Өвөрхангайхан эрх чөлөөнд, Баянхонгорчууд “Женко”-доо ямар хайртай юм бэ?
АН-ын даргыг сонгох сунгаанд оролцож байгаа таван нэр дэвшигч хөлгийн жолоог хөдөө орон нутаг руу залаад нэлээд хэд хонов. Тэд энэ сарын 5-наас Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангайн намын гишүүдтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна.
Нэгдүгээр сарын 7-ны өглөө Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум.
Идэр есийн хүйтэн хацар нүүр хайрч аймгийн төв нилдээ цасанд дарагджээ. Миний бие энэ аймагт анх удаа ирж буй. Уран зохиолын хүний хувьд Ардын уран зохиолч Т.Галсан, Г.Аюурзаны төрсөн нутаг хэмээн бодоход сэтгэлд нэн таатай. Олон жилийн өмнө “Номхон барын дүртэй, Номгон уул минь” гэж эхэлдэг Г.Аюурын шүлгийг санан Номгон уулыг харж өдөржингөө баясав. Үнэхээр сайхан хайрхан юм. Цаг завтайсан бол саатан өнжмөөр нутаг аж. Аймгийн төвд салхигүй тогтуун ч лавтайяаа хорь орчим том, жижиг уурын зуухны яндангаас багил хар утаа тасралтгүй савсана. Энд ч гэсэн бас мөнөөх утааны асуудал байдаг л бололтой.
Өдрийн 12 цагаас тус аймгийн хөгжимт драмын театрт АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч таван эрхмийн намын гишүүдтэйгээ хийх уулзалт эхлэв. Баянхонгор аймаг тохилог сайхан театртай юм. Аймгийн сум бүрээс ирсэн намын төлөөлөгч гишүүд сумынх нь нэрийг бичсэн сандалуудад суусан ч багтсангүй. Явган сандал нэмж авчран суулгаснаар театр дүүрэн хүнтэй.
Уулзалтын эхэнд Баянхонгор аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайхан “Бидний явж байгаа зарчим алдаатай байжээ гэдгийг өнгөрсөн сонгуулийн үр дүн харууллаа. Намын нийт гишүүдээсээ уучлалт гуйж байна” гээд индэр дээрээс бөхийн уучлалт гуйв. Очсон аймаг бүрт намын гишүүдтэйгээ хийх уулзалт ажил хэрэгч, халуун дулаан уур амьсгалтай болж байсныг энд хэлэхгүй өнгөрч болохгүй ээ. Жишээ нь, энэ сарын 6-нд Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт болсон уулзалтыг нээж хөтлөгч С.Эрдэнэболд “Мөнх хаан олон шашны тэргүүнийг энэхүү хөгшин Орхоны хөндийд цуглуулан ертөнцийн амьдралын мөн чанар, Хорвоогийн үнэн мөний тухай мэтгэлцээн зохион байгуулж байлаа. Үүн лугаа манай намын даргын сонгуульд нэр дэвшигчид олон гишүүдийнхээ өмнө алдаа оноогоо ярилцан шударга сайхан мэтгэлцэнэ” гэхэд нэжигнэтэл алга ташиж байв. Энэ уулзалтад намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Миний хадам аав Нарийн тээл сумынх. Одоо энэ танхимд ирээд сууж байна. Намын нийт гишүүд болоод хадам аавдаа мэнд хүргэе” гэж үгээ эхэлсэн нь олон түмнийг “хөгжөөв”. Ер нь бол нэр дэвшигчид очсон аймаг бүртээ ямар нэгэн хамаатан садан, ах дүүтэй байх юм. Намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр гэхэд л аав минь энэ Өмнөговь аймгийн хүн гэх жишээний. Намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ гэхэд л Дундговь аймгийн хүргэн. Баянгол дүүрэг, Дундговь аймгийн АН–ын үүрүүд “гүн зузаан” харилцаатай ажилладаг аж. Өвөрхангай аймгийн намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтын үеэр намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг: “Зарим нэр дэвшигч намаа үзэл баримтлал мөрийн хөтөлбөргүй юм шиг ярих юм. Энэ намд 26 жил зүтгэчихээд ийм зүйл сонсох хэцүү байна. Бид урьд нь 28.5 мянган км явж 78 мянган хүнтэй уулзаж “Монгол хүн 2020” гэдэг Монголоо хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрын эхэлсэн бүх ажлуудыг “МАНАН”-гийн, МАН-ын Засгийн газар зогсоосон гэсэн бол намын даргад нэр дэвшигч УИХ–ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилал төгөлдөршил рүү явж байгаа. Үүний нэг баталгаа бол энэ намын даргын сунгаа. Цаашдаа аль ч нам засгийн эрх авлаа гэхэд УИХ-д нэр дэвшигчийг тухайн орон нутгийн намын үүрийн гишүүд мэдэж шийддэг байх, аливаа нэг яамны сайд, төрийн нарийн бичгийн даргыг хүртэл намын жирийн гишүүд нь мэдэж шийддэг байх нь шударга ёсонд нийцнэ гэсэн нь маш их бодууштай үг юм. Мөн энэ уулзалтын үеэр Лу.Гантөмөр “Би гурван удаа УИХ-д сонгогдож байж сайд болох эрхтэй болж байлаа. Манай нам дараа үеэ их гомдоодог. Цаана чинь дарга нар хүүхдүүддээ суудлыг нь бэлдэж өгдөг болчихоод байна. Ийм үед намын нийт гишүүддээ УИХ-д нэр дэвшигч, яам тамгын газрын дарга нарийг сонгон шалгаруулж тэднийхээ шийдвэрээр томилж байх нь маш зөв. Ер нь бол намын даргын ажлыг цаг завтай хүн хийхгүй бол болохгүй. Би гэхэд л одоогоор ажилгүй байна. Бүх цаг заваа намын даргын ажилд зориулахад бэлэн байгаа. Хэрвээ намайг даргаар сонговол гэж хэлсэн нь уулзалтад оролцогчдод их л таалагдав.
Энэ сарын 7-ны үд дунд Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрт эхэлсэн уулзалтын үеэр намын даргад нэр дэвшигч Ж.Батзандан “Над шиг Т.Бадамжунай, М.Энхболд нарыг шүүмжилдэг хүн энэ намд байхгүй. Дубайн нууц гэрээ, цагаан суваргын орд, оффшорын тухай ард түмэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Тэгээд ч нам маань залуу үеэ гаргаж ирэх цаг болсон. Нийт гишүүд минь үүнийг шийдэх байхаа гэсэн бол намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ “Намайг Н.Энхбаярын “хаанчлал”-ын үед хоёр удаа хилс хэрэгт гүтгэгдээд шоронд сууж байхад хэдэн муусайн партизанууд маань л тус дэм болж хажууд байсан юм. Энэ танхимд тэр үед хамт байсан маш олон ахмад гишүүд байна. Энэ бүх гүжир гүтгэлгийг нэр бүхий нам дамнасан нэг фракц С.Баяр гэдэг луйварчинтай нийлж хийсэн юм шүү. Нам дахь энэ фракц гэдэг зүйлийг байхгүй болгох цаг болсон гэв. Харин намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр “Хэрэв би намын дарга болбол Д.Сосорбарам ахыг буцаан авч ирнэ. Со ах бол манай намд байх ёстой хүн гэх үед хажуу талд минь зэрэгцэн сууж байгаа гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ахтай нүгэлтэй адилхан өвгөжөөр хар хүн нулимсаа арчив. Уулзалтын дараа мөнөөх хүний тухай нутгийн улсаас асуувал Со ахын хойд аав Дамдинсүрэн гэдэг хүн байж билээ. Уулзалтын үеэр хориод хүн намын даргад нэр дэвшигчдээс асуулт асууж санал бодлоо хэлэхэд цөмөөрөө “Женко” Х.Баттулгыг сураглаж байсан нь гайхалтай. Баянхонгорчууд “Женкод”-оо ямар их хайртай юм бэ гэдгийг мэдэрч суулаа даа. Монголчууд тусгаар тогтнолоо Хятадаас зээлэх дөрвөн тэрбум ам.долларын төлөө үгүйсгэж амьдарч болохгүй. Ардчилсан засгийн үед Далай лам ирж л байдаг, явж л байдаг байсан. Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлээр 160 гаруй мянган гишүүн бүртгүүлээд байна. Ардчилсан намын гишүүд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх болно гэж нэг дуугаар намын даргад нэр дэвшигчид хэлж, “Халуун элгэн нутаг” дуугаа гишүүдтэйгээ хамт дуулснаар уулзалт өндөрлөв. Өвлийн богинохон өдөр эрт харанхуй болж Баянхонгор аймгийн төвд түр саатсан “Эвтэй таван” нэр дэвшигч хооллож аваад хөлгийн жолоог Говь-Алтай аймгийн зүг залав.
ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ардчилсан намын шинэчлэлийн түлхүүр болох намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна. Нэр дэвшигчид Өвөрхангай аймгийн гишүүд дэмжигчидтэй уулзлаа. Орон нутагт хийгдэж байгаа энэхүү уулзалтууд нь Ардчилсан намын даргыг нээлттэй, ил тод, эрх тэгш, ардчилсан зарчмаар сонгох хамгийн том компанит ажил болж байгаа юм.
Ардчилсан намд удирдах ажил хийж байсан туршлага, мэдлэгтэй, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, улс төрд өөрийн хийсэн бүтээсэн зам мөртэй, өөр өөрсдийн улс төрийн түүхтэй эрхэмүүдийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүд, партизанууд нь хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Тэд шинэчлэлийн төлөө хийх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулж журмын нөхөдтэйгээ уулзаж байгаа нь энэ. Намын анхан шатны нэгжээс ирсэн гишүүд орон нутгийнхаа байр байдлыг танилцуулан цаашид хамтран ажиллахаа мэдэгдэж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт байгаа онцлог, нэн тэргүүнд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлын талаар санал бодлоо солилцож байна. Намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу таван уулзалт тутамд сугалаагаар шодон мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулах дарааллыг тогтоож байгаа. Гурав дахь удаагийн шодолт Өвөрхангайд таарч Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг гэсэн дарааллаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр боллоо.
Энэ үеэр тэднийг хүндэтгэн Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал хэлэхдээ “2016 он аймгийн Ардчилсан намд илүү ихийг сануулсан, дотроо шинэчлэл хийх ёстойг ойлгуулсан сонголтыг ард түмэн хийсэн. Манай намын гишүүд, нэр дэвшигчдээс ирээдүйрүүгээ чиглэсэн асуулт асуун халуун яриа өрнүүлэн ярилцахыг хүсч байна” гэлээ.
Мөн тэрээр нэр дэвшигчдэдээ хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, цагаан идээг барин амжилт хүслээ. Ийнхүү Өвөрхангай аймагт Ардчилсан намын даргад нэр дэвшигчид уулзалтаа хийж, халуун яриа өрнүүлсэн юм.
“ТҮГЭЭЖ” БАЙНА
Ардчилсан намын даргын сунгаа Баянхонгор аймагт үргэлжилсэн. Иргэд гишүүд дэмжигчид заал дүүрэн цугласан, намын ирээдүйн тухай хүүрнэлдсэн халуун дулаан уулзалт болов.
Баянхонгор 116 мянган км квадрат нутаг дэвсгэртэй, 82 мянган хүн амтай аймаг юм. Аймагт Ардчилсан намын гишүүд дэмжигчид харьцангуй олон. Гишүүд дэмжигчид намын даргын сонгуульд оролцох болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлж байсан бөгөөд энэхүү түүхэн сонгуульд оролцох болсондоо бахархалтай байна гэсэн иргэд их байлаа.
Ардчиллыг үүсгэн байгуулалцсан бидний үнэ цэнийг өсгөж намын даргын сонгуулийг бидний оролцоотойгоор хийх болсон нь анхнаасаа л зөв сонголт байлаа гэж намын гишүүд ам уралдан хэлэв.
-Ардчилсан нам бол Монголын үндэсний нам. Бид ардчиллаа удирдуулахаар намын даргын сонголтоо хийх гэж байна. Ардчилсан нам 2012-2016 онд Монголын ард түмэнд бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт, салбар бүрийн хөгжлийг авчирсан. Баянхонгор аймагт уруудсан нэг ч салбар байгаагүй. Дэмжигч гишүүд маань бүгдээрээ мэднэ. Бид үүний гэрч. Харин өнөөдөр нийгмийг авч явах ухамсар үгүйлэгдэж байна. Ардчилсан намд алдаа оноо байгаа учраас бүх гишүүдээсээ даргаа сонгох нь зүйтэй гэж үзээд ийнхүү ажиллаж байгаа нь түүхэн үйл явц юм.
-Намын гишүүддээ зөв сонголт хийхийг уриалж байна. Ардчилсан намын даргын сонгуулийг бүх гишүүдээ хамруулан зохион байгуулж байгаад баяртай байна. МАН хэзээ ч даргаа сонгохоо орон нутгаар явж, газар дээр нь ажиллаж амьдарч байгаа иргэдээсээ санал авдаггүй. Зөвхөн үүнийг л харьцуулахад Ардчилал ямар үнэ цэнэтэйг харуулж байна.
Ардчилал хүн бүрт тэгш байдаг шиг Ардчилсан намын орон нутгийн гишүүд ч намын даргаа сонгодог тогтолцоо таалагдаж байна. Яахав нэг унаж, нэг босч явдаг нь улс төрийн намын битгий хэл амьдралын жам. Тиймээс одоо намынхаа бүх гишүүдэд саналаа идэвхитэй өгөхийг уриалж байна.
-Гишүүдийн үнэ цэнийг мэдрүүлсэн уулзалт болж байгаад баярлаж байна. Намын унаган гишүүд бидний үнэ цэнийг мэдэрч, дотооддоо шинэчлэл хийхдээ ширээний цаанаас шийдээгүйгээр орон нутагт бидэнтэй ирж уулзаж байгаад үнэхээр баяртай байна. Ардчилсан намын гишүүдийн нам болох тухай ярихад л орон нутагт бид нар баярлаж хүлээж авч байна шүү дээ.Одоо орон даяар намын гишүүд маань мэргэн сонголтоо хийж намын даргаа сонгоно. Тиймээс намын гишүүддээ хандан сонголтоо зөв хийхийг уриалж байна.
АН дотроо алдаагаа хэлэлцэж эрүүл зөв тогтолцоотой болохын тулд орон нутгийн гишүүд, идэвхтэн, анхны гишүүд партизанууд, намын анхан шатны үүр хороодод байгаа зүтгэлтэнүүд ийнхүү намынхаа асуудалд оролцох эрхтэй болсондоо баяртай байлаа.
Ардчилсан нам бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох шийдвэрийг 2016 оны арванхоёрдугаар сарын 6, 7-нд хуралдсан VI Их хурлаасаа гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Намын даргын сонгуулийн хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй болж байна. Намын даргын сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах журмыг боловсруулан баталж, тус журмаар аймаг, дүүрэг, сумдад тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн салбар хороо байгуулан ажиллаж байгаа юм.
Улс орны хэмжээнд сонгууль зохион байгуулах 417 нэгж байгуулагдсан бөгөөд салбар хороонд ажиллах намын гишүүдийг сургалтад хамруулсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулж нийт 15 сумын 85 гишүүн оролцов. Энэ удаагийн сонгуулийн онцлог, тойрог хуваарилалт болон санал тоолох аргачлал, зөрчил маргаан хянан шийдвэрлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах талаар нэгдсэн мэдээллийг өгч байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: