Тавантолгойн нүүрсний ордыг оновчтой, үр дүнтэй ашиглах, үйлдвэр байгуулах тухай санал

777999Тавантолгойн орд газрын баруун хойд хэсэгт 1953 оноос “Совмонголметалл” хувь нийлүүлсэн нийгэмлэг 1956 оны тавдугаар cap хүртэлх хугацаанд 25 хавтгай дөрвөлжин км /25км2/ талбайд геологи хайгуулын ажил явуулж, улмаар эрэл хайгуулын ажлыг цаашид тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргаж байжээ. 1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоол гарч, тус ордыг үйлдвэрийн аргаар ашиглахаар Аж үйлдвэрийн яаманд шилжүүлж, улмаар Дундговь аймгийн Цагаан Овоогийн уурхайн харьяа цөөн хүнтэй хэсэг байгуулан ажиллуулсан байна. Үүнээс хойш 1968-1969 онд уг ордын VIII, X давхаргаас технологийн дээж авч, нүүрсний коксжилтын байдлыг шинжлэн судалсан.

1974-1975 онд Бүгд Найрамдах Болгар Улсын мэргэжилтнүүд нүүрсний коксжилтыг тодорхойлох технологийн судалгаа хийх зорилгоор 3763 м/18 жижиг, 5 гүн цооног өрөмдсөний дотор дөрөв нь 21-43 метрийн гүнтэй байжээ.

Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт явуулсан хайгуул үнэлгээний болон судалгааны ажлын үр дүнгийн тухай тайланд, уг ордын геологийн тогтоц, нүүрсний нөөцийг ерөнхийд нь таамаглахдаа C1+C2 категороор нөөц нь 10 миллиард тонн хүртэл нэмэгдэх талтай гэж дурджээ.

1976 он хүртэл Тавантолгойн нүүрсний уурхай зөвхөн орон нутгийн хэрэгцээнд зориулж 20 мянган тонн нүүрс олборлон борлуулж байв. 1977 оноос төвийн бүсийн нүүрсний хэрэгцээ огцом нэмэгдсэн учир Тавантолгойн нүүрсний уурхайд зарим жижиг өргөтгөлийн ажил хийж хүч чадлыг нь нэмэгдүүлэн Чойрт нүүрс ачих цэг байгуулснаас эхлэн жилд 120 тонн нүүрс олборлон төвийн район руу вагоноор тээвэрлэх болжээ.

Тавантолгойн уурхайн нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах, үлэмж их нөөцтэй энэ ордыг эх орныхоо эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах хүчин чадалтай уулын баяжуулах комбинат барих ажлыг өөрийн хүч, хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй байна.

Тавантолгойн коксжих нүүрсний ордын олон хэсэгт 1953-1956,1974-1988 онд хийсэн эрэл үнэлгээ, урьдчилан болон нарийвчилсан хайгуулын ажлын
дүнд тус ордыг 20 км2 талбайд тархсан 5 тэрбум тонн нөөцтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаж байсан байна. Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар 1986-1990 онд хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1986 оны нэгдүгээр сарын 15-ны хэлэлцээрийг үндэслэн тухайн үеийн манай Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорсюны 1987 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 431/132 дугаар хамтарсан тогтоолоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг эзэмших ТЭЗҮ боловсруулах даалгаврыг баталсан. Энэ даалгаварт геологийн баазыг Тавантолгойн эрчим хүчний болон коксжих нүүрсний ордын эрэл-үнэлгээний ажлын дүншйн тухай 1978-1981 оны тайланг үндэс болгон авч, төслийн хүчин чадлыг жилд 20 сая тонн байхаар тогтоожээ. ТЭЗҮ-ийг боловсруулах даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын “Комплексимпорт” компани Бүх холбоотын “Тяжпромэкспорт” нэгдлийн хооронд 1988 онд уг ТЭЗҮ-ийг хийлгэх 05-042/63303 тоот контрактыг Д.Жамбалдорж миний бие ОХУ-ын “Санктпетербург хотын Гипрошахт” институтээр хийлгэхээр байгуулж 1990 оны 10 дугаар сарын 15-нд хүлээн авсан. Энэхүү ТЭЗҮ-ийн 262 боть болсон, үүнийг “Комплексимпорт” компани 1990 оны 10 дугаар сарын 31 -ний 2/1474 тоотоор тухайн үеийн ТЭХҮГЯ, ХҮЯ-нд тус бүр нэг хувийг хүргүүлсэн. Энэ ТЭЗҮ-ийн 1 хувь одоо Улсын төв архивт хадгалагдаж байгаа. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж нүүрсний асар том үйлдвэрийг байгуулахын тулд дулааны цахилгаан станц усан хангамжийн төвлөрсөн эх үүсвэр, орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний сүлжээ, боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон төмөр зам тавих зэрэг бүхий л салбарыг хамарсан уурхайн хотхон баригдах ёстой. Энэ ордыг түшиглэн орчин үеийн техник технологиор тоноглогдсон үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн үнэ, чанар, стандартад нийцсэн, цогцолбор үйлдвэр байгуулах Хэлэлцээг цаг хугацаа алдахгүй явуулах нь эх орны хөгжилд болон ард түмний амьдралыг дээшлүүлэхэд чухал түлхэц болно. Энэ үйлдвэрийг байгуулахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг, хотын хамт нэгэн зэрэг байгуулсан туршлагыг судлан ОХУ -тай хамтран байгуулах нь туйлын чухал болно.

“Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахдаа нэгэн зэрэг Эрдэнэт хотыг байгуулсан нь манай улсын эдийн засгийн чадавхийг огцом дээшлүүлж, эх орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан баруун хойд бүс нутагт хөгжил авчирсан билээ. Ийм учраас ОХУ-тай хамтран Тавантолгойн нүүрсний иж бүрэн үйлдвэрийг байгуулах нь онцгой ач холбогдолтой болно. Эрс тэс уур амьсгалтай манай улсын нутагт жилийн дөрвөн улиралд зохицуулан тасралтгүй ажиллах боломжтой хүмүүс бол ОХУ-ын ард түмэн мөн.

Монголын ард түмний зүйрлэн дурсдаг “Морины сайныг унаж байж мэддэг, хүний сайныг нөхөрлөж байж мэддэг” гэсэн утга агуулга төгөлдөр уламжлалт заншлаа бодож ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь туйлын чухал байна.

Манай улс олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг баримтлах нь чухал хэдий ч хоёр их хөршөөсөө алхам ч алгуурлаж болохгүйг манай ард түмэн олон жилийн уламжлалт найрсаг, үр ашигтай харилцаанаасаа сайн ойлгодог.

Гавьяат эдийн засагч Д.ЖАМБАЛДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих