”Өргөө” амаржих газрынхан барилгын компанийг шүүхэд өгчээ
Өнгөрөгч 10 дугаар сард “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн давхар тааз нурж унаснаар төрөх эмнэлэг болон барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн хооронд үл ойлголцол үүссэн билээ. Хэдийгээр тухайн үед онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газрынхан ажиллаж, дүгнэлтийг удахгүй гаргаж, асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн ч эцэс нь энэ асуудал шүүхийн хаалга татталаа даамжирсан байна. Өдгөө шүүхийн шатанд яваа “Өргөө” амаржих газар болон тухайн тасгийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Цаст констракшн” компани хоорондох үл ойлголцлыг шийдвэрлэх шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа.
Харин энэ хугацаанд тааз нурсан хагалгааны өрөөг эд мөрийн баримт болгож битүүмжилсэн тул тус эмнэлгийнхэн яаралтай хагалгаа хийх боломжгүй болоод байгаа юм. Өдөрт 5-6 яаралтай хагалгаа хийдэг байсан тус тасгийнхан энэ дөрвөн сарын хугацаанд яаралтай хагалгаагаа бүгдийг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн аж. Харин энгийн хагалгаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, тус амаржихын эмэгтэйчүүдийн мэс заслын өрөө бүхий өргөтгөлийг дөнгөж 2013 оны нэгдүгээр сарын 29-нд ашиглалтад оруулжээ. Албаныхны мэдээлж буйгаар “Бороо гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компанийн барьж өгсөн энэхүү өрөөний тааз нурснаар 69,2 сая төгрөгийн хохирол учирсан хэмээж байгаа юм. Гэвч барилгын ажил гүйцэтгэсэн компани болон эмнэлгийн удирдлагууд энэхүү хохирлыг барагдуулах тал дээр үл ойлголцолд хүрсэн тул ийнхүү шүүх, цагдаад хандахад хүрсэн бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: