Нүүдлийг хорихын АЮУЛ
Хотын дарга С.Батболд нийслэлийн утааг бууруулах зорилгоор хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг хоёр жил хязгаарлаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Харин түүний дээрх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээд дэмжсэн юм. Харин эдийн засагчид тус асуудалд эсрэг байр суурьтай байна. Энэ талаар манай улсын урдаа барьдаг эдийн засагчдын нэг Д.Лхагвасүрэн өөрийн facebook хуудастаа дараах мэдээллийг нийтэлсэн байна. Тэрээр:
- НҮҮДЛИЙГ ХОРИХЫН АЮУЛ-
“Шилжилт хөдөлгөөнийг хорих шийдвэр гаргажээ.
УБ хотын шинэ дарга өнгөрсөн зун НЭГЭН ТОМ этгээд зорилт тавьсан юм. Энэ нь нийслэлийн айл бүхэнд нэг ажилтай хүн бий болгох зорилт. Сонсоход сайхан ч, үл гүйцэлдэх гаж санаа. Түүнийгээ хэрэгжүүлэхэд нь энэхүү хориг тус болж магадгүй юм. Гэхдээ маш өчүүхэн нөлөөтэй, ерөнхийдөө тэгтэй тэнцүү. Харин, нүүдэл, хөдөлгөөнийг хорих нь нийт эдийн засагт ямар нөлөөтэй вэ? Гурван зүйлийг хэлье.
1. Өнөөдөр улс орнууд хүмүүсээ аль болох хөдөлгөөнтэй байлгах гэж толгой гашилгаж байна. Жишээ нь, хүмүүс ажил хайн нүүж суухад гарах зардлын тодорхой хэсгийг нь татвараас чөлөөлдөг. Өнөөдөр Европт ажилгүйдэл өндөр байгаа нэг шалтгаан нь европчуудын дунд шилжилт хөдөлгөөн бага байгаатай холбоотой гэж үздэг. Эсрэгээрээ, АНУ-д хүмүүс их нүүдэг, ажилгүйдэл бага, хөдөлмөрийн бүтээмж өндөр. Германд шилжилт, хөдөлгөөний талаар зөв бодлого явуулах гэж бүтэн хүрээлэн ажилладаг.
2. 2012 онд би нэгэн судалгаа хийж макро эдийн засгийн Monetary Economics сэтгүүлд хэвлүүлсэн юм. Энэ судалгааны нэг ололт нь хүмүүсийн шилжилт хөдөлгөөн чухамдаа эдийн засаг сайжрахад ихэсдэг, муудахад буурдаг гэдгийг үзүүлж, тайлбарласан явдал юм (зургийг хар).
Уг судалгаагаар, энэхүү үзэгдлийн цаад учир нь хүмүүсийн ажил эрхлэлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл дулааны улирал эхлэхэд, мөн эдийн засгийн зарим хэсэг сайжран хөдөлмөрийн боломж нэмэгдэхэд хүмүүс нүүх нь ихэсдэг. Тэр нүүдэл, шилжилт нь нийт үндэсний хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийг 5 хүртэлx хувиар нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнийг хоригловол дундаж өрхийн хөдөлөмрийн бүтээмж төдий хэмжээгээр буурна. Мөн, тэдний ажилгүйдэл өснө.
3. Харин, хотын дарга шилжилт хөдөлгөөнийг бодит байдал дээр хорьж чадах уу гэсэн эргэлзээ төрнө. Цагдаа нар хотруу орж буй машин бүр рүү өнгийж, хүмүүсийн иргэний үнэмлэхийг шалгана гэдэг хэцүү. Мөн, монголчууд шинэ очсон газраа бүртгүүлэхгүйгээр хэдэн жил болчихдог нь энгийн үзэгдэл. Хорьж чадахгүй бол хотын даргын ярьж буйг тоох хэрэггүй. Гэхдээ, нүүдлийг хорих манай даргын сэтгэлгээ нь эдийн засагт тусгүй” гэжээ.
Н.МЯГМАР
medee.mn
URL: