ОЧИР ЭРДЭНИЙН НУЛИМС
Мөлийтөл арилгасан сонгиноос хутга хальтарч охины гарыг эсгэчихэв.
Охин анх удаа хоол хийх гэж байгаа нь энэ. “Ээ ээж минь” гэж уулга алдан хутга сонгино хоёроо шидчихээд өрөө дамжин гүйсэн боловч ээжийгээ эзгүй байгаа гэдгийг сая л саналаа.
Долоовор хурууныхаа өндгийг байн байн шимнэ. Ийм үед хурууны боолт, цэвэрхэн хөвөн хаана байдгийг ч мэдэхгүй.
Арима сая нэг санаа олсон бололтой зочдын өрөөний ширээн дээрх цагаан бүтээлгийг хуулан авч голоор нь цуулан хуруугаа ороолоо. Ажилдаа явах цаг хэдийнээ өнгөрсөн тул яаран хувцасаа солиод гарч одлоо.
Охин өглөө бүр эртлэн босож сонин зарах мухлагаас боодол сонин худалдан авч гудамжаар өнгөрөх хүмүүст заран ээжийнхээ хагалгааны төлбөрт жаахан ч болов нэмэр болохыг хүснэ.
Аримаг мэдээ орсон цагаас л ээж нь хараагүй хүн байсан. Хараагүй мөртлөө Аримад яг тааруулаад цамц, оймс, малгай нэхэж өгнө. Хоол ч сайхан хийнэ. Арима аавтайгаа ширээний хоёр талд суугаад ээжийнхээ хийсэн хоолыг амтархан идэхдээ хамгийн жаргалтай байдаг.
Охиных нь ээж Аримагийн цамцыг эмнэлэг дээр аваад ирээч, дэрлэж унтвал тайван амрах юм шиг юм байна гэсэн тул эцэг нь охиныхоо шүүгээг ухаж байгаад сонин зүйлс олов.
Цонхоор тусах нарны гэрэлд өнгө өнгөөр солонгорон гялалзах тэр найман ширхэг зүйлийг үнэт эрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байлаа. Харин Аримаг хаанаас энэ үнэт зүйлсийг хулгайлсан бол гэж шаналж өнжив.
Өдөржин тоглоод ядарсан хүүхэд хацараа улаа бутруулан нойрсох шиг нар жаргаж Арима охин гэрийн зүг хуучин даавуун цүнхээ үүрэн алхана. Ядарсандаа хөлөө арай ядан зөөх ч яг үүдээрээ орохдоо аавдаа ядарсанаа харуулж санааг нь зовоохгүйг хичээн аль болох цоглогоор инээд алдана. Гэвч охиныхоо хөөрхөн шантгардуу хамар дээр бурзайсан хөлсийг хараад эцэг хэнгэнэтэл санаа алдав.
Аавынхаа хийсэн зутанг яаран идэх охиноо анхааралтай ажиглаж сууна. Охин хөлсөө арчаад халбагаа аяганаасаа салган тавьсаны дараа аав нь мөнөөх найман ширхэг зүйлийг гаргаж ирэв.
Охин руугаа ойртон сууж “за миний охин энэ эрдэнэсийг хаанаас авсанаа аавдаа хэлчих, аав нь хэнд ч хэлэхгүй эргүүлээд тэр газар нь тавьчихая” гэв.
Арима аавынхаа урдаас гайхан дүрлийтэл хараад “би аваагүй, би би мэдэхгүй” гэж толгой сэгсрэн өгүүлэв.
“Миний охин манайд ийм үнэтэй зүйл байхгүйг бид гурав гурвуулаа мэднэ шүү дээ, миний охин хаанаас авсанаа л хэлчих” гэж аргадан гуйгаад хариу сонсож чадаагүй тул дүрсхийн уурлаж дуугаа өндөрсгөн хашгичаж эхлэв.
“… Манай удамд хулгайч байгаагүй, хулгай хийх, худал хэлэх хамгийн муу үйл гэж ээж чинь бид хоёр чамд хичнээн их хэллээ дээ, ийм ч юм болох гэж, одоо чи шоронд орно, чи насанд хүрээгүй болохоор би шоронд орно. Ээж нь хараагүй эмнэлэгт, аав нь шоронд байвал чамд сайхан байх уу” гээд толгойгоо базлах аавыгаа хараад Арима юу гэж тайлбарлахаа мэдэхгүй дэмий л хуруу гараараа оролдон уруулаа өмөлзүүлэн суув.
Олон хоног тэнгэрт хуралдсан үүл сад тавин хур асгарах шиг бяцхан охин гэнэтхэн нулимис асгаруулж “үнэхээр би хулгай хийгээгүй гээд байхад, би хулгай хийхгүй ээ, хэзээ ч хулгай хийхгүй, ааваа та ойлгооч дээ” гэж чин сэтгэлээсээ уйлан гуйв.
Түүнийг ийнхүү уйлахад нүднээс нь гялтганасан хатуу талстууд шалан дээр тог тогхийн унаж таазны сүүмгэр гэрэлд адтайяа гялалзаж байлаа.
Үүнийг харсан эцэг нь нүдэндээ ч итгэсэнгүй, гүйн очиж охиноо тэврэн нүдийг нь дарж үзвэл урьдын адил урт хар сормуусаараа цавчлан урдаас тув тунгалагханаар харж байв. Шалан дээр сөхрөн сууж өнөөх “нулимснуудыг” түүн аваад нэгийг сэдсэн бололтой амандаа ямар нэгэн юм хэлсээр нөгөө өрөө рүү орчихлоо.
Эргэж ирэн охиноосоо уучлал гуйлаа. Одоо түүний сонсох ээлж болжээ. Охин ээжийгээ эмнэлэгт хэвтсэн анхны шөнө айсандаа бас даарсандаа уйлжээ. Гэтэл түүний гарт ер бусын хатуу зүйл мэдрэгдэж, тэрхүү зүйл түүний нүднээс гараад хацраар дамжин дэрэн дээр тогхийн унаж байлаа. Охин тэрхэн зуур гайхаж биед нь эртний домогт гардаг чөтгөр шулам шүглэсэн, эсвэл харь гарагийнх байх гэж үнэхээр их айсан учраас аав ээжийнхээ хэнд нь хэлэхгүй нууцлахаар шийджээ.
Арима ийнхүү яриад “өчигдөрийн наймыг та олсон байна, надад уржигдар тэрний өмнөх шөнийнх гээд зөндөө байгаа” гэж хувцасны шүүгээгээ ухан алчуурт боодолтой гялтаганасан эрдэнэс гаргаж ирэв.
Маргааш өглөө нь аав нь охиныхоо тэрхүү хачин нулимс ямар эрдэнэ болохыг мэдэхээр алт мөнгөний дарханы хаалгыг тогшлоо.
Жар гаран насны туранхай хөх өвгөн эхэндээ тоомжиргүй угтаж дуртай дургүй хаалгаа нээсэн боловч охины аавын гар дээрх эрдэнэсийг харж ухасхийн босож ирэв. Томруулдаг шил аван ойртуулж холдуулж үзсэнээ харц нь гайхмаар их гэрэлтэй болж “бриллиант бриллиант, ээ анд минь энэ чинь бриллиант байна шүү дээ” гэж гүйн ирж тэвэрч авлаа.
Энэ олон жил ихэс дээдсийн гоёлыг урлаж суухдаа ийм байгалийн гаралтай жинхэнэ очир эрдэнэ харж байгаагүй гэж шогширч байв.
Тэгсэнээ биеэ цэхлэн шүлсээ залгиад “за анд минь, энэхүү ховор эрдэнээ хаанаас олов доо, хэдээр зарах юм, анддаа их үнэ хэлэхгүй юм байгаа биз дээ” гэж дал мөрийг нь алгадан тун зальжинаар инээмсэглэв.
Охины эцэг даруу хүн тул нэг их үнэ хэлсэнгүй “эхнэр маань өвчтэй, хагалгаанд нь мөнгө хэрэгтэй байгаа юм, тэгээд эхнэрийн маань дүү далайн худалдаачин тул тэр л энийг явуулсан юм, гэхдээ өөрийн хэрэгцээний хэмжээгээр биш цаад хүнийхээ бололцоогоор үнэл гэдэг болохоор та өөрийнхөө боломжоор бол доо” гэлээ.
Алт мөнгөний дархан охины аавын гар дээр түүний урьд нь хэзээ ч харж байгаагүй их мөнгө тавиад тохиролцоо дуусав.
Удалгүй мөнөөх алт мөнгөний дарханы жижигхэн газар тэр хотын бүх л язгууртан, эрхэм дээдэс төдийгүй гангалах хүслийнхээ араас хөөцөлдөх, зиндаархах үзлийнхээ хүлээсэнд орооцолдсон өөр хотын ямбатан хөрөнгөтөнүүд цуглан хормын төдийд л хөл хөдөлгөөнд дарагдсан захиалга ихтэй газар болж хувирав.
Ээжийнх нь хараа ороход их мөнгө хэрэг болох тул охин өдөр бүр уйлна. Гэхдээ чин сэтгэлээсээ уйлсан нулимс л жинхэнэ очир эрдэнэ болдогийг мэдсэн.
Ээжийнхээ төлөө уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байна гэж бодохоор л, бас зулагаараа урагдсан гуталтай аав нь хайлж байгаа цасан дундуур туучин алхахыг харахаар охины зүрх сэтгэл өмрөн урагдах мэт өвдөж нулимс аяндаа мэлмэрэн гарч ирээд хатуужин унана.
Солиод өмсөх гутал ч үгүй байж шинэ хөршийн залуухан хүүхэн хөтлөн инээлдэн алхах болсон аавыгаа үзэн ядаж чадахгүй ч үнэхээр их гомдож байлаа.
Өрөөндөө орж хаалгаа түгжээд чангаар мэгшин уйлах бүр алган дээр нь унах эрдэнэсийн тоо олширно. Охиныг уйлах бүрт унах очир эрдэнэ хотын гангачуулын хүзүү чих хуруунд гялалзан, алт мөнгөний дарханы дамлаж зарсныг сүйхээтэй зарим нэг хүүхэн гангалах дуртай нэгэндээ дамлаж зарсаар “үнэт нулимсны” ханш тэнгэрт хадав.
Өглөө нь охин юу ч болоогүй юм шиг, огт уйлаагүй юм шиг инээмсэглэх аядан атга дүүрэн эрдэнэсээ аавдаа өгөөд “ээжийг минь хараатай болоход энэ нэмэр болох болов уу” гэж асууна.
Аав нь чимээгүй л толгой дохиод охиныхоо нулимсыг авч гэрээсээ гарна.
Алт мөнгөний дархан охины аав хоёрын дунд өдөр бүр өгөө аваа яригдаж хагалгаанд шаардагдах мөнгө ч гүйцэж эхлэв.
Аримагийн залбиралыг бурхан сонссон уу, эсвэл арван хоёрхон настай жаахан охины уйлах шөнийн тоо гүйцсэн үү нэгэн сайхан өдөр охины ээжийн хагалгааны зардал гүйцэж ээж нь мэс заслын өрөөнд орлоо.
Хүлээлгийн өрөөнд Арима, охины аав, түүний дагуулж явдаг залуухан бүсгүй гурав байн байн цаг харж түгшин сууна.
Торгомсог ягаан даашинзан дээрээ мушгиралдан унасан урт шаргал үстэй, гоолиг урт хүзүүндээ харваас жинхэнэ биш урт сувдан зүүлт зүүсэн, жижигхээн цагаан гартай үргэлж инээмсэглэж явдаг тэр залуу бүсгүй аавыг минь яаж тоосон юм бол оо гэж бодохын зэрэгцээ энэ бүсгүй миний ээжээс залуухан ч гэсэн миний ээж шиг сайхан хүн биш байх аа, аав минь үнэхээр өөдгүй хүн юм гээч гэж амандаа шивнэн ганцаараа ярьж үе үе бүсгүй рүү хяламхийн харна.
Энэ зуур эмч гарч ирэн “Хагалгаа амжилттай боллоо, удахгүй тэр сэрнэ, тэгэхээр орж уулзаж болно” гэв.
Хүлээж суусан гурав бие бие рүүгээ инээмсэглэн хараад энэ мөчид охины аав бүсгүй хоёр бяцхан нууцаа дэлгэн зангирсан утасны ээдрээ тайлагдаж охины цээжин дээрээс нэг том хар үүл нүүгээд явчихлаа.
Ээж нь яаралтай хагалгаанд орохгүй бол нүдэн дэх үрэвсэл нь амь насанд нь аюул учруулах байсан тул аав нь охиноо чин сэтгэлээс нь уйлуулж ээжийг нь хурдан аврахын тулд хөршийн бүсгүйтэй хуйвалдсан байжээ. Бүсгүй ч тохиролцсон ёсоороо Аримагийн нүдэн дээр аавтай нь хөтлөлцөн явж, инээлдэн өнгөрдөг байсан боловч дотроо үнэн голоосоо түүнийг өрөвдөн хайрладаг байсан гэнэ.
Хөрш бүсгүй үүний хариуд удахгүй холоос ирэх сүйт залуугийнхаа хуруунд зүүх бөгжний нэг ширхэг очир эрдэнэ л авчээ.
Төдөлгүй мөнөөх эмч гарч ирэн “Охин минь ээж чинь сая сэрлээ, одоо орцгоож болно оо, гадуур хувцсаа тайлж бүгдээрээ нөмрөг нөмрөөрэй” гэж инээмсэглэн хэлэв.
Цав цагаан орон дээр хэвтэж буй ээж нь охиноо хараад “миний охин чинь ямар хөөрхөн юм бэ, үгүй тэр хацар нь хонхойж байна” гээд гараа сарвайн үнсэхэд охин баярласандаа уйлчихав. Энэ удаа охин шорвог бас бүлээн хүний нулимсаар уйлж байлаа.
Тэр нулимс олон хоног охины зүрхэнд хуралдсан зовлон, өчүүхэн ч болов гялалздаг зүйлийн төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй ихэс дээдсийн шуналыг арчин арчин угааж байлаа.
Б.Болормаа
URL: