МОНГОЛ ЭМЧ НАР БИЕ ДААН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн бямба, ням гаригт хоёр хүнд хагалгаа хийлээ. Ингэснээр гурван хүн Монголдоо элэг шилжүүлэн суулгах нарийн түвэгтэй мэс засалд оров. Эдгээр хагалгаа амжилттай болсон гэж хамтран ажилласан Монгол, Солонгосын эмч нар өчигдөр мэдээллээ. Элэгний хорт хавдар нь сүүлийн шатандаа орсон, элэг нь хатуурсан үед өвчтөнийг аврах ганц эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах. Тийм учраас энэ мэс заслыг Монголд нэвтрүүлэх гэж манай эмч мэргэжилтнүүд 4-5 жил бэлтгэсэн. БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй хийсэн гэрээний дагуу тэд хамтарч эхний хагалгаануудыг хийлээ. “Цаашид ч манайхантай хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал, доктор Ли Сан Ги мэдэгдэв. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол багийн ажил. Манай улсын үндэсний баг 24 хүний бүрэлдэхүүнтэй.

Энэ мэс заслыг хамтарч хийхээр “Асан” эмнэлгээс 22 хүний бүрэлдэхүүнтэй эмч, мэргэжилтнүүд шаардлагатай тоног төхөөрөмж, эм урвалжаа аваад ирсэн гэнэ. Монголдоо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 38-45 насны гурван эмэгтэй орсон бөгөөд бүгд амьд донороос эрхтэн авсан байна. Анхны хагалгаа 17 цаг үргэлжилсэн бол хоёр дахь нь 14, гурав дахь мэс засал 12 цаг үргэлжилсэн гэж манай улсын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, ЭМШУИСийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор О.Сэргэлэн ярилаа. Түүнээс энэ мэс заслын талаар тодруулсан юм.

-Элэг шилжүүлэн суулгах эхний хагалгаанд орсон хүний бие ямар байгаа вэ. Солонгосоос ирсэн үү?

-Бие нь сайн. Нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Хоёр улсын эмч нар эхний гурван хүнийг хагалгаанаас хойш 10 хоногийн дараа БНСУ-д аваачиж нарийн шинжилгээ хийж, хяналтад оруулна гэж гэрээ хийсэн юм. Гэрээний дагуу эхний хүн Солонгост шинжилгээ хийлгээд ирсэн. Одоо эмнэлгээс гарсан.

-Манай эмч нар хэзээнээс бие дааж энэ хагалгааг хийж эхлэх вэ?

-Бидэнд шаардлагатай тоног төхөөрөмж нь дутмаг байна. Засгийн газраас энэ эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 600 сая төгрөг баталсан. Энэ мөнгөөр багаж хэрэгслээ авчихвал, манай багийнхан бие даан элэг шилжүүлэн суулгах боломжтой болсон.

-Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүн Монголд олон байгаа биз дээ?

-Мэс заслын дараа элэг шилжүүлэн суулгуулъя гэж олон хүн бидэнд хандлаа. Элэгний В, С вирустэй хүн 10 гаруй жилийн дараа архагшин, хатуурч хавдар болдог жамтай. Тиймээс элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байсан.

-Энэ мэс заслын өртөг нь ямар байх бол?

-Эхний гурван хагалгааг 50 сая төгрөгөөр хийлээ. Энэ мөнгө зөвхөн өвчтөний эмчилгээнд зарцуулагдаж байгаа. Эмч, мэргэжилтнүүдийн илүү цаг, цалин мөнгийг огт тооцолгүйгээр энэ шүү дээ. Ирэх жилээс энэ эмчил – гээг эрүүл мэндийн даатгалд оруулах байх. Тэгвэл мэс заслын үнэ өртөгт хөнгөлөлт гарна.

-Амьгүй донороос эрхтэн авч ха галгаа хийх боломжтой юу?

-Амьгүй донороос эрхтэн авах тухай Донорын тухай хуулиар зохицуулагдсан. Манай багийнхан өнөөдөр ч цогцосны донороос эрхтэн авч, мэс засал хийхэд бэлэн гэв. “Асан” анагаах ухааны төв амьд донороос элэг шилжүүлэн суулгад – гаараа дэлхийд тэргүүлдэг. “Манай эмнэлэгт хийж байгаа энэ төрлийн мэс заслын 90 хувь нь амьгүй донороос элэг шилжүүлэн суулгадаг. Элэг шилжүүлэн суулгуулсан хүнд эмчилгээний үр дүн гурван сарын дараа гарч, амьдралын чанар нь сайжирна. Би 3300-гаад хүнд ийм хагалгаа хийсэн” гэж доктор Ли Сан Ги ярилаа.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэхэд бүх талын тусламж үзүүлсэн Ли Сан Ги ахлагчтай Солонгосын хамт олныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр хүлээн авч, тус багийн таван эмчийг яамныхаа хүндэт тэмдгээр шагнав. Мөн С.Ламбаа сайд Засгийн газраас энэ мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулж 600 сая төгрөг баталсан. Үүгээр тендер зарлаж энэ сардаа багтаан мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авна гэж мэдэгдсэн. Мөн УКТЭ-т Эрхтэн шилжүүлэн суулгах багийг бие даасан бүтэц болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тэндээ элэг, бөөр шилжүүлэн суулгах баг, сэхээн амьдруулах тасгийг байгуулах болсноо дуулгав.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих