Б.Гангаамаа: Би дэлхийг эзэллээ
Дэлхийн долоон том оргилд төрийн далбааг мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг энэ удаагийнхаа “Өглөөний зочин” буландаа урьж, цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Хүсч, зорьж байсандаа хүрлээ шүү дээ?
-Баярлалаа. Үнэхээр сэтгэл өндөр байна.
-Уулын спортоор хичээллэдэг хүн бүрийн зорьж, тэмүүлдэг долоон тивийн долоон ноён оргилд гарна гэдэг амаргүй. Гэхдээ л та тэр бүгдийг чадсан анхны Монгол уулчин боллоо. Их урт, хүнд замыг тууллаа шүү дээ, дахин баяр хүргэе?
-Ард түмэндээ баярлалаа. Хүсэл зорилгодоо хүрэхэд минь та бүхний минь халуун сэтгэл тусалсан. Сүүлийн даваа Антарктид тивийн Винсон Массиф оргил байлаа. Чилийн цагаар 2016 оны арванхоёрдугаар 25-ны өдрийн 19:15 цагт оргилд хөл тавьсан. Энэ амжилт маань “Seven summit” буюу уулчин бүрийн хүсэн тэмүүлсэн зорилгын нэг байсан. Монголын уулчдаасаа анхны шанг татсандаа баяртай байна.
-Антарктид тивийн Винсон Массиф оргил бол далайн түвшнээс дээш 4897 метр. Эх орныхоо төрийн далбааг оройд нь хатгах амаргүй л байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Антарктид тив мөсөн ангалаар дүүрэн. Тиймээс бидэнд маш их сануулгыг өгч байлаа. Онгоц буух талбайг хүртэл онцгойлон засдаг юм билээ. Тэмдэглэгээгүй газар буух юм бол цөмрөх аюултай. Цас орсон ч хэзээ ч ус болохгүй учир тэнд агаар хуурай. Цэвэр хатуу, цас мөс. Өмнөд туйл 90 градусын өндөр дээр байдаг юм билээ. Дандаа өгссөөр байгаад оргилд нь хүрсэн. Маш хүйтэн байсан шүү.
-Уулын спортод цөөхөн хэдэн топ амжилт байдаг. Түүнийг хийхийн тулд Монголын уулчид олон жил зүтгэлээ шүү дээ. Харин та “Seven summit”-ыг хэзээнээс зорьж, төлөвлөж эхэлсэн юм бэ?
-Тийм ээ, үнэн. Үнэндээ би өөрийгөө дэлхийг “хураалаа” гэж хэлэх байна. Бүх тивийн бүх ноён оргилд гарсан амжилт байсан учраас би дэлхийг “хураалаа” гэж товчоор ойлгож байна. 2011 онд Эверестэд гарсны дараа надад “Seven summit”-ыг хураах хүсэл төрсөн. Энэ бол урт хугацааны олон жилийн аялал байлаа.
-Уул бол уул. Бүх оргил амаргүй байсныг ойлгож байна. Гэхдээ оргил дээр зогсож байхдаа сэтгэлдээ юу боддог нь сонин байна?
-Намайг Винсон Массиф ууланд гараад ирэхэд багийнхан маань “За ингээд Seven summit”-ыг хийлээ шүү дээ гэж билээ. Үнэхээр уул бол уул. Энэ уулыг давахад амар байсангүй. Үнэнийг хэлэхэд, оргил дээр удаан байх нөхцөлгүй. Мэдээж тухайн үед их ядарсан байна. Мөн тэр оргил дээр гарснаа баталгаажуулахын тулд хурдан зураг авах ёстой. Аль болох ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг баримтжуулах гээд ажил их. Элдвийг бодох зав байдаггүй гэх үү дээ.
-Үнэхээр төсөөлж байгаагүй хариулт байна. Тэгвэл оргилд авирах, буух хоёрын аль нь хэцүү вэ?
-Хүмүүс янз бүр ярьдаг. Зарим нь гарахаасаа буух нь илүү хүнд гэдэг.
-Таны хувьд?
-Гарах нь хүнд. Гарахын тулд маш их хүч зарцуулсан учраас бие сульдана. Тиймээс авирах нь илүү хүнд санагддаг.
-Ингэхэд та уулын спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа билээ?
-Дунд сургуулийн сурагч байхдаа л энэ спортыг сонгосон. Өөрөөр хэлбэл, 1989 оноос өнөөг хүртэл хичээллэж байна даа.
-Бараг 30 жил болох гэж байна шүү дээ. Эмэгтэй хүнд хэцүү спорт шиг санагддаг. Энэ спортоор хичээллэхэд юу тэгтлээ таныг татав аа?
-Би уулын спортод орсон шалтгаанаа хэлж чаддаггүй юм. Гэхдээ хүүхэд байхын тэр хүсэл тэмүүлэл намайг өнөөдөр ийм амжилтад хүргэж чадлаа.
-Өнгөрсөн цаг хугацаанд шантрах үе байсан уу?
-Надад шантрах үе байсангүй.
-Үнэн гэж үү?
-Тийм ээ. Харин авирахын өмнө мөнгө төгрөг, ивээн тэтгэгч олдохгүй үед л гомдмоор байдаг. Мэдээж өндөр зардал гаргаад явахад хэн дуртай байх билээ. Бүтэлгүй хариу сонсох тэр мөчид л хэцүү. Харин эх орноосоо мордоод онгоцонд суух үеэс хойш бол шантарна гэж байхгүй дээ.
-Ер нь уулчдад “Seven summit”-аас цааш оргил байдаг юм уу. Танд цаашид төлөвлөсөн зүйл бий юу?
-Өнөөдөр Монголын уулчин “Seven summit”-д бүртгэлтэй боллоо. Надад мэдээж цааш хийх зүйл байна. Энэ их олон жилийн аялал маань түүхэн намтар учраас бичих зүйл их байна. Тиймээс номын ажилдаа орно.
-Танд амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:
URL: