Хадам ээжийг “мэрэх”-ээс өөр чадамжгүй болчихсон хошин урлагийнхан
Нийгмийг стресс ядаргаанаас салгаж байгаа хэсэг хүмүүс бий. Тэднийг “хошин урлагийнхан” гэж нэрлэдэг. Хүнд инээд бэлэглэнэ гэдэг өөрөө буянтай ажил л даа. Мөн хэн дуртай нь хүнийг инээлгэж чадахгүй. Тиймээс ч хошин урлагийнхны энэ авьяасыг үнэлж, тэдний хийж буй үйлсэд үргэлж алга ташч урам өгсөөр өнөөдрийг хүрч.
Л.Чаминчулуун, Б.Батзаяа, Д.Батсүх, Б.Туяа гээд л ахмад үеэс Аглуу, Бооёо, Эрдэнэзаан, Мөнхсайхан, Лхагваа нарын үе рүү шилжиж, тэднээс Ганбаа, Сөрөлт, Батаа, Алтаншагай нар залгамж халаа авч, үзэгчдэд инээд бэлэглэсээр байна. Үнэгүй бэлэглээгүй. Тэд авьяасаа худалдаж, түүгээрээ амьдарч байгаа. Тиймээс шинэ содон зүйлс сэдэж, үзэгчид юуг илүүтэйгээр таалж, юунаас илүү их сэтгэл ханамжийг авч байгааг судалж, шинэ шинэ номер тоглолтуудыг санаачилж, түүнийгээ тайзан дээр амьлуулах хэн дуртай хүний хийх ажил биш ээ гэдгийг маш сайн ойлгоод байгаа л даа.
Гэхдээ л манай хошин урлагийнханд нэг дутагдал ажиглагдах боллоо. Хүн л болсон хойно ашиг олохыг бодох байх л даа. Гэвч өчигдөр өгсөн цуйван дээрээ шарсан өндөг тавиад л шинэ төрлийн хоол гэж зардаг жижиг цайны газруудаас ялгагдахгүй үйлчилгээтэй болчихоод байна.
“Шүүмжлэн байж үзэх алба уу” гэж дургүйцэх нэгэн байх. Гэхдээ л өрсөлдөөн шинэ содон зүйл байх ёстой л болов уу. Үзэгчид мөнгөө төлөөд орж байгаа бол түүндээ таарсан сэтгэл ханамжийг авах л ёстой баймаар. Гэтэл номер, үзүүлбэрүүдээс шинэ содон санаа ер ажиглагдахаа больлоо. Хошин урлагийн продакшнууд хоорондоо холилдож, орж гарч байгаагаас биш үзүүлдэг номер, инээлгэдэг өнгө аяс нь хуучнаараа. Хадам ээжийг л хэдэн талаас нь мэрэхээс бус өөр шинэлэг зүйл харагдахгүй л байна.
Тэгснээ хоёроос гурван тоглолт хийчихээд дараа нь “шилдгийн шилдэг” тоглолтоо өргөн барьж байна гэх нь бүр л дургүй хүрмээр. Өмнөх тоглолтууддаа “нэг” л шилдэг номер оруулдаг бололтой юм. Тэгээд тоглолт бүрт орсон нэг нэг шилдгүүдээ цуглуулж байгаад дахин нэг тоглолт нэртэй зүйл зохион байгуулах нь тэр.
Хүмүүс хууртана л даа. Сайхан шилдэг номертой тоглолт үзэх нь гээд л яваад очтол сарын өмнө үзсэн тоглолт дээр зурагтаар үлэг болтлоо үзчихсэн зарим нэг үзүүлбэрүүд ороод ирэх нь тэр. Яг нь өмнө нь сонсчихсон онигоогоо дахин дахин сонсож байгаа юм шиг мэдрэмж төрж, худлаа жуумалзаж суусаар гарч ирнэ л дээ. Юун нөгөө стресс ядаргаа тайлагдах, бүр дургүй хүрч, бөөн бухимдал гэртээ ирж байгаа юм чинь. Дахиад хэлье, хүн инээлгэх хэцүү, гэхдээ л нэг сонссон онигоог дахин дахин сонсож, инээсэн дүр үзүүлж, тайзан дээр “алиалах” та бүгдийг хуурч суухыг хүсэхгүй байна. Хошин урлагийнхны чадамж дуусчаагүй л гэж найдаж байна.
Үндэстэн агентлаг
URL: