Ерөнхийлөгч, сайд ч унаагүй “Мерседес Бенц С-500” Ц.Ням-Осор даргын унаа болсон тухай…
Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын гараашинд нүдэнд шууд тусахуйц хар өнгийн “Мерседес Бенц С-500” сойлттой байсан цаг саяхан.
Гараашийн чимэг болсон энэ унаа төрийн нүүрийг гадныханд тахалж байлаа. Энэ машин Путиныг ирэхэд үйлчилгээнд нь нэг гаргасан. Дараа нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын арга хэмжээнд гадаадын тэргүүн нар зайдалсан.
Үүнээс өөр арга хэмжээнд явуулаагүй тул гараашдаа л байдаг, Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд байтугай Ерөнхийлөгч ч унаж үзээгүй, ердөө хоёр мянгахан км явсан Бенц байлаа. Байлаа гэхийн учир нь өдгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын унаа болжээ. Өнгөрсөн намар татан буугдаад байсан ТӨХ-г дахин байгуулах Засгийн газрын шийдвэр гарч шинээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж байгуулагдсан. Даргаар нь МАН-ын Ц.Ням-Осор томилогдсон. Ийнхүү төрийн өмч ахин нэг эзэнтэй болж байгаа ч эзэн нь “ялыг нь үүрч байгаа хойно яамбыг нь эдэлнэ” гэгчээр загнажээ. Төрийн өмчийг мэдэх болсон Ц.Ням-Осор даргад төрийн мэдлийн бүх өмч хөрөнгө барилга обьект тэр дотор тансаг зэрэглэлийн унаа машины тухай мэдээлэл очсон нь мэдээж. Бодвол даргад гаргаж машин тэрэгний жагсаалтаас харж байгаад ДБҮААГ-ын мэдэлд байдаг, зөвхөн гадаадын өндөр дээд зочидод үйлчилдэг “Мерседес Бенц С-500”-г сонгож авчээ.
Машин тэр дороо л шахуу хоёр байгууллагын дунд балансаас балансад шилжин өдгөө Ц.Ням-Осор даргын унаа болсон. Гэхдээ өгч байгаа газар нь зүгээр ч нэг өгөөгүй гэнэ. Бенц машин тодорхой “зорилготой” байсан бололтой. Өмнөх засгийн үед 110 гаруй ажилтан ажиллагсадтай байсан ДБҮААГ нь өдгөө 140 шахсан орон тоотой байна. Харин энэ бүтэц Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар шууд батлагдсан гэдэг. Төрийн албыг данхайлгах бус цомхотгох тухай ярьж байхад өмнөхөөсөө ч олон хүнтэй болсон нь гайхалтай. Өдгөө энэ газарт НАМЗХ тэр тусмаа Хэнтийнхэн давамгайлаад эхэллээ. Энэ нь Хэнтийгээс сонгогдсон хоёр залуу гишүүн болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нартай холбоотой гэх яриа гарсан. “Харвард” Л.Оюун-Эрдэнэ нь НАМЗХ-ны ерөнхийлөгч байсан бол ДБҮААГ-ын одоогийн дарга Ё.Нямжав өмнө нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ийм ч учраас “дүүргэлтийг” МАН-ын залуучууд тэр тусмаа Хэнтийнхэн хийж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Jan 13, 2019 -