Төр дэргэдээ байгаа өмчөө хайхрахаа больсоны том жишээ бол хотын төв дэх “Диломат-95- гэдэг цогцолбор юм. Өдгөө энэ байр бараг эзэнгүй болжээ. Эзэд нь гэвэл тус цогцолбороос байр авсан гэх ГХЯ болон ДБҮААГ-ын хэдэн дарга нар гэнэ. Гэхдээ одоогоор тэд хэл амнаас айгаад өөрсдөө ороогүй, харин түрээслүүлэн “мөнгө цохиж” сууна. “Дипломат-95” гэдэг нь цогцолборын 95 байрнаас үүдэлтэй нэр юм. Үүнээс 15 нь зочид буудлын зориулалттай бол үлдсэн 80 нь орон сууцны зориулалттай 2-4 өрөө байр байдаг. Өмнө нь түрээсийн дүүргэлт нь бараг 100 гаруй хувьтай, жилд улсад түрээсийн орлогоороо гурван тэрбум гаруй төгрөг өгдөг байсан энэ байрыг Л.Пүрэвсүрэн ГХ-ийн сайд, О.Заяамандах ДБҮААГ-ын дарга байх үед 2016 оны 5-р сард Засгийн газрын тогтоол гаргуулан “оршин суугчидад” нь хувьчилсан. Гэтэл тэр үед байранд нь оршин суугчид гэж байгаагүй. Бүх түрээслэгчдийг АСЕМ-ийг сурвалчилах 1000 сэтгүүлч оруулна гэх нэрийн дор тог усыг нь тасласаар 3-р сарын 1 гэхэд хөөгөөд гаргачихсан байсан. Ийнхүү “Ховдын фракц”-ынхан гэж алдаршсан нөхөд хоосон байрыг байхгүй оршин суугчидад нь “хувьчилсан”. Орон сууцны 80 байрын 60-ыг нь ГХЯ, үлдсэнийг ДБҮААГ-ынхан үнэ төлбөргүй хуваан авсан. Байр хуваалтын өрмийг нь дарга нар хусамыг нь ажилчид хүртсэн. Ганц хоёрхон үйлчлэгч тогоочид халхавч болгон байр хувиарлаад үлдсэнийг нь дарга нь хуваан авсан. Насаараа төрд ажилласан хүнийг оруулаагүй атлаа ажилд ороод 1-2-хон сар болсон хүнд байр өгсөн явдал олноороо гарсан нь одоо ч хэл ам татсаар байна. Дарга нарын жолооч нарт байр их өгсөн. Гэхдээ тэднийг байраа гадаад томилгоогоор “тулсан” гэх яриа тэр дороо л гарсан. Дарга нар жолоочдоо байр өгөхдөө дараа нь гадаад томилуулах тохироо хийсэн гэнэ. Харин гадаад томилгоо авсан жолооч нь явахдаа байраа даргадаа буцаан өгөх үүрэг хүлээжээ. Ийнхүү гаднаа төрийн албан хаагчидад “үнэ төлбөргүй” байр өгч байгаа мэт боловч цаанаа ихээхэн үнэтэй байсан бололтой. “Дипломат-95”-аас байр авах жагсаалтад орох эрх 5000 доллар хүрсэн тухай хардлага яриа гараад байна.
Өнгөрсөн жил тус газар ойгоо тэмдэглэж баярын хурал хийхэд ахмадууд нь “Дипломат-95” байрны хувьчлал нь хууль бус, хуйвалдааны шинжтэй болсон асуудлыг сөхөж ярин дарга О.Заяамандах болон удирдлагуудыг нь нүүр хийх газаргүй болгосон гэдэг. Өдгөө ахмадууд нь хувьчлалыг эсэргүүцэн шалгуулахаар гарын үсэг цуглуулж байгаа гэнэ. Энэ мэт шалтгаанаас үүдэн уг цогцолборын хувьчлалыг холбогдох байгууллага нь шалгаж үзэх цаг болжээ. ДБАҮГ-ыг өдгөө Ардын намын Ё.Нямжав удирдаж байгаа. Түүнд Хэнтийгээс сонгогдсон хоёр залуу гишүүн их “нөлөөтэй” гэнэ. Өнгөрсөн намар арслан Оюунболдын эхнэр тус газарт ажилд орсон ч удалгүй ажлаасаа гарсан. Ерөнхийдөө ажил нь таалагдаагүй бололтой. Харин арслангийн эхнэрийн оронд Хэнтийн НАМЗХ-ны нэгэн даргын эхнэр зөрөөд орсон гэнэ. “Дипломат-95”-аас гадна бас нэг “мартагдсан” обьект нууцлаг оршиж байгаа нь Энэтхэгийн элчингийн зүүн талд орших хоёр давхар цагаан байр юм. Өмнө нь “Голден бридж” хэмээх сургалтын төв түрээсэлж байсан. О.Заяамандахын үед 100 гаруй сая төгрөгийн түрээсийн өр яригдаж байсан ч дарга мөнгөө олж авах талаар огт хөдлөөгүй. Харин ч түрээслэгч нь нууцаар ороод гарахдаа цонх хаалгаа онгорхой орхисноос паар нь хөлдөж төрд нэмэлт хохирол учирсан. Өдгөө энэ байрыг бас нууцлаг чимээгүй байдлаар байлгасаар байгаа нь нэг л өдөр хувьчлах нууц төлөвлөгөөний бэлтгэл ажил байж магадгүй юм. Бас нэг хэл ам дагуулсан зүйл нь АСЕМ-д зориулан Хятадын засгийн газраас тусламж болгон ирүүлсэн 60 чингэлэг тавилга юм.
Яг үнэндээ хэд ирсэнийг нь мэдэх хүнгүй болсон. Ямар ч байсан маш их л гэдэг. Ганц мэдэх хүн нь ГХЯ-ны экс ТНБД Ганухягийн нягтлан гэдэгч даргаа дагаад Хятадад явчихсан. Хамгийн гайхалтай нь Хятадаас ирсэн тавилгуудыг АСЕМ-ын зочдыг хүлээн авч байгаа зочид буудлуудад өгөөгүй. Бүр ирсэн гэдгийг нь ч хэлэлгүй таг нуусан гэнэ. Нэгэнт зочид буудлуудад тараагүй тул тэр их тавилгаас “зохион байгуулагчид” шилж сонгож эхэлжээ. “Идээд тараагаад цацаад” ч тэр их тавилга баригдсангүй одоо ч үлдэгдэлтэй байгаа аж. Тухайн үед энэ яаманд Ховдынхон “эрх барьж” байсан. Бүр “Ховдын ховдогууд” гэх нэр автлаа “нэрд гарсан”. Гэтэл ховдог гэж алдаршсан хүмүүс бараагүй гэхээр ямар их тавилга ирсэн нь ойлгомжтой. Яамны ажилтнуудын ам алдсанаар ГХЯ болон ДҮБААГ-ын дарга нарын зуслангийн байшингууд дээрх тавилгуудаар битүү дүүрсэн гэдэг. Шинэ тавилга ирсэн тул “Дипломат -95”-ын зочид буудлын өрөөнүүдийн хуучин тавилгуудыг гаргаж чингэлэгт хийснийг нь нэг шөнө крантай ирээд ачаад аваад явчихсан. Барагдахгүй их тавилга байгааг яамны шинэ удирдлага ч анзаарсан. Ц.Мөнх-Оргил ирсэн даруйдаа 200 ширхэг сэрүүцүүлэгч эмнэлэгт тараан “хөөрхөн” шоу хийгээд авсан ч дундарсангүй. Ховдынхон бараагүй энэ их тавилга ГХЯ-д гай болж эхэлжээ. Учир нь тэр тавилгыг хадгалахад төсвийн ихээхэн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. “Уран ган” компаний агуулахад халгалагдаж байгаа тавилгын хадлгалалтын төлбөрд сард л 16 орчим сая төгрөг төлж байгаа гэнэ.
НУУЦ.мн
URL:
Энэ ч ил цагаан дээрэм болсон доо, дэндүү шударга бус үйлдэл.