Өөрийгөө тэтгэх ИПОТЕК
“Иргэдийг орон сууцжуулах бодлого үргэлжлэн хэрэгжинэ” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүний энэ үг тухайн үед ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй олон хүний санааг амраасан. Учир нь зах зээлийн хүүнээс хоёр дахин бага хүүтэй орон сууцны зээл зогсох нь гэсэн цуу яриа иргэдийн дунд газар аваад байлаа. Сонгуулиас хойш гурван сарын хугацаанд банкууд ипотекийн зээл олгоогүй. Энэ нь цуу яриа гарах эхлэл болсныг үгүйсгэхгүй. Харин төв банкны ерөнхийлөгчийн дээрх үг энэ эргэлзээг тайлсан юм.
Агаарын бохирдлыг үүсгээд байгаад гол шалтгааны нэг нь гэр хорооллын утаа. Үүнийг шийдэхэд ипотекийн зээлийн ач холбогдол их. Гэвч жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл санхүүжилтийн хомсдолд орох эрсдэлтэй тулгараад байна.
Зээл хүссэн гурван иргэн тутмын нэг нь зээлдэгч болж байна.
Энэ нь хамгийн их эрэлт, хэрэгцээтэй, нийгмийн захиалга болсон зээлийн бүтээгдэхүүн цаашид тогтвортой орших, эсэхийг тодорхойлох юм. Тиймээс санхүүжилт нь ипотекийн хөтөлбөр зогсолтгүй үргэлжлэх баталгаа. Уг нь ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар илүү олон өрх орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Үүнийг цөөнгүй эдийн засагч учирладаг. Тэдний зарим нь орон сууцны урьдчилгааг зохих хэмжээнд бууруулах, эсвэл зээлийн хүүг одоогийн түвшнээс багасгах нь утаагүй зуух, шахмал түлшнээс хамаагүй дээр сонголт гэж үздэг.
Тэгвэл үүнтэй санал нэгдэхгүй нь иргэдийн цалинг өсгөх байдлаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь ипотекийн зээлд олон иргэн хамрагдахад хэрэгтэй гэж дүгнэдэг хэсэг. Өрхийн дундаж орлого нэмэгдэхийн тулд эдийн засгийн тамир тэнхээ сайн байх нь зүйн ёсных. Эдийн засаг тогтвортой өсөх нь өрхийн орлогод бодитой нөлөөлдөг.
Нийслэлийн айл өрхийн 58.1 хувь нь гэр хороололд амьдарч байгаа гэсэн статистик бий. Манай улсын хувьд эдийн засгийн хүндрэл он дамнан үргэлжилж буй. Ийм нөхцөлд төгрөг хэвлэх замаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ төв банкны зүгээс зарласан. Энэ нь Монголбанк найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтээс нэг мөр гарч байгаа гэсэн үг биш юм.
Ипотекийн хөтөлбөрт төв банк нийт дөрөв орчим их наяд төгрөг зарцуулаад байна. Үүний эргэн төлөлт, хүүгийн төлбөр нийлээд сард болгон ойролцоогоор 30 гаруй тэрбум төгрөг бүрдэж байгааг дуулгая. Монголбанк энэ мөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Орон сууцны ипотекийн санхүүгийн тогтвортой тогтолцоог бий болгохоор дөрвөн жилийн өмнө дээрх хөтөлбөрийг Засгийн газар Монголбанктай хамтран эхлүүлсэн. Харин Засгийн газар өнөөдөр найман хувийн зээлийн санхүүжилтийн мухардалд орсон тул төв банк руу шилжүүлсэн нь нууц биш ээ.
Төв банк сүүлийн хоёр сарын байдлаар нийт 57.8 тэрбум төгрөг орон сууцны зээлийн санхүүжилтэд зарцуулжээ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлээ санхүүжүүлж байгаа нь энэ. Монголбанкнаас өмнө нь шинэ эх үүсвэр гаргах замаар ипотекийн зээлийг санхүүжүүлсэн. Харин өнгөрсөн оноос дээрх зарчмаар ипотекийн зээлийг олгож байна. Санхүүжилт буурсантай холбоотойгоор арилжааны банкуудын зээлийн шалгуур босго өндөрсөж, урьдынх шиг таван зээл тутмын дөрөв гардаг үе ард хоцорсон билээ. Ипотекийн хөтөлбөр ид хэрэгжиж, эрэлт их байх үед cap тутам 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт зээл болон гарч байсан. Харин эрэлт хумигдсан энэ үед 30-35 тэрбум төгрөг боломжийн хувилбар гэж төв банк үзэж байна. Гэхдээ энэ нь утааны эсрэг дорвитой өөрчлөлт авчрах хэмжээний мөнгөн дүн биш юм. Учир нь cap тутам дээрх мөнгөн дүнгээр 1000 хүрэхгүй өрх орон сууцны зээл хамрагдаж байна. Тэгэхээр зээл хүссэн гурван иргэн тутмын нэг нь зээлдэгч болох нь.
Банкуудын ипотекийн зээлийн тайланг cap болгон төв банк танилцуулдаг. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо
» Эргэн төлөлт, хүүгийн төлбөр нийлээд сард болгон ойролцоогоор 30 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг.
» Төв банк сүүлийн хоёр сарын байдлаар нийт 57.8 тэрбум төгрөг орон сууцны зээлийн санхүүжилтэд зарцуулжээ.
» Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлээ санхүүжүүлж байна.
90 мянга руу ойртлоо. Хугацаа болон чанаргүй зээлийн үзүүлэлт ипотект маш бага хувийг эзэлдэг. Хэдийгээр ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа ч удаашрах болсон.
Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсан хэвээр буй. Монголбанкны зарласан ханшаар мягмар гарагт 2498.48 төгрөгтэй тэнцлээ. Төв банк энэ өдөр 2498 төгрөгийн ханшаар банкуудад 6.2 сая ам.доллар нийлүүлэв. Ханшийн огцом хэлбэлзлийг чөдөрлөх аргуудын нэг нь энэ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.8 хувь нь төгрөгийнх. Үлдсэн хувийг валютын зээл бүрдүүлж байна. Cap тутам олгож буй ипотекийн зээл өмнөх сараас буурсан дүнтэй байгаа юм. Энэ нь санхүүжилт хомсдож буйн илрэл. Нөгөө талаасаа эдийн засаг агшиж байгаатай холбоотойгоор зээлийн эрэлт хумигджээ.
Ашиглахад бэлэн болоод буй 20 гаруй мянган орон сууц бий. Иргэдийн орон сууцны худалдан авалт буурч байгаа нь барилгын компаниудад сөрөг нөлөө үзүүлэх болов. Шинээр ашиглалтад орох болон захиалга авч буй орон сууцны тоо буурч байна. Энэ нь орон сууц худалдан авах эрэлтээс харьцангуй өндөр хэвээр байгааг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д тэмдэглэжээ. Орон сууцны үнэ цаашид буурах чиглэлтэйг “Тэнхлэг зууч” компаниас мэдээлсэн юм. Иргэдийн орон сууц худалдан авах чадвар буурахтай зэрэгцэн орон сууцны үнийн хөөс намжиж буй. Энэ нь байр авахаар төлөвлөж байгаа өрхөд таатай боломж. Гол нь энэхүү боломжийг илүү олон өрх ашиглах нь чухал юм.
Б.Баяртогтох
|ЗГМ|
URL: