Ж.Сүхбаатар гишүүний ёс зүйгүй авирласныг ёс зүйн дэд хороогоор авч үзнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны аравдугаар сарын 25-ны хурлаар Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах тухай албан бичгийг өргөн мэдүүлсэн нэр бүхий есөн гишүүн асуудлыг авч хэлэлцэх хүсэлт тавихад тус байнгын хорооны Ж.Сүхбаатар гишүүн “Хууль эрх зүйн хүрээндээ асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэсэн тайлбар хийсэн билээ. Үүнээс үүдэн гишүүд маргалдаж, бие биеэ элдэв үгээр дайрч доромжлоход хүрсэн. Байдал даамжирч, Ж.Сүхбаатар гишүүн С.Эрдэнэ гишүүнийг “Эрүүгийн элемент царайлсан хачин новш чинь” гэж хэлсэн нь УИХ-ын ёс зүйн дэд хороо хурал зарлахад хүргэжээ.
Эл асуудлын талаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос УИХ-ын ёс зүйн дэд хороонд гомдол хүргүүлсэн. Уг нь УИХ-ын гишүүн УИХ-ын чуулган дээр үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлснийхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн хуультай. Байнгын хорооны хурлын хувьд ч мөн нэгэн адил хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй.
Гэхдээ нэг тодорхой заалт байдаг юм байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд бие биеийнхээ нэр төрд халдаж болохгүй, бие биеэ гутаан доромжилж болохгүй гэдэг заалтын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хууль дүрмийнхээ дагуу ажиллахаар болжээ. Тус хурлаар УИХ-ын гишүүн ёс зүйгүй авирласан тохиолдолд сануулга өгөх, сануулгаас гадна дэгийн дагуу арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэх юм байна.
Д.МАРАЛГОО
URL: