүй болдог гэсэн. Хар тамхи татаад байгаа юм биш үү” гэх болсон. Бүр сүүлд л мэдсэн.
-Хадмууд нь юу гэсэн бэ?
-Үхтэл үр харам гэгчээр хүн хүүхдийнхээ талд л зогсдог юм билээ. Халааснаас нь олсон марихуаныг харуулахад “Арц юм биш үү” л гэсэн. Аав нь архи ууж, ээжид нь гар хүрдэг байсан гэсэн. Ингээд харахаар гэр бүлийн хүмүүжил маш чухал. Тэр айл ганц хүүгээ зөв хүмүүжүүлж чадаагүйгээс хоёр хүүхдийг өнчрүүллээ шүү дээ.
-Хар тамхи татахын тулд хулгай хийдэг байсан уу. Мөс хэрэглэдэг хүмүүсийн дийлэнх нь хулгай хийж, биеэ үнэлдэг шүү дээ?
-Хулгай хийх бол хар тамхины төлөө хийсэн адгийн муу бүхний хамгийн цагаан нь гэж болно. Францаас нэг сая төгрөгөөр авсан хоёр үнэртэй усыг хамгийн эхлээд хулгайлсан. Эргээд бодоход хар тамхи хэрэглээд найман сарын дотор л хүн чанараа алдчихсан. Дараа нь миний ээмэг, зүүлт, зөөврийн компьютер гээд зарж болох бүгдийг л зарсан. Хамгийн сүүлд миний машиныг таван сая төгрөгийн барьцаанд тавьчихсан. Тэр үед хүүхдүүдийн чих өвдчихсөн байхад ширхэг эм бариад ирээгүй хүн дээ.
-Хар тамхи хүнийг хэрхэн хөнөөдгийг та дэс дарааллаар нь харсан байх, тийм үү?
-Хулгай хийнэ, багаасаа найзалсан сайн найзын минь эгчтэй холбогдсон. Би тэр хүнийг нь багаасаа “Эгч” гэж дууддаг, гэрийнхнийг нь ч мэддэг байлаа. Чинээлэг айл л даа. Гэтэл том охин нь мөсөнд донтож, залуучуудад авч өгдөг, авах мөнгөгүй болохоороо биеэ үнэлдэг болсон.
Ээж нь над руу залгаж “Эгч нь энэ хэдийг шоронд явуулаад өгөх үү. Ийм охинтой байснаас байгаагүй нь дээр” гэхэд нь би “Танай охин үйлийн үрээ шоронтой, шоронгүй амсана аа” гээд л орхисон. Би өөрөө ч мэдэлгүй тэр хоёрын хар тамхи татах, буудал орох мөнгийг нь өгдөг байсан байгаа юм. Энэ асуудал сүүлдээ гаарч, 1999 оны жоохон охидтой хүртэл үерхдэг болсон. Тэд нар нь ч хар тамхичин. Эхнэр, хүүхэдтэй байж болиоч гэж зарим найз нь хэлэхээр “Монголын бүх л эрчүүд эхнэрээ араар нь тавьдаг. Чи эхнэргүй байж дуугүй бай.
Амьдрал чамд харуулна аа” гэсэн байна лээ. Бидний залуу үе үнэхээр сүйрч байна. Үнэнч, нандин харилцаанд итгэдэггүй, эрт, орой хэзээ нэгэн цагт эхнэр, нөхрөө хуурна, ганц шөнийн явдлыг бол бүр юү ч биш гэж боддог. Залуу гэр бүлийг харахад араар тавилт, архи, мөнгө, байр, хадмаас болж салдаг юм шиг хэрнээ үнэндээ хар тамхинаас л болж байгаа. Өчигдөр л гэхэд найзын эгч нөхрийнхөө халааснаас “мөс” олчихож. Гэтэл нөхөр нь зодсон байх юм. Нийгэм үнэндээ ийм л байна.
-Та яагаад нөхрөө уучилдаг байсан юм бэ?
-Би танай сонинд нийтлэгдсэн “Үе дамжсан гоморхол” нийтлэлийг уншсан. Тэнд миний насаараа бодож явсан зүйлийг бичсэн байна лээ. Миний аав бор дарсанд умбаж, намайг найман сартай байхад хаяад явсан. Тиймээс би хүүхдүүддээ дутуу заяа үзүүлэхгүй юмсан, эцэггүй өсгөхгүй юмсан гэж бодсоор өдийг хүргэсэн. Тэгээд л цөхөрч гомдсон ч хүүхдүүдийнхээ төлөө уучилдаг байв. Эхнэр хүн нөхрөө замын голд алдахад нь засаад авах ёстой биз дээ. Би ч нөхрөө хар тамхинаас салгаж чадна л гэж бодсон. Гэвч чадсангүй. Энэ нийгмийн “золиос” нь би, бас миний хоёр хүүхэд. Би сайн аавтай байсан бол эрэгтэй хүнд тавих шалгуур өөр байх байсан. Энэ бүхэн эргээд л үе дамжиж, миний охидод нөлөөлөхийг бодохоор үнэхээр гол харладаг. Би ийм амьдрал хүсээгүй шүү дээ.
-Таны энэ их тэвчээр хаа хүрээд хугарсан бэ?
-Хамт амьдраад гурван жил болсон ч байдал огт дээрдээгүй. Нэг өдөр найз минь “Танай нөхөр алдартай хар тамхичин юм байна лээ. Өөрөө зарж, татах тамхиа олдог. Хар жагсаалтад нэр нь орчихсон байх, удахгүй шоронд орно. Энэ Монголын зартай хар тамхичин охид” гээд нэрс харуултал нөхрийн явалдсан бараг бүх охин тэнд байсан. 1990- 2000 оныхон бол бүр сүйрчихсэн хар тамхичид.
Тэр цаг, мөчид л миний нүд нээгдэх шиг болж, дотор сэрдхийсэн дээ. Гэртээ ирэхэд нь би гэрийн түлхүүрээ авч, хайрцагтай хувцсыг нь өгөөд “Бидний амьдрал хүүхэд дээр л тогтож байна. Би чам шиг хүнтэй амьдарч чадахгүй, эхнэр, нөхөр гэж явахаасаа ичье” гээд сүүлчийн галт тэрэг хөдөлсөн. Хүн хоёр хүүхдийнхээ эцэгтэй амьдарснаас амьдраагүй нь дээр гэдэг цэгт хүрсэн гэхээр л хар тамхи хүчтэй байгаа биз дээ.
-Та хэр олон удаа зүрх сэтгэлдээ шатаж, уучилж, хайлж, өөрийгөө золиосолсон бол?
-Бид дөрөв байр түрээсэлсэн ч би бүх төлбөрөө төлж, тусдаа гарсан ч санхүүгээ ганцаараа авч явсан. Ажил хийж, сурч, хоёр хүүхдээ асран, хар тамхичин нөхрөө засаж авах гэж их зүйл золиосолсон. Нөхөр сэтгэлээр унахаараа л “Чи ээж рүүгээ яв. Би чадалтай болохоороо та гурвыг авъя” гэнэ. Би харин шазуур зууж, болгохын төлөө зүтгэдэг. Хар тамхичин хүн гэртээ байхдаа амттай хоол хийж, хүүхдүүдээ хараад, аав хүн ямар байдаг билээ, яг тийм. Харин гэрээс гарахаараа л хэд хоног алга болж, хүнээ байдаг.
Хоёр хүүхдээ бодоод эх хүн нөхрийгөө өөрчлөгдөнө л гэж найддаг юм билээ. Хүүхдүүдийнхээ аавыг хар тамхинаас цэвэрлэж, элэг бүтэн гэр бүлд охидоо өсгөх гэж хичээсээр нэг мэдэхэд би өөрийгөө өөрчилчихсөн. Хайр дурлалд, хүнд итгэхгүй, муу санаатай болчихож. Одоо би шөнө бүр нэг удаа сэрдэг. Шөнө сэрж нөхрөө байгаа, эсэхийг шалгасаар байгаад тэр.
-18 насандаа айл гэр болж, гурван жилийн хугацаанд өөртөө ахадсан амьдрал үүрч дээ гэж харлаа. Эргээд харахад юу боддог вэ?
-Найз минь надаас нэг удаа “Цаг хугацааг ухраадаг бол ямар амьдрал сонгох вэ” гэж асуусан. Тэгэхэд нь би энэ амьдралаа л сонгоно, хоёр сайхан үр заяасан шүү дээ гэсэн юм. Хүний хувь төөрөг юм болов уу даа. Магадгүй тэр хүн надад хүүхдүүд заяачихаад явах тавилантай байсан байх. “Мөс” гэдэг зүйлд донтсон хүнийг бурхан ч гэсэн “Май” гээд эргүүлээд өгчихдөггүй л юм байна лээ.
Г.Сайнзаяа
Засгийн газрын мэдээ
URL: