Сонгуулийн хүуль ба төсөв
Төсөв батлах гэж манай парламент хоёр хуваагдчихлаа. Хуулиар бол парламентад АН, МАН гэсэн бүлэг бий. Харамсалтай нь энэ бүлгүүд намаа ч дагасангүй, улсын эдийн засгаа бодсонгүй. Зөвхөн тойргоо буюу өөрийн арьсаа бодож төсөвтэй харьцаж эхлэв. Түүхэндээ анх удаа хотоос сонгогдсон гишүүд нам харгалзалгүй нэгдэж чадсан нь өмнө гарч байгаагүй сонин үзэгдэл. Эндээс яагаад Нийслэлийн депутатууд нам, нас харгалзалгүй нэгдэж чадав гэсэн асуулт гарна. Үнэхээр нийслэлчүүдийн санхүүгийн боломж их байгаа ч түүнийг нь хөдөөгийнхөн үрэн таран хийж байгаа нь Нийслэлийн депутатуудыг тэсвэрийг барж.
Өнөөгийн төсөв хуваарилж байгааг бодит байдалд буулгах гэж оролдъё. Нэгэн өрхийн нэг хүүхэд нь өөрийгөө болон гэр бүлээ хангалттай тэжээдэг. Гэтэл түүний олсон мөнгийг эцэг нь гэрээ тэжээгээд зогсохгүй архичин ахад нь зориулна. Нөгөө архичин ах нь архиныхаа мөнгийг аваад зогсохгүй тамхи, биеэ үнэлэгч, буудлынхаа мөнгийг дээр нь авч үлдэнэ. Ганц зоосгүй үлдсэн бизнесмен хүү “Та нар ингэж үрээд байвал би гэр бүлээ бүү хэл, өөрийгөө ч аварч үлдэх боломжгүй болох нь” гэж хэлээд ажилгүй олонхидоо ад болж байна. Эндээс харахад бизнесмен хүү өрх гэрийн төсвийг хангалттай бүрдүүлж байгаа боловч эцэг нь түүнийг арвижуулахын оронд оронд эргээд мөнгө нэмж нэхдэг архичин хүүдээ өгөөд байгаад л буруу байгаа юм.
Өөрөөр хэлбэл, алтан унагаа төрүүлдэг өндгөө архичин болгох зам засч байна гэсэн үг. Эндээс төсөв гэж юу вэ гэсэн асуулт гарна. Энэ төр бидэнд үзүүлж байгаа үйлчилгээний зардал. Зүй нь төрийн төсөв байх учиртай. Энэ нь улсын аюулгүй байдал, нийгмийн тэгш харилцаа, хувийн хэвшлийн үзүүлж чадахгүй байгаа бараа, үйлчилгээ, нийгмийн эмзэг бүлэгт шаардлагатай хөрөнгө, төрийн албан хаагчдын цалинг л бүрдүүлэх хөрөнгийг татвар хэлбэрээр бүрдүүлнэ гэсэн үг юм. Гэтэл өнөөгийн манай төсөвт эмнэлэг, сургуулиас эхлээд олимпийн аваргын хоол сууж байгаа нь зах зээлийн эдийн засаг төлөвшөөгүй байгааг харуулж байна.
Засгийн газар өнөөдөр түүхэндээ байхгүй их мөнгөтэй болж байна. Өмнөх Засгийн газрууд мөнгө олох гэж үйлээ үздэг байсан бол энэ Засгийн газар мөнгө зарах гэж үйл тамаа цайж байна. Төсвийн өсөлт өндөр боловч зарлага түүнээсээ дутуугүй нэмэгдэж байна. Ерөнхий сайд С.Батболдын хэлснээр ирэх онд нэг хүнд ногдсх ДНБ 5300 ам.долларт хүрнэ. Энэ нь хятадуудаас монголчуудын орлого арав дахин их байна гэсэн үг юм. Хятадын эдийн засаг эрчимтэй өсч байгаа нь үнэн боловч Монголын эдийн засгийн өсөлтийг гүйцэхээсээ өнгөрсөн. Үүнийг зураг болгож харвал Хятадыг арван хүүхэдтэй айл гэж харж болно. Зэрэгцүүлээд Монголыг хоёр хүүхэдтэй айл гэж үзэж болно.
Хятад өрх өдөрт таван талх идэж байна. Энэ нь нэг хүүхдэд тал талх ногдож байна гэсэн үг юм. Харин Монгол өрхөд нэг хүүхдэд нэг бүтэн талх ногдож байна гэсэн үг юм. Нөгөө талаар зүсэм талх идэж байсан хүүхэд тал талх идэхээр хоол нь арав дахин нэмэгдсэн харагдана. Харин тал талх идэж байсан монгол хүүхэд бүтэн талхтай болохоор тал хувийн өсөлт л харагдана. Хятадын эдийн засаг өсч байгаа нь үнэн. Гэхдээ монгол хүнд ногдох ДНБ-ийг гүйцэх нь өнгөрсөн. Засгийн газрын эдийн бодлогыг энэ өнцгөөс харвал гарцаагүй зөв гэж үнэлнэ. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ тооцдог аргачлалаар сонгуулийн саналыг тооцох арга хэрэглэвэл төсөв ч сонгогчийн санал ч хэн нэгнийг галдан шатаах шалтгаан болохгүй. Төсөв гэдэг нь төрийн удирдлагын зардал.
СОНГУУЛИЙН ХУУЛЬ
Дээрх их хэмжээний мөнгийг хуваах эрхмүүдийг УИХ-ын гишүүн гэдэг. Тэдгээр нь хэн, хаанаас тодрох вэ гэдгийг сонгуулийн хуулиар шийднэ. Одоогийн манай эрхэм гишүүдийн үндсэн ажил нь Засгийн газар байгуулах, төсвийн хүрээний мэдэгдэл, мөнгөний бодлого, төсөв, сонгуулийн хуулийг батлах. Мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл будаа болох нь тодорхой болсон. Төсвийн хууль хэлэлцэхэд хот, хөдөөгөөрөө бүлэрхсэн бол сонгуулийн хууль батлахад намаараа ялгарч байна. Өнөөдөр УИХ-д МАН-ынхан нийслэлд цөөн АН-ынхан олон суудалтай. Энэ байдал нь МАН-ынхныг сонгуулийн хуулийг хөдөөд олон мандаттай болгох сонирхлыг төрүүлж байна.
Гэтэл үнэн хэрэгтээ МАХН-ын нэрийг Н.Энхбаярт өгсөн нь хөдөөгийн МАН-ын 20-30 хувийн санал МАХН-нд шилжих судалгаа бий. Энэ байдлыг МАН-ынхан мэдэхгүй байгаа бололтой. Монголын өдөр тут¬мын сонины улс төрийн албаны даргын ярьж буйгаар бол МАН-ынхан шиг хөдөөгийн мандатыг нэмэх нь Монголын эдийн засагт аюултай гэдгийг мэдэж байгаа улс төрийн хүчин байхгүй гэнэ. Гэхдээ судалгааны дүнг буруу уншаад өөрсдөдөө аюул авчрах гээд байгаа гэнэ. Учир нь мэдээлэлд ойрхон нийслэлийн экс МАХН-чууд МАН-даа хуваагдахгүйгээр өгөхөд бэлэн байгаа. Хөдөөгийнхөн л хоёр хуваагдчихаад байгаа аж. АН-ынхны санал хотод ч, хөдөөд ч бүтнээрээ хадгалагдана. Магадгүй энэ нь АН-д бүр ашигтай болж мэднэ. Нийслэлээс парламентад суух гишүү¬дийн тоо 50 хувьд хүрэх нь эрх баригч хоёр нам болон жижиг намуудад шударга хандах хандлага болно.
Улмаар улс орон хөгжих үндэс болно. Аль ч ерөнхий сайдын явуулж байгаа бодлого баталгаажих үндэс болно. Нийслэлээс парламентын гишүүдийн тал нь сонгогдвол төсвийн тал нь Улаанбаатарт ногдоно. Энэ их мөнгө хоёр дахин өснө. Дараагийн жилдээ хоёр дахин нэмэгдэнэ 100 мянга биш 200 мянган айлын байр барих мөнгөтэй болно. Хөдөөгийн ямаанд байшин барих эх үүсвэр бүрдэнэ. Ингэхийн тулд сонгуулийн хуулинд ганц өгүүлбэр байхад хангалттай. Тэр юу гэхээр. Нэг санал, нэгж төсөв. Иргэдийн тоогоор тэнцүү УИХ-ын тойрог байна. Үүнтэй тэнцсэн төсвийн хуваарилалт байна. УИХ-ын өнгөрсөн сонгуулийн тухай нэгэн яриа байдаг. Хорооны дарга болж намаа сонгуульд ялуулсан хүүхэн бүрт нэг өрөө байр өгөх амлалт сонгууль будлиантуулсан гэдэг. Үнэн хэрэгтээ нийслэлийн олонх өөрсдийн төлөөллөө парламентад ороогүйд хилэгнэсэн байдаг. Хэдийгээр тэд олонхи байсан боловч тэндээс сонгогдсон эрхэм гишүүдийн квот л парламентад цөөнх байсан хэрэг.
Хотын нэг сая буюу 70 хувь нь АН-д өгчихөөд байхад парламентад цөөнх болсон нь сонгуулийн хуулийн гажиг. Иргэд тэр бүрийг ойлгохгүй. Одоогийн сонгуу¬лийн хуулийн хэлэлцүүлгийг харвал энэ байдал бүр дордоно. Хөдөөгийн 20 тойрог 48 болж жижигрэнэ. Тэр бүхэнд нэг захирал компаниа золиослоод эрхэм гишүүн хоч зүүх боломжтой. Мажоритар гэдэг нь хүн сонгох тухай асуудал. Пропорциональ гэдэг нь нам сонгох тухай асуудал. Хувь хүн шууд саналаа өгнө гэдэг эрхэм гишүүн Э.Бат-Үүлийн тайлбараар бол иргэн өөрийн биеэр очиж санал өгнө гэсэн үг.
Намд, хүнд өгнө гэдэг гэдэг нь Үндсэн хуулинд байхгүй. Ардчиллаар гайхуулдаг америкууд Ерөнхийлөгчөө сонгохдоо түүнийг төлөөлсөн бие төлөөлөгчид саналаа өгдөг. Ингэлээ гээд тэдний Үндсэн хууль зөрчигддөггүй. Энэ нь монголчууд ямар хэлбэрээр саналаа өгч болохын баталгаа. Гэхдээ нийслэлчүүдийн саналыг л зөв тусгачихвал… Сонгуулийн хууль ok болно.
Х.БАТТӨГС
niislel times
URL: